НийгмийнСПОРТ

81 настай Т.Цэрэндолгор Азийн АШТ-ий хоёр төрөлд түрүүлэхдээ хоёуланд нь дээд амжилт тогтоов

Хөнгөн атлетикийн 21 дэх удаагийн ахмадын ДАШТ Малайз улсад үргэлжилж байна. 29 орны 3000 орчим тамирчин оролцож буй тэмцээний 85-89 төрөлд 400 метрийн зайд хурд сорьсон дэлхийн аварга Ц.Раднаа 81.82 секундийн амжилтаар түрүүлж, Азийн аварга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

85 настай Ц.Раднаа Азийн АШТ-ээс дөрвөн алтан медаль хүртжээ

Одоогоор манай тамирчид тус тэмцээнээс зургаан алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Тэднээс 85 настай Ц.Раднаа дахин гурван төрөлд (200 метр, 80 метрийн саадтай гүйлт, гурвын харайлт) түрүүлсэн бол Г.Наранцэцэг (бөөрөнцөг түлхэлт), Ж.Түмэнжаргал (зээрэнцэг шидэлт), Д.Ариунжаргал (5000 метр), Д.Дамдинжав (5000 метр), А.Цогзолмаа нар мөнгө, Д.Одончимэг (бөөрөнцөг түлхэлт), Э.Хүүхнээ (өндрийн харайлт), Ц.Нэргүйбаатар (зээрэнцэг шидэлт) хүрэл медалиар энгэрээ мялаав.

Тэгвэл тодотгом сайхан амжилтыг Гавьяат тамирчин, 81 настай Т.Цэрэндолгор гаргаж байна. Энэ жил 81 насандаа Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан тэрбээр жад шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд түрүүлж, Азийн аварга болов. Тэгэхдээ хоёуланд нь Ази тивийн дээд амжилтыг шинэчиллээ.

81 НАСАНДАА ГАВЬЯАТ ТАМИРЧИН БОЛСОН ТӨМӨРБАТЫН ЦЭРЭНДОЛГОР

“80 нас хүрэхээрээ юу хийж бүтээн, бусдад үлгэрлэж чадах вэ” хэмээн өөрөөсөө асуув, ер нь хэрхэх бол гэж нэлээд бодлоо, би. Энэ асуултыг уншигч та бүхнээс ч бас асууя. Олонх нь “Хийдгээ хийчихсэн, гавьяаныхаа амралтыг эдэлнэ” хэмээн хариулах болов уу. Тэгвэл хөнгөн атлетикийн тамирчин Төмөрбатын Цэрэнндолгор гуай амжилт, амьдралын хэв маягаараа спорт зөвхөн залуу насны ажил биш, нас бол тоо гэдгийг баталж явна.

АЗИЙН ГУРВАН ДЭЭД АМЖИЛТЫН ХОЁРЫГ НЬ 22 ЖИЛИЙН ДАРАА АХИУЛСАН

Өдгөө 81 настай тэрбээр энэ жил Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан. Өнгөрсөн жил Тайландад болсон олон улсын тэмцээнээс гурван алтан медаль хүртэхдээ Азийн гурван дээд амжилтыг шинэчлэн, өдгөө эзэмшиж байна. Түүний таван метрээр ахиулсан жад, зээрэнцэг шидэлтийн амжилт шинэчлэгдээгүй 22, бөөрөнцөг түлхэлтийнх зургаан жил болоод байсан юм билээ.

Ч.НАЙДАН БАГШИЙН ШАВЬ

Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат тэрбээр Хүн, эмнэлгийн техникумын нэгдүгээр дамжаанд сурч байхдаа 1964 оны олимпын наадамд тугчаар оролцсон Ч.Найдан багшийн шавь болжээ. Хөдөөнөөс ирээд удаагүй, бүрэг ичимхий байсан түүнд анхандаа өмсгөл өмсөх шиг хэцүү юм байгаагүй гэдэг. Хичээлийн хажуугаар ачаалалтай бэлтгэл хийх амаргүй, үе үе шантарна. Багшдаа “Больё” гэхээр “Сургуулиас хасна шүү” гэж айлгана. Нээрэн л хасчих юм байхдаа гэж айгаад л бэлтгэлээ хийж. Тухайн үед Нийгэмлэгийн АШТ-д түрүүлсэн нь түүнд маш их урам өгсөн. Сарын дараа болсон оюутан, залуучуудын анхдугаар наадамд түрүүлж, улсын дээд амжилт шинэчилснийхээ дараа хөнгөн атлетикаар тууштай хичээллэхээр шийджээ.

