Дээрэлхэлтийн асуудлыг шинэ хуульд нарийвчлан зааж, хуульчилсан
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ оны нэг сард хэлэлцэн баталсан.
Тус хуульд, Хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр, кейс менежмент, мэргэжлийн удирдлагыг шинээр тодорхойлж, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн хүргэх зорилгоор шинэчилсэн аж.
Тухайн хууль энэ оны есдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх тухай Хүүхэд хамгааллын тухай /Шинэчилсэн найруулга/-д тусгасан байна. Бид хичээл эхэлсэнтэй холбоотойгоор Гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгаалал-ын талаар, шинэчлэн найруулсан хуулийн заалт хэрхэн хэрэгжих талаар дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Шинэчлэсэн хуулийн онцлох заалт, хэрэгжилтийн талаар Нийслэлийн Боловсролын газрын хүүхдийн хөгжил, хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэтэй ярилцсан юм.
-Шинэчилсэн хууль хүүхдэд тохиолдож болох асуудал тус бүрийг нарийвчлан анхаарсан-

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад юуг голлон тусгасан бэ. Ямар учраас?
- Миний ажиглаж байгаагаар өмнөх хууль хэтэрхий ерөнхий байсан бол одоо шинэчилсэн найруулга бүхий хууль асуудал тус бүр дээр нарийвчлан анхаарсан харагдаж байна. Үүнд хүүхэд хамгааллын үйлчилгээ нарийн тусаж өгсөн. Тодруулбал, үе тэнгийн дээрэлхэлтийн тухай хуульчилж байдал. Бид сургуулийн орчинд дээрэлхэлт болон харилцааны зөрчил хоёрын ялгааг мэддэггүй.
Ерөнхий боловсролын сургууль дээр үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт нэлээдгүй гардаг. Нөгөөтэйгүүр үе тэнгийн суралцагчдын хооронд харилцааны зөрчил ч мөн гарна. Гэтэл хүүхэд хоорондын харилцааны зөрчлийг ялгахгүйг улмаас, эцэг эх, асран хамгаалагч, багш нар үүнийг дээрэлхэлт хэмээн үзээд байдаг. Жишээ дурдахад, “Нэг ангийн хоёр хүүхэд санамсаргүй байдлаас болон муудалцаж, улмаар нэгнийхээ биед хүрэх, эсвэл хэл амаар доромжлох харилцааны зөрчил гарах тохиолдол бий. Үүнийгээ эцэг эх, асран хамгаалагч болон багшдаа хэлэхэд “Битгий нэгнийгээ дээрэлхээрэй” гэдэг. Үүнээс юуг харж болох вэ гэхээр, жижиг харилцааны зөрчлийг дээрэлхэлт хэмээн үзэж, элбэгшээд байгаа хэмээн ойлгоод байдаг.
Тиймээс энэхүү хуульд, юуг үе тэнгийн дээрэлхэлт гэж үзэхийг, дээрэлхэлтэд өртөгч талуудыг яах ёстой, ямар үйлчилгээ авах талаар хүртэл томьёолоод өгчихсөнөөрөө онцлог. Энэ чиглэлээр ерөнхий боловсролын багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сургуулийн удирдлагуудад мэдээлэл хүргэж ажиллаж буй. Ингэснээр хуулиа сахин ажиллахад дөхөм болж байна.
-Хуулийн шинэчлэлийг харахад хүүхэдтэй холбоотой бүх оролцогчдод зориулсан заалтууд байна шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Өмнөх хуульд дан ганц сургалтын байгууллагад хамааралтай заалт байсан бол энэ удаагийн шинэчлэлээр эцэг эх, харгалзан дэмжигчийн үүрэг хариуцлагыг тодорхой хуульчилж өгсөн. Хүүхдэд хамааралтай асуудалд юм л болвол багш нарыг буруутгадаг, сургуулийг шүүмжилдэг бус эцэг эх, асран хамгаалагч, цаашилбал хүүхэд өөрөө хариуцлага хүлээх тухай хуульчилсан. Тодруулбал, Сургалтын байгууллага сургалт явуулж байх хугацаандаа аюулгүй байлгах, гэр бүлийн орчинд эцэг эх, харгалзан дэмжигч хүүхдээ хүмүүжүүлнэ хэмээн тусгасан байна.
Үүнээс гадна бас нэг онцлох асуудал гэвэл хүүхдийн үл хайхрах хүчирхийлэл. Энд бие махбодын болон сэтгэл санааны үл хайхрах хүчирхийлэл бүгд багтана. Бид бүгд өөрсдөө ч анзааралгүй хүүхдээ гэр, сургууль, нийгмийн орчин гээд хаа сайгүй үл хайхрах хүчирхийлэлд хүүхдүүд автаж байдаг. Эцэг эх нь хүүхдээ тоохгүй орхиж, багш нар нь анхаарлаа сулруулсан, найз нөхдөдөө гадуурхагдах зэргээр хүчирхийлэлд өртдөг байна. Энэ тухай нарийн заалт хуульчлагдсан байгаа.
-Дан ганц сургууль, цэцэрлэгт бус бусад сургалтын байгууллагыг мөн хамаатуулж хуульчилсан байсан?
- Тус хуулийн 23.1.Боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, сүм хийдийн шашны сургууль хүүхэд хамгааллын бодлого, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Өмнөх хүүхэд хамгааллын хуульд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг л хамаатуулж ойлгож байсан бол одоо илүү тодорхой болж, сургалтын байгууллагуудад бүгдэд хамааралтай байхаар хуульчилсан нь энэ.
Яагаад гэвэл сургууль цэцэрлэгээс гаднах сургалтын байгууллагуудад хүүхэд хүчирхийлэлд өртсөн кейс нэлээдгүй тохиолдсон тул хуульд дээрх байлаар багтаасан.
