Ярилцлага

"Ноорог"-ийн О.Уламсайхан: Бид өнгөрснөө л зарж амьдарна, үнэ цэнтэй байх ёстой. Дайралтууд харин хөгжилтэй санагдаж байна

"Ноорог" медиагийн үүсгэн байгуулагчдын нэг, захирал О.Уламсайхантай ярилцлаа. Тэрбээр энэ салбар дахь залуу удирдагч. Саяхан "Ноорог" эрх баригч намыг шүүмжилсэн гурван контент хийв. Харин Diff Magazine хуудас, Б.Гүнзаяа нарын хүмүүс шууд "Ноорог худалдагдсан, мөнгө авсан" хэмээн нэр цоллож, хамт олных нь зургийг тавин бичлэг цацах боллоо. Тэдгээр нь эрх баригч намын санхүүжилттэй гэж хардагдаж байгаа юм. Түүнтэй ярилцлаа.

-Сонгуулийн үеэр хэвлэлүүд янз бүрээр л ажиллаж байна. Танай редакц юуг баримталж, түүндээ хүрэхээр зорьж байна вэ?

-Улс төрийн үзэл баримтлалаа редакцын бодлогодоо бичсэн хэвлэл цөөн. Манайх дээр “Либерал” гэдэг үг бий. Мөн холбогдох тайлбарыг нь ч оруулж, холбосон.

Үндсэндээ “МАН л биш” гэдэг зарчмыг баримталж буй. Ер нь энэ сонгуулиар МАН дахиад гарах вий гэсэн айдас бий. Харин “Ноорог” бол сонгуулийн үеэр мөнгөний машин. Гэхдээ нэг ч нэр дэвшигч дээр "Ноорог Stories"-оо хийгээгүй. Зочдын болон контентын стандарт гэж бий. Тэгээд ч нэг талыг барьсан болчихно. Иймд хамтран ажиллагч байгууллагуудынхаа нэр хүндийг мөн чухалчилсан гэсэн үг.

Өнгөрсөн зун үерээр харсан дүр зураг, эмзэглэлүүд. Агаарын бохирдлын сэдвийг хөндөхөөр бэлтгэх үеэр ураг бүтэлттэй гарсан мэдээ. Жагсаалын үеэр баригдаж буй хүүхдүүд, цээж рүүгээ өшиглүүлсэн залуу. “Содном гуайн миймдэлт”-ийн залууг байцаасан тухай гээд энэ бүхэн хуралдаад л байсан. Бид сонгуулийн наана өөр төсөлд ажиллаад завгүй байсан. Сүнсээ тэжээх юм хийж амжихгүй, бачимдаж байлаа. Ингээд ажлын бус өдрөөр цуглаж хийсэн нь “Make Up”. Би технологийн компанид зургаан жил ажиллаж байна. Тэр цаг хугацаанд миний дарга, захирал байж, надад итгэл, урам зориг өгсөн хүмүүс МАН-ын жагсаалтад орсныг харж уур хүрсэн, урам хугарсан. Тэгээд өнцгөө тодорхойлж, эрх баригч намын жагсаалтыг шүүмжилсэн.

-"Make Up" эхнийх нь болжээ?

-Тийм. Дараа нь “Өвчин намдаагч чихэр”-ээ хийсэн. Сонгууль дөхөхөөр л бүх юм сайхан болчихсон мэт нозоордог. Төв талбай хөл хөөртэй. Замууд нь засагдаад эхэлнэ. 1072 хувьцааны ноогдол ашиг тарааж, дөрвөн өөр төрлийн халамж нэмээд л. Хэсэг хугацаанд наркозонд оруулж байгаад өнгөрсөн дөрвөн жилийн зовлонг мартуулдаг мэт. Тэгэхээр эргэн сануулах ёстой. Бид сонгуулийн өмнө өвчин намдаах тариа тариулчихсан мэт болоод байна.

