Top StoriesЯрилцлага

Т.Билгүүн: “Xaos” фестивалийг үзвэл Венецийн биеннальд очоод ирсэн мэт л санагдана

Тавдугаар сарын 10-20-ны өдрүүдэд "Xaos" фестиваль зохион байгуулагдана.

Үүнд Риоичи Күрокава, Бен Фрост нарын дэлхийн тавцанд нэр хүндээ дархалсан хоёр уран бүтээлч урилгаар оролцож байгаа юм. Эксперименталь хөгжим, визуал арт бүтээлүүдээс бүрдэх цогц фестивалийн хүрээнд амьд тоглолт, үзэсгэлэнгүүд үзэгчдийн хүртээл болох юм.

Наад зах нь технологийн хувьд өндөр хэмжээнд бэлтгэгдэх ёстой ийм төрлийн фестивалийг Монголд анх удаа "Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо" зохион байгуулж байна. Венецийн биеннальд хамгийн анх монгол уран бүтээлчийг оролцуулж, улмаар дөрвөн удаа энэ хүндэт ажлыг зохион байгуулсан туршлагатай хамт олон.

Фестивалийн талаар мэдээлэл авахаар Т.Билгүүнтэй ярилцлаа. Тэрбээр "Xaos" фестивалийг санаачилж, удирдан зохион байгуулж байна. Мөн Playtime наадмын Naaglihats тайз хариуцсан захирлаар 2022 оноос хойш ажиллаж буй.

-Ийм фестиваль зохион байгуулах санаа хэзээнээс төрсөн юм бэ?

-2-3 жил лавтай бодож явсан. Эксперименталь хөгжим, визуал арт чиглэлээр фестиваль хийвэл зориод ирэх хүн цөөнгүй бий гэдгийг сүүлийн үед анзаарлаа. Иймд үзэгчдээ оновчтой тодорхойлж, цаашид энэ чиглэлд татагдан, сонирхдог хүмүүст зориулан “Xaos” фестивалиа жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-Фестивалийн онцлогийг ярилцъя. Очсон хүн юу мэдрэх вэ?

-Эксперименталь хөгжим болон визуал арт голчилсон үзүүлбэр, үзэсгэлэн толилуулагдана. Нээлтийн хүрээнд дэлхийн хэмжээний хоёр уран бүтээлч аудио визуал концерт тоглоно. 10 хоногийн турш медиа үзэсгэлэнгүүд гарна.

Монголд хэдий анх удаа ч хөгжингүй орнуудад ийм төрлийн фестиваль элбэг.

Берлинд “Berlin Atonal” наадам болдог, би их дуртай. Түүгээр жишээлэхэд, үзэгчдийн дийлэнх нь өөрсдөө уран бүтээлч. Тэндээс өөрсдөдөө мөн уран бүтээлийн шинэ сэдэл, урам зориг авч байдаг.

Эксперименталь хөгжим үргэлж таатай сонсогдоод байхгүй болов уу. Учир нь тогтсон хэлбэрээс ангид, цоо шинэ өнцгөөс асуудлыг дэвшүүлдэг.

Тэгэхээр, тодорхой хэмжээнд боловсорсон гэх үү, нээлттэй сэтгэлгээтэй хүмүүст зориулагддаг талтай.

-Эксперименталь хэлбэрийг уншигчдад тайлбарлахгүй юу?

-Туршиж, шинийг эрэлхийлсэн, зоримог хэв маяг. Энэ жилийн Playtime наадамд Даша Раш (Dasha Rush) хэмээх уран бүтээлч ирнэ. Тэр хэдийгээр техно урсгалын DJ боловч, давхар эксперименталь хөгжим хийдэг. Туйлын гүн сонирхол нь эксперименталь хөгжим байж ч магадгүй.

Ер уран бүтээлийн ертөнц ийм шинж чанартай шүү дээ. Зураач хүнээр жишээлбэл: Нэг хэв маягаар, цоо шинэ зургууд зурсаар байв ч нэгэн ижил сэтгэгдэл төрүүлдэг. Харин нэг бүтээлээ, өөр өнцгөөр, шинээр илэрхийлж үзвэл тэсрэлт. Шинэ нь хуучнаа гүйцэхгүй байж болох ч энэ бол зоригтой алхам. Энэ утгаар, экспериментал урсгал урлаг дотроо нэлээд мэргэжлийн, ахиу түвшинд тооцогдох нь бий.

