Сурвалжилга, Нийтлэл

ТАНИЛЦ: Монголын анхны ЗӨӨГЧ РОБОТ тантай мэндэлж, “Сайхан хооллоорой” гэж хэлнэ

Хиймэл оюун ухаан, техник технологийн эрин зуунд хүний хийдэг олон ажил мэргэжлийг роботоор орлуулж болох тухай эрдэмтэд ярих болсон. Энэ нь аль хэдийнэ биеллээ олж, нэг ч ажилтангүй үйлдвэр, супермаркет тэргүүтэй албан байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг  жишээ олон. Харин нөгөө талаар, “Японд ийм робот хийгдсэн гэнэ, Хятадад тийм робот ашиглалтад орсон аж” хэмээн өөр зуураа ярилцах бидний дунд энэ салбарт дэлхийн жишгээс хоцорч байх шиг мэдрэмж төрдөг нь нууц биш.

Тэгвэл, өндөр хөгжилтэй орнууд дахь үйлчилгээний байгууллагын орчин үеийн жишгийг нэвтрүүлсэн “Хүнрү” ресторан Монголын хамгийн анхны зөөгч роботыг оруулж ирээд байна. Тэр үйлчлүүлэгчидтэй мэндэлж, хоолыг нь зөөж авчрахаас гадна, “Сайхан хооллоорой” хэмээн эелдгээр хэлж чадна.

“Хүнрү” робот рестораны танхимд тусгайлан зассан замын дагуу хөдөлдөг бөгөөд, ширээ бүрт хамгийн багадаа 10-15 секундын дотор хүрэх боломжтой аж. Зай хураагууртай, цэнэг нь дуусах үед цахилгаанд залгаж эрчим хүчээр хангадаг. Хүзүүндээ дэгжин алчуур зүүсэн “Хүнрү” үйлчлүүлэгчдэд шөлтэй, халуун хоолыг нь цалгиулж асгалгүй түргэн хугацаанд авчирч байгаа нь харагдана.


-ЗӨӨГЧ РОБОТЫГ ҮЙЛДВЭРТЭЙ НЬ ГЭРЭЭ ХИЙЖ, БНХАУ-ААС ОРУУЛЖ ИРСЭН-

Бид “Хүнрү” хот пот рестораны үүсгэн байгуулагч Б.Бат-Оршихтой цөөн хором ярилцлаа. Тэрбээр энэ чиглэлээр 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй туршлагатай бөгөөд, уг ресторан үүд хаалгаа нээгээд 14 хонож байгаа юм байна.

-Монголд анхны зөөгч робот ажиллаж эхэлсэн тухай мэдээ нийгмийн сүлжээнд ихээхэн түгж байна. Тус роботыг ямар улсаас оруулж ирэв, яагаад чухам робот үйлчилгээг нэвтрүүлэхээр шийдсэн бэ?

-Дэлхий нийтээр электрон үйлчилгээний хэв маягт шилжиж буй энэ цагт бид ямар нэг зүйлээр анхдагч байх хэрэгтэй гэсэн санааг баримталсан. Ийнхүү судалгаа хийж, БНХАУ-аас тухайн үйлдвэртэй нь гэрээлж, энэ зөөгч роботыг оруулж ирсэн. 10-15 ширээтэй ресторанд нэг ширхэг байхад хангалттай гэж байсан. Судалгааны явцад Монгол дахь бусад ресторануудаар явж танилцсан, одоогийн байдлаар ийм үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн нь бид болоод байна.

Энэ бол өндөр хөгжилтэй орнуудад жишиг болсон үйлчилгээ. “Хүний ажлын байрыг хомс болгох юм биш үү” гэсэн хандлага зарим хүмүүст байдаг. Робот маань зөөгч, бармены хамт үйл ажиллагаа явуулахаас, дангаар ажиллах боломжгүй. Хүний ажлыг хөнгөвчилж өгч байгаа гэсэн үг. Дээрээс нь үйлчлүүлэгчдийн тав тух, аюулгүй байдлыг хангаж буй. Хүн халуун аягатай хоол барьж яваад бүдэрч унах, асгах эрдсэл гардаг. Робот нэг чиглэлд тогтвортой явж байгаа учир ийм зүйл тохиолдохгүй давуу талтай.