Ингээд хэд хэдэн өөр контент үзсэн нь ч нөлөөлж, тэдгээрээс зарим сэдлээ авсан. Манай "Өвчин намдаагч чихэр" дээрх дүрслэл бүр цаанаа илэрхийлэлтэй. Углааштай эмэгтэйгээс болж Ерөнхий сайд огцорсон түүхийг илтгэж, ягаан углааш өмсгөсөн гэх мэт.

-Сонгуулиар ажиллах санал хэр ирж байна?

-Их ээ. Ардчилсан оюутны холбооны сонгууль болж байна, оролцооч, бараг тэргүүн нь болгоод өгье ч гэж хандсан. Багц ажлын санал ирсэн нь олон. Нам, эвслийн хэвлэлийн албанаас холбогдсон.

Бидэнд үзэл баримтлал гэж бий. Үнэндээ Ардчилсан нам дээр жаахан эргэлзсэн. Энэ нам хүчирхэгжих нь Монголд асар хэрэгтэй. Гэвч постерын дизайн дээр ч ойлголцож чадахгүй, үүнийгээ дотоод ардчилал гэж хэлдэг. Энэ намд манлайлал алга. Иймд бид аль ч саналыг хүлээж аваагүй. Зөвхөн мэдээллийн хамтрагчаар ажиллах санал ирсэн ч аваагүй. Бизнес утгаараа тэнэг л байх. Гэхдээ манайх мэдээний сайт ч биш шүү дээ. Тайлбарлах, өнцөгтэй, хурц байх нь бидний онцлог.

-Танай эхний контент гарсны дараа Diff Magazine гэж хуудсаас шууд сөрөг дайралт хийж харагдсан?

-Эхэлж Б.Гүнзаяа бичлэг хийсэн. Дараа нь Diff Magazine. Ээлжилж байна лээ.

-Одоо тэр сэдэв рүү оръё. Diff Magazine бол жилийн өмнө дууны бичлэг байршуулдаг л хуудас байж. Тавдугаар сард зарагдаад, улс төрийн контент руу оржээ?

-Харин тийм. Б.Гүнзаяа ч арьс арчилгаа, гоо сайхан ярьдаг байж байгаад сарын өмнөөс улс төр лүү орлоо. Үзэгчид нь түүнээс улс төр хүлээдэггүй учраас үзэлт ч бага юм. Нөгөөх нь дууны хуудас худалдаж авсан байсан. Одоо артистуудаас зохиогчийн эрхийг нь аваад, дуун дээр нь өрсөлдөгч намаа “зодох” дүрс эвлүүлж байх шиг байна. Маш харамсалтай.

Хар пиарын зарим нь бодит биш, гүтгэлгийн шинж чанартай.

Би хувьдаа тэднийг үнэн итгэл үнэмшилтэй гэж бодохыг хүсэж байна. “Фантастик”-ийн цаана Женко байгаа гэдэг худал, Б.Тамир өөрөө МоЯ юм байна лээ гэдэг шиг. Гэхдээ өөрийнхөө нүүр царай, дуу хоолойг ашиглан хийж буй зүйлдээ ийн хандах нь ер боловсролын түвшинг л илэрхийлж буй. Төөгөө (Т.Саруултөгс) үнэндээ БЗС-гийн асуудалд огт хамаагүй. Атал түүнийг энэ сэдэвт, АН дээр нааж, эвлүүлээд л байх юм. Батлагдаж, нотлогдоогүй зүйл олон харагдсан. Яах вэ, энэ арга хэрэгсэл их сайн ажилладаг. Шүүлтүүртэй хандаж сурсан, рациональ сэтгэлгээтэй хүмүүс бүгдийг ойлгож байгаа байх. Бидэнд бол алдах зүйл үгүй.

Гэхдээ мөнгө авсан, худалдагдсан гэж гүтгэж байна. Үүнд нь цагдаад өгөх боломжтой. Улстөрч хүн бол шүүмжлүүлэхээ, гүтгэлэгтэй нүүр тулахаа зөвшөөрөөд энэ салбарт орж буй. Улстөрчдөд шүүмжлэл, гүтгэлгийн эсрэг заргалдаж явах эрх үгүй.