Сургуулиасаа хасагдчих вий гэж айсандаа хичээллэж байсан түүнд өндөр амжилт гаргах боломж, нөөц байгааг ухааруулсан. Тухайн үед Т.Цэрэндолгор гуай 18 настай байлаа. 

Сургуулиа төгссөний дараа тухайн үеийн “Алдар” нийгэмлэг (өдгөө спорт хороо болсон)-ийн тамирчин болсон. Тэнд Ч.Найдан багшийн удирдлагад бэлтгэлээ базаан, тэмцээнд оролцдог байлаа. 1961 онд БНАСАУ-д болсон социалист орнуудын армийн тэмцээнд бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн нь гадаадын дэвжээнд гаргасан анхных нь амжилт.

УЛСААС ӨГСӨН ДААЛГАВРЫГ БИЕЛҮҮЛСЭЭР ЭХ ХҮНИЙ ЖАРГАЛЫГ ЭДЭЛЖ ЧАДААГҮЙ

Т.Цэрэндолгор гуай залуудаа олон улсын тэмцээнд дөрвөн удаа өрсөлдөхдөө гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Тэрбээр хөнгөн атлетикийн спортоор тууштай хичээллэх, амжилт гаргахын төлөө амьдралаа 180 градус эргүүлсэн эрхэм. Тамирчин хүн чамгүй олон зүйлийг золиослон, хувийн амьдралаа хойш нь тавин байж амжилтад хүрдэг. Нөгөө талаар улсаас тухайн үеийн тамирчдыг хүүхэд төрүүлэхийг хориглодог байлаа. Т.Цэрэндолгор гуай хоёр ч удаа үр хөндүүлсэн гэдэг. Энэ тухай тэрбээр “Залуу байхад тэмцээн, уралдаан амьдрал гэсээр үрийн зулай үнэрлэх сөхөө гараагүй. 25 насандаа спортын мастер цолны болзол хангасныхаа дараа “За одоо болно, үр хүүхэдтэй болъё” гэтэл хэтэрхий оройтсон байж, хожим ухаарсан юм билээ. Хүүхэд дахиж олоогүй. Залуу байхад үр хүүхэдтэй болж, эх хүний жаргалыг эдэлсэн бол гэж боддог, харамсдаг байлаа. Одоо эгч, дүү нарынхаа хүүхэд, зээг нь хараад сэтгэл сэргэдэг, тэр талаар аль болох бодохгүй, сэтгэлээ үймүүлэхгүй байхыг хичээдэг” гэсэн.

64 НАСАНДАА СПОРТООР ДАХИН ХИЧЭЭЛЛЭСЭН

Т.Цэрэндолгор гуай улсын дээд амжилтыг 18 удаа шинэчлэн, амжилт ид гаргаж явахдаа амьдрахын эрхэнд спортоосоо хөндийрсөн. 1975 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөн, ХААЯ, ХААИС-д ажиллаж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарчээ. Бие нь чилээрхэн, “Юу хийх вэ” гэж нэлээд бодож. Тэгээд 64 насандаа спортоор дахин хичээллэжээ. Хэдхэн өдөр бэлтгэл хийгээд үр дүн нь шууд гарсан, бие өвдөхөө больсон гэнэ лээ.

ДАШТ-ий 25 МЕДАЛЬТАЙ

81 настай Т.Цэрэндолгор гуай өдгөө дөрвөн жилд нэг удаа болдог ахмадын дэлхийн наадам (мастерсын олимп хэмээн үнэлэгддэг)-ын алт, мөнгө тус бүр тав, дөрвөн хүрэл, ДАШТ-ий найман алт, 11 мөнгө, зургаан хүрэл, Азийн АШТ-ий 13 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл, олон улсын тэмцээний 30-аад медаль хүртээд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button