-Хүнрү робот ямар үйлчилгээг үзүүлэх чадамжтай вэ? Захиалга авахаас эхлээд бүгдийг ухаалгаар хийж чадах мэт олон нийтийн ойлголт бий?

-Манай роботын хувьд захиалга авах чадамжгүй. Зөөгч, барменууд маань захиалгаа авна. Гал тогооноос гарсан хоолыг роботын тавцан дээр байршуулж тавиад, хэд дугаарын ширээн дээр очихыг нь зааж өгдөг. Үйлчлүүлэгч өөрсдөө роботын тавцангаас хоолоо авна, хаягдал зүйл байвал сольж тавиад буцааж болно.

-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ЭХЭЛЖ ХАРААД ЦОЧИЖ, ДАРАА НЬ ИНЭЭДЭГ-

-Сайхан хооллоорой гэж хэлдэг гэсэн?

-Тийм. Хэлэх текстийг нь энд бичүүлээд, үйлдвэр лүү нь явуулсан. Ингээд бидэнд ирэхдээ Монголоор үг хэлдэг болж программчлагдсан байсан гэсэн үг. “Сайн байна уу?”, “Хүнрү рестораныг сонгосонд баярлалаа”, “Сайхан хооллоорой” гэж хэлдэг. Үүнээс олон зүйл хэлүүлж болох ч, хэт удаан зүйл яривал үйлчлүүлэгчдийн тав туханд халтай юм болов уу гэж бодсон.

-Ажиллуулаад 10 гаран хоноход үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хэр байна вэ?

-Бага насны хүүхдүүдэд их таалагдаж байна. Хамт зургаа авахуулдаг. Хүмүүс, “Сайхан санаачилга байна, амжилт хүсье” гэсэн магтаалын үгийг харамгүй хэлж байна. Сошиал орчинд “Удаан явдаг юм байна” гэсэн сэтгэгдлүүд харагдсан. Үүнд тайлбар хийхэд, манайх хот пот ресторан учир шөлтэй хоол ихэвчлэн гаргадаг. Харин шөлтэй хоол эргэлт, зогсолт дээр цалгиж асгарах эрсдэлтэй учир роботыг бид зохих хурдаар нь явуулж буй.

Анх анзаараагүй байсан хүмүүс гэнэт хажууд нь робот хүрээд ирэхээр цочиж хүлээж авах нь бий. Чингээд инээж, зургий нь авдаг.


Ингээд бид зөөгч роботын хоол хүргэж буй үйл явцтай танилцлаа.

ЭХЛЭЭД: Гал тогооноос гарсан хоолыг зөөгч роботын тавиур дээр тавьж, хэдэн номерийн ширээнд хүргэж өгөхийг тохируулна

ДАРАА НЬ: Робот тохирох ширээний дэргэд очоод, “Сайн байна уу? Хүнрү рестораныг сонгосонд баярлалаа. Сайхан хооллоорой” гэж хэлнэ.

ЭЦЭСТ НЬ: Үйлчлүүлэгч роботын тавиураас хоолоо өөрсдөө авч, оронд нь буцаах хог хаягдал байвал оронд нь тавиад тек рүү явуулна.

Хөгжилтэй орнуудад жишиг болсон зоогийн газрын үйлчилгээний дэвшилтэт хэлбэр ийнхүү Монголд орж иржээ. Цаашид бусад ресторанууд ч үлгэр дууриал авч, ийм үйлчилгээг нэвтрүүлээсэй хэмээн бодож буйгаа “Хүнрү” рестораны үүсгэн байгуулагч хуваалцсан юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Царайг нь элбэгдоржтой ижил хийгээрэй

Холбоотой мэдээ

Back to top button