Харин бидэнд “Хараат бус” гэдэг онцлогоо хадгалж үлдэх гэдэг бизнесийн том үнэ цэн бий. Үүнд маань халдаж байгаа учраас гүтгэлэг болно. Цагдаад өгөөд ч шийдэгдэх магадлал бага л даа. Гэхдээ юутай ч өгсөн нь дээр гэж хуульч найзууд маань зөвлөж байна. Биднийг 2-3 сувгаар ээлжлэн "зодож" байна. Гэхдээ хүмүүс тэднийг нэг их тоохгүй юм шиг байна.

-Цаад хүмүүсийг нь хэр судлав. Ил тод МАН-аас гэдэг илэрхийлэмж байхгүй?

-Diff Magazine дээрх Н.Лхагвабаяр бол Социал демократ Монголын оюутны холбоонд удирдах албан тушаал хашдаг. Энэ МАН-ын шууд удирдлагын байгууллага. Б.Гүнзаяа нь МАН-ын бөгөөд НАМЗХ-ны гишүүн. Энэ хангалттай зүйл хэлнэ.

-Танайхыг Ардчилсан намтай хамтарч байна гэж харах хэсэг бий болчихлоо. Үүн дээр хариулт өгөөч?

-Бид МАН-ын л эсрэг. Харин өөр намтай хамтарч ажиллаагүй, бусдыг нь магтаагүй. Зүгээр л Монголд сөрөг хүчин байх ёстой гэдэг байр суурь юм. Ардчилсан намд либерал бус хүн олон. Тэднээс социал демократаа ойлгосон, үүндээ үнэнч хүмүүс нь дээр л дээ.

Тусгаар тогтносон, ардчилсан улс оронд, сонгуулиас хэдхэн хоногийн өмнө А.Лукашенко айлчилж ирлээ. Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүний өөрчлөлт, сүүлийн гурван жилд ХЗДХЯ-нд солигдсон албан тушаалууд гээд энэ бүхнийг анзаарвал биднийг нэг зүйлд хөтөлж байна. МАН намаа, мөрийн хөтөлбөрөө, залуу нэр дэвшигчдээ голчлон ярих байтал зөвхөн Л.Оюун-Эрдэнийг л онцолж байна. Нэг хүнийг тахин шүтэх, тоталитар дэглэм рүү явах гээд байгаа юм биш үү. Надад ийм хувийн айдас бий.

-Тэгэхээр хамтын ажиллагаа үүсгээгүй?

-Үүсгээгүй. Гурван бичлэгийн санхүүжилтийг “Ноорог” өөрсдийн бизнес орлогоор босгосон. Хэрэглэгдэхүүн бүрийн гуйхыг нь гуйж, худалдаж авахыг нь авч бэлтгэсэн. Аль нэг нам эвсэл санхүүжүүлсэн бол илүү гоё хийх боломжтой. Тааралдсан ягаан углаашаа авахгүй л дээ. Яг тэр эмэгтэйн өмсөж байсантай ижил углаашийг хайж олно. Бас хурдан ч хийнэ, ингэж удахгүй.

-Цаашид энэ асуудалд яаж хандах вэ?

-Цагдаад өргөдөл гаргах бодол байна. Мөн "Cancel Culture"-ийн нэг том хөдөлгөөн эхлүүлэх төсөөлөл бий. Яг бодитоор нөлөөлж чаддаг хөдөлгөөн. Тусдаа суваг ажиллуулж, магадгүй тэр нь олон нийтээс санхүүждэг байна. Тэгвэл бид нэр нүүрээ, итгэл үнэмшлээ худалдсан хүмүүсийг дахиж мартахгүй. Нөгөө талаар Сексцагаанбогд мэтийн хүмүүстэй хамтарч ажилласан ямар ч брэндтэй "Ноорог" өөрөө хамтрахгүй хэмээн зарлая гэж бодож байгаа. Бусдадаа ч мөн уриалъя гэж. Худалдагдаагүй инфлүисрүүд Монголд олон. Үнэт зүйл нь хэдэн цаасаа давчихдаг тийм хүмүүс нэгдчихвэл жинхнээсээ энэ тал дээр бойкот хийж чадах юм шиг санагддаг.