-Мэдээж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хоёр уран бүтээлч урилгаар ирж буй нь анхаарал татаж байгаа. Та тэднийг өөрийнхөө өнцгөөс танилцуулаач?

-Бидний “Xaos” фестивальдаа урьж буй хоёр уран бүтээлч хоёул Венецийн биеннальд оролцож байсан.

Ер гадаадын орнуудаар явж, биенналь, тринналь үзэж байхад нүсэр том мэдиа ажлууд хамгийн их сэтгэл татдаг байсан. Үнэхээр хол тасарчихсан нь мэдэгддэг. Технологийн хувьд ч өндөр шаардлага бүхий. Эх орондоо тийм  хэмжээний уран бүтээлчдийг авчрах сан гэж үргэлж хүсдэг байсан.

Харин сүүлийн жилүүдэд Playtime наадамд ажиллаж, дараа нь “Хархорин” фестивальд ажиллан, энэ талаар тодорхой туршлага хуримтлууллаа. Улмаар итгэл ч төрсөн.

Венецийн биеннальд монгол уран бүтээлч оролцох бол сайхан үйл явдал. Гэхдээ монгол үзэгчид очиж үзэх нь цөөн шүү дээ. Монголоос, мэдээ хараад л өнгөрдөг. Нэг үгээр, Венецийн биенналь монгол үзэгчдээс маань хол зохион байгуулагддаг.

Харин энэ удаа Венецийн биеннальд дэлгэгдэж буй хамгийн шилдэг үзэсгэлэнгүүдээс хоёрыг нь “сугалаад” аваад ирсэн мэт л  санагдах болов уу. Олон хүн үзнэ гэж найдаж байна.

-Риоичи Күрокавагаас эхэлье?

-Японы мультимедиа уран бүтээлч. Аудио визуал уран бүтээл хийдэг. Энэ төрөлдөө, дэлхийн шилдэг гурван артистын нэгээр нэрлэгдэх болов уу. Тэр 2015 онд, Венецийн биеннальд урилгаар оролцож байсан. Энэ нь улсаа төлөөлж оролцохоос ч өндөр нэр хүнд юм.

Лондонгийн “Tate Modern”, Парисын “Pompidou”,  “Palais de Tokyo” зэрэг томоохон галлерейд үзэсгэлэн нь гарч байсан. Mercedes Benz, Lexus зэрэг брэндүүд уран бүтээлийг нь ивээн тэтгэдэг.

Бид энэ уран бүтээлчийг авчрахаар нэлээд хичээн ажиллаж байна. Амаргүй, маш өндөр төсөвтэй ажил болж байгаа.

Түүний “Re-assembli” үзэсгэлэнг үзүүлнэ. “Black Box” театрт тавдугаар сарын 10-20-ны хооронд дэлгэгдэнэ. Нэлээд өндөр технологи бүхий мэдиа үзэсгэлэн гэж ойлгож болно.

Үүний дээр Риоичи Күрокава Улаанбаатар зочид буудлын эвент танхимд “Subassemblies” хэмээх амьд тоглолтоо хийх юм. Маш сонирхолтой уран бүтээлч. Бүтээлүүдийг нь хараад би анх шоконд орж байсан. Эх орондоо түүнийг танилцуулах гэж буйдаа баяртай байна.

-Харин Бен Фростын тухайд. “Dark” цувралын хөгжмийг бичсэн гэдгээр хүмүүсийн анхаарлыг татаж байх шиг?

-Бен Фрост өмнө нь “Хархорин” фестивальд нэг удаа ирж, тоглосон. Маркетинг талаас бид “Dark” цувралыг онцолж буй болохоос, хэдийнэ үүнээс илүүд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч.

Тэр бүтээлээрээ техник, технологийн эрин үе дэх хүний оршихуй, мөн чанарыг төнхдөг.  Шинэхэн цомгоо гаргаад буй. Тавдугаар сарын 11-нд тэр тус цомгийнхоо хэсэг бүтээлийг тоглох юм.

