Дэлхийн шилдэг 100 гэрэл зурагчинд багтсан М.Ганзориг: Ихэвчлэн сурталчилгааны зураг дарж ирсэн ч одоо хувийн уран бүтээлдээ төвлөрнө

Дэлхийн мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд томоохонд тооцогдох “35AWARD”-ын “Эмэгтэй хөрөг шилдэг 100 зураг” /RETRATO FEMENINO 100 BEST SINGLE PHOTO/ төрөлд Монгол улсаас “ХАТАН” зураг шилдэг дөрөвт шалгарлаа. Мөн уг зургийг авсан “Урлан” студийн гэрэл зурагчин Миймаагийн Ганзориг нь шилдэг 100 гэрэл зурагчинд багтсан байна.
“35AWARDS” нь гэрэл зургийн бүх төрөлд олон улсын мэргэжлийн гэрэл зурагчдын оны шилдэг 100 бүтээлийг онцлох зорилготой. Шилдгүүдийг шалгаруулахдаа гурван үе шаттай санал хураалт явуулдаг бөгөөд нэрс болон таних тэмдгийг сайтар нууцалж хаалттай байдлаар шалгаруулдаг тул үнэлгээ нь хамгийн бодит болдгоороо өндөр нэр хүндтэйд тооцогддог.
-35AWARD хэр өрсөлдөөнтэй, зэрэг зиндаа өндөр уралдаан бэ?
-Олон улсын нэр хүндтэй гэрэл зургийн тэмцээнүүд бий. Тэдгээрт оролцох гэрэл зурагчдын тоо олон. Энэ уралдааны үндсэн платформ бол ОХУ-аас гаралтай. Түүнд постолж оруулдаг хүмүүс нь 170 орчим улсаас байдаг. Гишүүнчлэлтэй. Шинэ гишүүн нэмэгдэхэд, хуучин гишүүд нь үнэлж, санал өгснөөр хүлээн авдаг зарчимтай. Мөн зургуудыг маань ямар улс, нас, хүйсийн хүмүүс, хэрхэн үнэлж буйг шууд хянаад явдаг. Улмаар, эндээс жил бүр зохион байгуулдаг тэмцээн ч ийм нээлттэй шалгаруулалтаар явагддаг онцлогтой.
Тэмцээнд оролцох эрх нь мөн өмнөх хугацаанд оруулж байсан гэрэл зургууд, тэдгээрт өгсөн үнэлгээнээс шалтгаалдаг. Үнэлгээний явцыг мөн хянана. Ингээд сүүлийн шатанд зочин шүүгчид ажиллаж, шийдвэр гаргана. Жанр жанраар шилдэг 100 гэрэл зураг ба 100 гэрэл зурагчин шалгаруулдаг юм.
Эрэгтэй, эмэгтэй хөрөг ба хүүхдийн зураг, байгалийн зураг, шөнийн зураг гэх мэт жанруудтай. Харин эмэгтэй хөрөг зургийн төрөл гэдэг хамгийн өрсөлдөөнтэй нь.
-Жил бүр уралдаан зохион байгуулаад хэр удаж байгаа бол?
-Бараг арван жил үргэлжилж байгаа байх шүү.
-Та 2024 оны уралдаанд, “Эмэгтэй хөрөг зураг” төрөлд нь эхний дөрөвт жагсжээ?
-Тийм. Би тогтмол зураг илгээж байгаа. Ямар ч байсан өмнө нь “Хийморь” киноны нэг бас постер зургууд маань Staged буюу тавилттай зургийн төрөлд эхний тавд багтаж, тухайн жилийн каталогид хэвлэгдэж байсан.
-Энэ жил та “Эмэгтэй хөрөг зураг”-аас өөр төрөлд давхар өрсөлдсөн үү?
-Нэг төрөлд л. Нэг төрөлд нэгээс олон зураг илгээнэ. Улмаар “Шилдэг гэрэл зурагчин” ангилалд давхар өрсөлдөх боломжтой болдог. Үүгээр мөн шилдэг 100-д багтсан.
-Б.Ихэрсувдыг модель болгосон байсан. Яг уралдаанд оролцох гэж зориуд төлөвлөж дарсан зураг уу?
-Энэ бол багийн ажил юм. HiPay аппликейшний сурталчилгааны зураг авалт. Моделийн хувьд маркетингийн албаныхан шийдсэн.
-Хэдэн онд авсан зураг вэ?
-Түрүү жилийн хавар.
-“Эмэгтэй хөрөг зураг” ангилалд энгийн өнгө аяс давамгайлж харагдсан. Таны бүтээл юугаараа өндөр үнэлэгдлээ гэж харсан бэ. Магадгүй үндэсний хувцас илүү онцлог тусав уу. Гэрэл зурагчны авьяас, чадвар шингэсэн нь жин дарах уу?