-Хохирол байна уу. Редакц нэг алдаа гаргахад л багийн бүх гишүүдэд хүнд тусдаг. Гэтэл хэд хэдэн тусдаа сувгаар, нэрээ, редакцаа дурдуулан гүтгүүлэх өөрт чинь болон танай хамт олонд яг ямар байна вэ?

-Надад хөгжилтэй байгаа. Манайханд ч гэсэн.

Магадгүй хатуу аргументээр няцаасан, хүн үзээд “Өө, нээрэн “Ноорог” худалдагдсан нь үнэн юм байна” гэж ойлгохоор бичлэг хийж байгаа бол хүнд цохилт авах байсан байх. Эсвэл илүү сонирхолтой болно л доо. Тэгэхгүй, “Ноорог” худалдагдсан, учир нь Л.Гантөмөр охиндоо зээл өгсөн” гээд байхаар болохгүй байгаа биз дээ (Инээв).

“Ноорог”-ийг үздэггүй ч тэр бичлэгүүдийн доор биднийг дэмжиж байгаа хүмүүс их урам зориг өгч байгаа. Өчигдөр С.Цогтбаяр ах зураг зурж, биднийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Үүнд их урам авсан. Тэр хүний итгэлийг алдахгүй юм сан. Тийм хүмүүс байгаа учраас ч бид илүү нягт ажиллаж байгаа байх гэж боддог.

-Ер нь үндсэн мэргэжил юу вэ. Яагаад энэ салбарт орсон юм бэ?

-Намайг боловсролгүй гэж ойлгуулах оролдлогууд явж харагдана.

Би их сургуулиа дундаас нь хаясан. Сүүлийн зургаан жил яг хөдөлмөрлөж байна. Технологийн том компаниудад дижитал маркетингийн чиглэлээр ажилласан. МУИС-ийн Улс төр судлалын ангид суралцаж байсан л даа. Гадагшаа сурах зорилготойгоор. Энэ ажлаа хөөцөлдөж, хэлний оноогоо авсан ч ажиллаж эхлээд, зогсоож чадаагүй.

Медиа руу орсон суурь маань мэтгэлцээн байсан. Есдүгээр ангиасаа хойш мэтгэлцээнээр хичээллэж, Монгол дахь мэтгэлцээний анхны Азийн аварга болсон. Австралийн Хөдөлмөрийн яамны дэд сайдтай ч тухайн үед мэтгэлцэж байсан. Судалгаа хийх, шүүмжлэлт болон моментын сэтгэлгээ хөгжүүлэх гээд олон чадварт суралцдаг. Энэ бүхэн маань нийлсэн.

“Ноорог” анх продакшн үйлчилгээ үзүүлдэг компани байв. Сүүлдээ медиа салбарт хөл тавьсан. Ийм хэлбэрээр ажиллаад одоо хоёр жил болох гэж байна. Хөнгөн биш нухацтай сэдэв хөнддөг медиа дундаа хандалт хурдан тогтоож, 100 мянган дагагчтай болсон. Энтертаймент бус сувгууд дундаа энэ бол хурд. Одоо хэвлэл мэдээллийн суваг болоход ойртож байх шиг санагддаг. Вэб маань хийгдэж байна.

-Дипломтой болохгүй бол болохгүй л гэдэг сэтгэлгээ бий. Яагаад эрт ажил хийсэн юм?