Мөн бид Бен Фростын “A Predatory Chord” үзэсгэлэнг толилуулна. Өмнөн нь Афины Мегарон хэмээх томоохон театрт  нэг удаа гарсан, аудио инстолляц, гэрэл болон бусад техникээс бүрдсэн үзэсгэлэн юм.

Энгийн DJ-ийн өмнө гэхэд баруун, зүүн гэсэн хоёр л хөгжмийн зам явж байдаг. Гэтэл A Predatory Chord үзэсгэлэнгийн хувьд Бен Фрост 42 тусдаа суваг замаар хөгжмөө бичдэг, тэгж зохиомжилдог. Энэ бол асар цогц ажиллагаа. Технологийн хувьд ч төвөгтэй. Материал баазыг нь бүрдүүлэхээр бид хичээж байна.

-Тэдэнд санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?

-Жинхэнэ уран бүтээлчид Монгол шиг баялаг түүхтэй бөгөөд олон улсын тавцанд тэр бүр сонсогдоод байдаггүй оронд дуртай байдаг. Гэхдээ урьсан төдийд ирдэггүй. Урьж буй тухайн байгууллагын түүх, туршлагыг харж үздэг. Хоёрдугаарт, технологийн хувьд бүрэн шаардлага хангаж чадах эсэхийг шалгана. Бид ч чадна гэдгээ батлах ёстой болдог.

Бен Фрост, A Predatory Chord үзэсгэлэн

-Ямар байгууллага “Xaos” фестивалийг зохион байгуулж байгаа талаар уншигчдад танилцуулахгүй юу?

-“Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо”. Хүмүүсийн сайн мэддэгээр “976” арт галлерейг ажиллуулж байсан. Голчлон монгол уран бүтээлчдийг олон улсын тавцанд гаргах, эргээд дэлхийн томоохон уран бүтээлчдийг Монголдоо урих төслүүд дээр ажилласаар ирсэн.

Хамгийн томоохон төслүүдээ дурдъя гэвэл гэвэл дөрвөн удаагийн Венецийн биенналь байна. Монгол уран бүтээлчдээ Венецийн биеннальд оролцуулах ажлыг дөрвөн удаа удирдан зохион байгуулсан. Мөн Ази, номхон далайн триенналь, “Documenta” гэх мэт наадмуудад монголчуудаа оролцуулж байсан удаатай.

Соёлын яамтай хамтран, хамгийн анхны “Art Week”-ийг зохион байгуулж байв. Мөн дүрслэх урлагийн олон нийтэд ойлгуулах, сурталчлахын тулд гэр хороололд “Улаан булан” төсөл хэрэгжүүлдэг.

Миний хувьд 2018 оноос хойш Playtime фестивальд ажиллаж байгаа. 2022 оноос эхлэн “Naaglihats” тайзыг хариуцах болсон.

Риоичи Күрокава, re-assembli audio visual бүтээл

-“Naaglihats” тайз сүүлийн жилүүдэд хамгийн өндөрт үнэлэгдэх болсон. Та ямар үзэл санаагаар ханддаг вэ?

-Тайз амжилттай болохын тулд гурвалжин холбоос бий гэж ойлгодог.

Нэгт, хөгжим.

Хоёрт, визуал дүрслэл болон гэрлүүд. Тэд хөгжимтэйгөө уялдаж байх ёстой.

Гуравт, үзэгчид түүнийг ойлгож, хүлээж авах учиртай (Нийцэл).

Эцэст нь үзэгчид хөгжим бөгөөд гэрэл, визуал дүрслэлүүдийг нэгэн цогцоор мэдэрч чадаж байвал түүнийг амжилттай тайз гэж боддог. “Naaglihats”-ыг энэ талаас нь бодож, сайн уран бүтээлчдийг урьж авчрахыг эрмэлзэж, Голландын инженерийн баг гэрэлтүүлэг болон визуал дээр ажиллуулдаг.

Төв тайзан дээр Cigarettes After Sex тоглож байсан ч “Naaglihats”-т бүжиглэж л байдаг үзэгчид тогтоод буйд баяртай байгаа.