-Нэг, хоёр жилийн өмнөх уралдаанд би өөрөө Монголоос шүүгчээр оролцож байсан. Тэгээд шүүгчийн нүдээр гэрэл зургийг дүгнэх тал дээр жаахан суралцсан.
Хамгийн эхэнд, мэргэжлийн түвшинд байна уу, үгүй юу гэдгийг хардаг. Дараа нь зохиомж, үнэхээр дүрслэх урлагийнхаа хувьд хүний анхаарлыг татаж чадаж байна уу. Мөн агуулга нь бусадтай давхцахгүй, өвөрмөц байж чадаж байна уу. Ийм дарааллаар шүүгчид ханддаг юм билээ.
Энэ үүднээс харвал, зурагт мэргэжлийн шалгуур хангагдсан, үүнийг давсан байх. Харин монгол соёл бол Япон ч юм уу Хятад шиг өргөн дэлгэр түгээгүй учраас содон туссан болов уу. Үндэсний хувцсыг гол түлхүүр болсон гэж бодож байна.
-Даруу бусаар хариулахад, үндэсний хувцас байлаа ч таны чадвар нөлөөлсөн гэж бодогдохгүй байна уу?
-Хүн бүрд таалагддаг, таалагддаггүй зураг гэж бий. Зөвхөн өөрт төрсөн мэдрэмжээ л буулгасан, түүнийгээ илэрхийлсэн бол ихэнх хүн ойлгохгүй. Яг миний мэдэрснийг мэдэрсэн цөөн хүн ойлгож магадгүй.
Харин олон улсын уралдаанд тийм зураг барагтай амжилт олохгүй. Сурталчилгааны зураг учраас л олонд хүрсэн гэж бодож байна.
-Сурталчилгааны зураг арваад жил авсан-

-Та хэдэн оноос хойш гэрэл зураг авч байгаа вэ?
-Яг анх сонирхож, гэрэл зураг авч эхэлсэн нь болохоор 2008 оноос хойш. 2008-2011 он хүртэл сонирхогч маягаар явж байгаад, улмаар ерөнхийдөө мэргэшиж гэх үү дээ, ажиллаж эхэлсэн.
-Энэ хугацаанд та өөр ажил хийсэн үү?
-Би анх график дизайнераар ШУТИС-ийг төгссан. Тэгээд 2011 он хүртэл график дизайны ажил голчлон хийж байсан л даа. Хажуугаар нь гэрэл зурагт суралцаж явсан. 2011 оноос харин дагнасан. График дизайны ажил дахиж бараг хийгээгүй.
-Таныг гэрэл зурагчны хувьд үнэлдэг, таньдаг гол ажлууд нь юу байдаг вэ?
-Хүмүүст сайн хүрдэг нь яах ч аргагүй киноны постерууд байдаг.
Маркетингийн ажлын хүрээнд авагддаг. Кино өөрөө том, өргөн бүрэлдэхүүнтэй. Жүжигчид нь ч олны танил хүмүүс байдаг гэх мэт. Тэр зургууд маань олонд илүү танил байх.
-“Хийморь”-иос өөр ажилласан кино?
-Сүүлд хүн бүрийн мэдэж байгаа нь гэвэл “Тамгагүй төр” жүжгийн постер байж болох юм. Ер нь бол “Хийморь”-ийг хүмүүс сайн санадаг. Мөн “Клеопатра” жүжгийн постерыг дарсан. Инстаграм хуудаст маань зочилбол илүү олон зураг бий. Цээжээр нэрлэж төвдөхгүй байна. Нийт 60-аад кинон дээр ажилласан байна лээ.
-Ихэвчлэн арилжааны зураг дээр ажилласан гэж хэлж болох нь ээ?
-Тийм.
-Арилжааны бус, цэвэр уран бүтээлч зорилгоор авсан зургаа олон нийтэд дэлгэж байсан уу?
-Би зураг аваад л фэйсбүүк дээрээ тавьчихдаг юм. Тэгээд тэр дор нь хүмүүс яаж хүлээж авч байгааг ороод харчихдаг. Харин зургийг нэг их хадгалаад байдаггүй юм.
Яах вэ тухайн үедээ төдийлөн үнэ цэнтэй биш ч ирээдүйд үнэлэгдэх баримтат зургууд бол бий.
Уран бүтээлч зургийн тухайд, тухайн үед төрсөн мэдрэмжээ буулгаад л, түүнийгээ тэр дор нь сошиалд тавьчихдаг юм. Ихэвчлэн байгалийн юм уу хөрөг зургууд бий.