-Хүмүүс дипломтой болохгүй л бол Монголд амьдрахгүй гэж бодоод байдаг. Гэхдээ би технологийн компаниудад дандаа удирдах албан тушаалтны урилгаар, ажлын саналаар ажиллаж байсан. Дипломгүй ч гэсэн болдог юм билээ. Өөртөө үүсгэж буй брэндинг, салбартаа хийж буй зүйлээ харуулж, баталж байгаа байдал үүнд илүү нөлөөлдөг байх. Диплом биш. Ажлаа л сайн хийх чухал. 2-3 сургууль төгссөн ч нэг минут логиктой зүйл ярьж чадахгүй хүмүүс байна шүү дээ.

-Гэр бүл яаж хүлээж авсан бэ?

-Анх сургуулиасаа гарахад “Сураач ээ, бараг хог дээр гарлаа” гэж байсан. Зөв л дөө, нийтлэг сэтгэлгээ ийм. Гэхдээ явц дунд итгэл үнэмшил нь төрсөн байх. “Миний хүү чадах юм байна” гэж итгэсэн. Харин иймэрхүү дайралтад өртөх, өөрөө хурц характертэй учраас шууд үзэл бодлоо илэрхийлчих зарим үед “Болиоч, хүнийг тэгж хэлээд байхдаа яадаг юм” мэтээр зөвлөдөг (Инээв).

-Одоо өөрөө цалин тавьдаг хүн болсон. Хамгийн хүнд үе хэзээ байв?

-Эхний хагас жилд цалингаа их хоцроосон. Учир нь брэнд үүсгэх гэж маш их үнэгүй контент хийсэн. Өндөр нөлөөлөл бүхий хүмүүс болон ТББ-уудад үнэгүй бичлэг хийж өгсөн. Дөрвөн бичлэгийн бараг гурав нь үнэгүй явсан. Тухайн хүн нь сонирхолтой, өгөөжтэй учраас.

Продакшн үйлчилгээ үзүүлэх ажлаар л цалингаа болгож байсан. Дараа нь цалингаа хоцроохоо больтол татвар, нийгмийн даатгалтай нүүр тулсан. Одоо л нэг ашигтай ажилладаг болж эхэлж байна. Гэхдээ эргээд бүгдийг нь контентдоо зарж, адаглаад бүүстэлж байна. Бүүстлэх муухай, сөрөг гэдэг ойлголт бас бий болчихжээ, тийм биш шүү дээ. Дижитал маркетингийн чухал зэвсэг. Шалих зардал ч бас биш.

-Энэ салбарт цалин, хөдөлмөрийн үнэлэмж бага байж ирсэн нь олон сөрөг зүйл рүү дагуулсан. Хэдэн төгрөгийн цалин өгч чадаж байна?

-Хамгийн ихдээ 2.5 сая. Дадлагажигч маань хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Хүн цалингүй ажиллуулж үзээгүй. Дээр нь, хүмүүс цалингаа өсгөж л “Ноорог”-т орж ирдэг. Орж ирээд цалин нь хурдан өсдөг. Бид харьцангуй цөөн бүтээлийг чанартай хийдэг. Одоо зөвхөн хамтын ажиллагааны зардлаар цалингаа тавьдаг болсон.

-Бизнес хамтын ажиллагаагаар олсон мөнгөөрөө цалингаа тавьдаг болсон?

-Тийм. “Ноорог” дээрх хамтын ажиллагааны санал хүлээгддэг хэмжээнд очсон. Амжихгүй болж ирсэн. Үүндээ сэтгэл хангалуун байгаа.

-Үүсгэн байгуулагчид дунд өөрөөс чинь өөр хүн бий юү?

-Мэдээж байгаа. Санхүүгийн салбарын хүн анх хөрөнгө оруулсан л даа, бидэнд. Ямар ч улстөрийн холбоогүй хүн. Энэ нь ч биднийг хараат бус ажиллахад том нөлөө үзүүлсэн.

-“Ноорог”-ийг хэвлэл мэдээллийн байгууллага гэх юм уу, пиар агентлаг гэх үү?