-Үндсэн ямар мэргэжилтэй вэ?

-Санхүүгийн удирдлага. Хэдий дүрслэх урлагийн салбарт ажилладаг ч мөн менежментийн л ажил юм.

-Яагаад урлагт хөл тавьсан юм бэ?

-2011 онд Данид нэг жил амьдарсан. Тэр үед ээж маань мөн л санхүү, бизнесийн салбарт ажиллаж байсан. Гэхдээ нэг л өдөр галлерей нээх бодолтой байгаа тухайгаа надад бичсэн л дээ. Би баяртай дэмжсэн.

Намайг ирэхэд галлерей маань нээгдээд хагас жил болсон байсан. Ингээд өөрийнхөө галлерейд ажилд ороод л, түүнээс хойш урлагтай холбогдсон доо (Инээв).

-Таны хувьд урлаг гэж юу вэ?

-Зарим талаас хийдэг ажил маань болчихсон болохоор арай өөрөөр хүлээж авдаг байж мэднэ.

Эрүүл оршихуй гэсэн ойлголт бий дээ. Зөв хооллох, спортоор хичээллэх гэх мэт. Түүний адил, хүний сүнслэг оршихуйд хамгийн хэрэгтэй зүйлийг урлаг гэж боддог. Сайн бүтээлүүд хүнд шууд хүрч, сэтгэлийн чавхдасыг хөндөж чаддаг. Сайн уран бүтээлүүд мөн нийгмийн тусгал болж байдаг.

Иймд хоол идэхтэй л адил, тогтмол мэдэрч бас таашааж байх ёстой зүйл шиг санагддаг.

-Яагаад фестивалийг “Xaos” гэж нэрлэсэн бэ?

-Хаос (Chaos, англиар) гэдэг үгийг латинаар Xaos гэж бичдэг юм билээ. Бид урлаг гэхээр дандаа романтикаар, эмх цэгцтэй, тогтсон хэлбэртэй хүлээж авдаг. Гэтэл хаос өөрөө бидний бодит байдал юм шиг санагддаг.

Геополитик, хүмүүсийн олон янз ашиг сонирхол зэрэг нийлээд мөнхийн тэнцвэргүй, эмх замбараагүй байдалд бид амьдарч буй. Бидний бодит байдал хаос мөн юм, харин энэ дотроос гоо үзэсгэлэн олж таних, таашаах нь чухал гэсэн санааг баримталж, ийм нэр өгсөн.  

"Зааг" үзэсгэлэн. Ж.Ариунтуяа, Диана Честер.

-Фестивалийн хүрээнд өөр ямар уран бүтээлчид оролцож байгаа вэ?

-Монголын мультимедиа уран бүтээлч Ж.Ариунтуяа бий. Нью-Йоркийн Диана Честер хэмээх уран бүтээлчтэй хамтарч, “Зааг” нэртэй медиа үзэсгэлэнгээ толилуулна.

Говьд судалгаа хийж, үүндээ үндэслэсэн, маш сонирхолтой бүтээл болсон. ХААН галлерейд гарна.

Мөн нээлтийн концертод Nomt, Eid55558.55 хоёр тоглоно.

Нээрэн Марко Чичериг танилцуулахаа мартсан байна. Тэр бол Италийн визуал уран бүтээлч. “Berlin Atonal” наадмын нээлтийн болон хаалтын үзүүлбэр дээр ажилласан хүн л дээ. Маркогийн хувьд Бен Фрост, Nomt болон Eid нар тоглох хооронд дэлгэц дээр визуал перформанс хийнэ.

-Мэдээж асар өндөр зардлаар энэ төсөл хийгдэж байгаа байх. Дэмжигч байгууллагуудаа нэрлэх үү?

-Энэхүү гайхалтай төслийг хэрэгжүүлэхэд дэмжигчээр Монгол улсын Соёлын яам, Германы IFA, Steppe Amusement, Лодойдамба сан, Ancore Event Hall, Хаан Банк Галерей, Black Box Театр, Playtime Festival, Эйр Транс ажиллаж байна.

Үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button