Эхэндээ бол хувийн уран бүтээл хөөх гэхээс илүү “Хэн нэгэн надад захиалга өгвөл ямар гоё вэ” гэж мөрөөдөж байгаа шүү дээ. Харин одоо тэр мөрөөдөл биелчихлээ. Бүр захиалгат ажлууд ихэснэ. Улмаар ажлуудаа өөрийн хүслээр сонгож, заримаас нь татгалзаж сурах сан гэж хүсэж эхэлдэг юм билээ.
Яг үүн шиг ажил чамаас хүсэж байна гэдэг. Үнэндээ 100 ажил хийхэд 20 нь хүнд сайн хүрсэн гэж бодьё л доо. Тэгэнгүүт тэр хэдээр нь намайг төсөөлчхөөд яг ийм юм чамаас хүсэж харж гэхээр дарамт болоод хувирчхаж байгаа юм. Тэгэнгүүт би өөрийнхөө бодсноор л гаргадаг. Таалагдана уу, таалагдахгүй байна уу тийм хамаатай биш нөхцөл байдлыг илүү хүсэж эхэлж байгаа. Амьдралаа залгуулдаг үндсэн ажил учраас ажлаа хийнэ. Гэхдээ хувийг нь жаахан багасгаад 50 хувь нь харьцангуй нас дээр гарж байгаа учраас бодсон юмаа гэрэл зургаар илэрхийлэх боломжуудыг эрэлхийлж байгаа гэж ойлгож болно.
-Тэр утгаараа та намар үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байгаа юу, Сурталчилгааны зургуудаа оруулах уу, Хувийн уран бүтээлүүдээ дэлгэх үү?
-Тэр эхлэл нь. Студид бараг 15 жил ажиллачихлаа. Энэ он жилүүддээ тайлагнаад эхний ажлынхаа цэгийг тавих ёстой. Студийн маркетинг миний тайлан болгоод нэг үзэсгэлэн гаргачихна. Дараа нь өөрийнхөө ажлыг 50 хувь танаад, дараагийн үзэсгэлэндээ төвлөрөх бодол бий.
-Тэр илүү хувийн шинжтэй, бүтээлүүд ер нь ямар концевц, ямар урсгал хэв маяг давамгайлна гэж та төсөөлж байна?
-Би гэрэл зургийн олон төрлөөр оролдсон. Анхандаа бүх техникийг туршиж бүх төрлөөр зураг аваад явж байсан. Бүр анх эхлэхдээ би дотогш даруухан учраас хүнтэй харьцах тал дээр асуудалтай, хүнтэй зураг авахаас айдаг. Дандаа амьгүй юмны зураг авна. Яваандаа бага багаар дасаад хүмүүстэй ажилладаг болчихсон. Сурталчилгааны гэрэл зургийн надад өгсөн давуу тал нь сэдвээ олчих, илэрхийлэх арга нь надад бэлэн байдаг. Сурталчилгааны арваад жилийн дадал туршлага байна.
-Уран бүтээлчид захиалгат ажил хийхээрээ торонд байгаа юм шиг санагддаг гэдэг. Хүний санааг илэрхийлэх жаахан төвөгтэй байдаг байх. Энэ дээр та ямар гарцаар 10 жилийг даван туулсан бэ?
-Гоё багтай нийлээд үр дүн гаргаж, тэрийгээ хүмүүст хүрч байгааг нь харах бас гоё. Мөн ойлголцохгүй хүмүүс байх ч нэгэнтээ эхэлсэн ажлыг арга эвийг нь олоод дуусгана. Хүн жаахан ч гэсэн мөрөөдөлдөө хүрчхээр шинэ мөрөөдлүүд араасаа гарч ирдэг. Ядаж л ганц захиалга аваал үзчих юм сан гэж бодож байсан хүн чинь одоо яаж захиалга авахгүй байх вэ гээд бодчихсон сууж байна. Сурталчилгааны гэрэл зурагт алдаа гарахаар багаараа хариуцлага хүлээдэг. Тэр чинээгээрээ илүү зардал, алдагдал хүлээнэ. Ялангуяа киноны постер олон хүний хэдэн сарын ажлын үр дүнгийн тодорхой хэсгийг харуулдаг. Тийм чухал ажил дээр бүх хүчин чадлаа дайчилж ажиллах ёстой.
-Монголоосоо хэний гэрэл зургийг харж урам зориг авдаг вэ?
-“Имж” студийн үүсгэн байгуулагч Ганаа буюу зурагчид Гант ах гэдэг хүн бий. Тэр хүн өөрөө зураач суурьтай байх. Зургууд нь зохиомж, өнгөний хувьд уран зураг шиг харагддаг. Надад ийм болчих юмсан гэсэн мэдрэмж төрүүлдэг байсан.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Турьхан юмаа сах�##� ургуулсан хүүхэн шиг харагдаад бхын
Ха-лх хатан.