-Их төвөгтэй юм билээ. Пиар ажил дийлэнх. Мэдээлдэг нь цөөн. Би бол Social Impact Media Channel гэж нэрлэнэ. Цаашид агентлагийн түвшинд ажиллах төлөвлөгөө байна.

-Яагаад либерал үзэл баримтлал вэ?

-Есдүгээр ангиасаа улс төрийн номууд уншиж, анализ хийж, харьцуулах хэрээр энэ итгэл үнэмшил бий болсон. Мэтгэлцэх зорилгоор судалж, уншсан зүйлсээс маань тогтсон. Мэтгэлцэхэд аль аль талаа л судална шүү дээ. Ингээд улс төр судлал руу орсон. Багш нарын ихэнх социал демократ байдаг ч чих зүрхэндээ энэ үзэл баримтлалыг тээдэг нь мэдрэгддэг.

-Монголоос хамгийн либерал хүнийг нэрлэвэл хэн бэ?

-Хэцүү л дээ, гэхдээ Н.Амартүвшин байна. Түүнийг оюутан байхаасаа мэднэ. А.Мөнхбат, Н.Хасар гээд нэгдмэл бөгөөд либерал ах нар бий. Нэг үеэ бодоход гоё либералистууд бий болсон. Улс төр судлаач Ц.Чинбат таалагддаг.

-Энэ үйл явдлыг ер нь хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа гэх үү. Нэр хүндэд халдлаа гэх үү?

-Нэр хүндэд халдсан үйл явдал. Гол нь улс төрийн медиа манипуляци гэмээр. “Өөрсдийгөө цагаанаар будаж чадахгүй нь. Тэгэхээр нөгөө талаа хараар будъя” гэдэг логик. Гэхдээ хараар будаж чадахгүй байна л даа. Манай дансанд АН-аас ямар ч гүйлгээ орж ирээгүй юм чинь.

-Алдчих вий гэсэн айдас байдаг уу?

-С.Цогтбаяр ах дээр жишээ авъя. Ийм хүмүүсийн итгэлийг алдчих вий гэсэн айдас бол байгаа. Намчин залуу болоод дуусчих вий, үнэт зүйлээ худалдчих вий, ийм нэр зүүх вий. Тэр хүмүүсийн бидэнд өгсөн итгэлийг үнэлж баршгүй. “Ноорог” ажлын зар тавихад, ер тавиагүй байсан ч ханддаг, цалингүй ч хамаагүй ажиллая гэдэг хүүхдүүдийн өмнө үнэт зүйлээ алдах бол хайран.

-Харин алдаа хийх тухайд. Хэт туйлширч, өөрийгөө сумлаж явсаар алддаг даа?

-Би бол “Ноорог”-ийн үйлчлэгч. Өмнө нь олон сайн захирлуудтай ажиллахдаа үлгэр дуурайл авч, суралцсан. Захирал хүн үйлчлэгч байх ёстой гэдэгт. Багийнхан чинь хог цэвэрлэж байгаа бол дунд нь ор. Ядарсан ажилтныхаа нурууг нь барьж өг. Үүнээс нэг баг гэдэг ойлголт үүсдэг. Хоёрдугаарт, хамт олон чинь хүссэн үгээ хэлж, илэрхийлж эхэлдэг. Намайг редакторлах боломж бий болно. Энэ байгаа цагт гайгүй байх.

-Хамт олныхоо үгийг сайн сонсдог?

-Намайг шүүмжлэх юм уу шоглохын тулд л захирал гэж дууддаг. Найзууд маань ч шударга хүмүүс. Тэнэгтээд байвал хэлчихдэг хүмүүс бий.

-Шүүмжлэлийг нээлттэй хүлээж авдаг байх нь?

-Авна аа. Өчигдөр Б.Гүнзаяа, Н.Лхагвабаяр хоёр луу дунд хуруу гаргаж бичлэг хийсэн чинь “Энэ илүүдчихжээ” гэж хэлсэн. Илүү л байсан байх. Миний характер тийм л дээ. Би тийм соёлтой ч хүн биш.

-Ер нь ямар хүн болъё, юу хийе гэж боддог юм бэ?

-Миний мөрөөдөл технологийн компани руу л чиглэдэг. Харин медиа салбарт бол Монголоос нөлөөлөгч бий болгомоор байгаа. Англи хэл дээр контент хийж, олон улсын зах зээлд хамтын ажиллагаа үүсгэж чаддаг медиа бүтээх. Харин миний зорилго яах аргагүй технологийн салбарт бий. Маркетингийн чиглэлээр технологийн компани хамтран үүсгэн байгуулах, хөдөлмөрлөх зорилготой.

-Энэ юуны төлөө юм бэ?

-Худлаа хэлэхгүй, өөрийнхөө төлөө. Харин өөрийнхөө төлөө байх нь бусдад хэрэгтэй байх ёстой. “Ноорог”-ийг хогийн юм руу оруулахгүй гэдэг зарчим угтаа манай багийнхны өөрсдийнхөө төлөө л хийж байгаа зүйл. Дараа нь энэ үнэ цэнээ зарж амьдарна. Хүн өнгөрснөө л зарж амьдарна биз дээ. Тэгэхээр өнгөрсөндөө сэтгэл хангалуун байх хэрэгтэй.

-Нэгэнт ярилцлага өгснийх, хэлмээр юм?

-Олон сэдвээр ярилаа. Нэг зүйл санаанд орж байна. Удахгүй бичлэг болгох юм. Намуудын пиар, мэдээллийн урсгал, тэдгээрийн мессежээр ямар муухай, новшийн нийгэмд амьдраад байна вэ гэдэг сөрөг уур амьсгал л түгж байна. Гэтэл олон гоё хүмүүс, эерэг үзэгдлүүд бий.

Сонгууль бол урьдач суурь нөхцөлийг л бэлдэнэ. Сонгууль бидний амьдралыг сайхан болгохгүй. Харин бид өөрөө өөрсдийгөө сайхан амьдруулна. Төрийн дэмжлэгтэй, дэмжлэггүй явж байгаа олон залуус бий. Монголчууд чадаж байгаа. Энэ кэйсүүдийг илүү олж хараарай, хөгжил ойр шүү, суурь сайн нөхцөл, эдийн засгийн баталгаатай байхад ирээдүй гэрэлтэй гэдгийг илэрхийлмээр байна. Улстөрчдийн ялахдаа ашиглаж буй тактик л энэ болохоос бид тийм ч муу, муухай амьдраагүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 14, 2024 10:30

Бас арай л хэтэрхий дайрч байгаа шүү, сонгууль өнгөрхөөр яаж уулзах нүүр юм болоо гэж бодмоор

Зочин
Зочин
6 сар 14, 2024 10:31

Сайхан ярилцлага өрнүүлсэн Tengis Mendjargal-дээ баярл�##�аа

Зочин
Зочин
6 сар 14, 2024 10:32

Би Монгол хүний саруул ухаанд итгэсээр л байгаа…
Unumunkh Jargalsaikhan Namuun Bolor Ulamsaikhan Otgon нээх гоё цэвэр агаар шиг мундаг з�##�уучууд шүү ❤️

Иргэн
Иргэн
6 сар 14, 2024 10:41

Нэг намын дарангуйл�##� тогтоод буй, энэ удаагийн сонголтоо мэргэн хийхгүй бол ард түмэн бид улам л хэцүүднэ.

Зочин
Зочин
6 сар 14, 2024 16:32

amjilt

Ооо
Ооо
6 сар 23, 2024 10:21

Боловсрол, мэдлэггүй хүүхдүүд сайт нээх ийм аюултай Ардчилсан нэм гархаараа яаж идэж ууж АНУ руу зугтаадаг гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button