-Сургуулиудад хүүхэд хамгааллын төсөв тусгаж байгаа гэсэн. Тухайн төсөв юунд, хэрхэн зарцуулагдах болон нэг сургуульд хэчнээн төгрөгийн төсөв олгож байна?
-Ерөнхий боловсролын сургуулиуд дээр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журам гэж байдаг. Одоо Хүүхэд хамгаалах тухай хууль, Боловсролын тухай хуулиа дагаад тус журам шинэчлэгдэх шатандаа явж буй. Эхлээд холбогдох дээд шатны байгууллагаас холбогдох журам чиглэлүүд гарсны дараагаар шинэчлэгдэнэ гэсэн үг юм.
Хүүхэд хамгаалах хууль дээр хүүхэд хамгаалах үйлчилгээнүүд үе шат бий. Хэлбэрүүдийн тухайд, Хүүхэд хамгааллын шуурхай тусламж үйлчилгээ, Хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ, Урьдчилан сэргийлэх үйлчилгээ гэх зэрэг хэлбэрээр туссан байгаа.
Хүүхэд хамгаалах үйлчилгээний хэлбэрийн дагуу ерөнхий боловсролын сургуулиудад хүүхэд хамгааллын төсөвтэй болсон талаар асуулаа. Бидний төлөвлөж буйгаар нийт төсвийг гурван үйлчилгээнд дараах байдлаар хуваана.
- Шуурхай тусламжийн үйлчилгээнд 20
- Хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээнд 30
- Хүүхэд хамгаалах урьдчилан сэргийлэх үйлчилгээн дээр 50 хувь байх тухай тусгасан.
Өмнө нь манай сургалтын байгууллагуудад ийм төсөв байдаггүй байсан, энэ жилээс ийнхүү төсөвт сууснаараа тодорхой хэмжээний ахиц гарна хэмээн үзээд байна.
Зарцуулалтын тухайд гэвэл, Хэрхэн зарцуулах талаар манай Боловсролын яамнаас ерөнхий төлөвлөгөө гаргаж, удахгүй батлагдана. Тэр үед хэдэн төгрөгийг ямар үе шаттайгаар хэрхэн зарцуулахыг мэдэх боломж бүрдэнэ. Одоо урьдчилж хэлэх боломжгүй байна.
-Танай байгууллагаас дээрх хуулийн шинэчлэлтэй холбоотой хэрхэн ажиллаж байна?
-2024-2025 оны хичээлийн жил эхлээд 10 хонож байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай үе шаттай сургалт зохион байгуулагдаж байна. Үүнд, Нийслэлийн ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангийн сургалтын менежерүүдэд цахим болон танхимаар мэдээллийг өгч, захирал удирдлагууд, цэцэрлэгийн эрхлэгч нарт Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Боловсролын яамтай хамтраад хүүхэд хамгааллын тухай сургалтыг хийсэн.
Энэхүү сургалтаар дээрх хуулийн шинэчилсэн найруулгад юу туссан, ямар онцлог зүйл заалт байгаа, сургуулийн удирдлагууд багш ажилтнууд хүүхэд хамгааллын хуулийн ямар заалтыг мөрдөж ажиллах, шинээр орсон ямар зүйл заалт байгаа талаарх мэдээллийг өгсөн.

-Хууль шинэчлэгдлээ, хэрхэн хэрэгжих бол?
Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 онд батлагдаж байсан бол одоо шинэчилсэн найруулга хийгдэж энэ хичээлийн жилээс мөрдөгдөхөөр байгаа юм. Эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч, мөн багш нар энэ хуулийг өөрийн мэдлэг болгох хэрэгтэй байна. Өнөөдөр сонсоод орхих биш, өөрийн хэрэглээ болгох хэрэгтэй байна. Дан ганц эцэг эх, асран хамгаалагч, багшаас гадна хүүхдийн орчинд буй хэн бүхэнд энэ хууль хамааралтай. Мөн багш, сурагч, асран хамгаалагч болон харгалзан дэмжигч нартай гурвалсан гэрээний үлгэрчилсэн загвараар яваад эхэлсэн. Боловсролын ерөнхий хуультайгаа уялдуулсан байдлаар дахин өөрчлөлт орсноор хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Үүнээс гадна хүүхдэд учирч болох аливаа эрсдэлүүдэд хэрхэн анхаарах ёстойг нарийн тусгаад өгчихсөн. Ингэснээр хүмүүс хүүхэд хамгааллын тухай хуулиа бариад мөрдөөд явах боломж бүрдсэн гэж ойлгож болно. Эрсдэх нөхцөл байдлыг ч мөн тусгачихсан. Жишээлбэл, тухайн сургалтын байгууллага, сургалтын орчинд архи, тамхи мансууруулах бодис хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэх болон согтууруулах ундаа хэрэглэсэн хүн орж болохгүй. Яагаад гэвэл хүүхдийг эрсдэлд оруулж байна хэмээн үзнэ. Үүнийг мөрдөж ажиллах нь тухайн албан хаагчийн зүй ёсны үүрэг болж байгаа юм. Мөн санамсаргүй болон санаатайгаар хүүхдэд гар хүрэх, хүүхдийг элдвээр доромжлох зэрэг нь хүүхдийн аюулгүй байдлыг зөрчиж буй нэг хэлбэр болно.
Бид хуулиа мэддэггүй, өөрийн ажилдаа хэвшил болгон ашигладаггүйгээс болж хүүхдийн эрхийг зөрчдөг, хүүхэд хамгааллын эсрэг үйл ажиллагаа хийчихдэг. Өөрийгөө болон бусдын хамгаалах үүднээс эрх зүйн мэдлэгтэй байх шаардлагатай байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Хүүхэд өөрийн эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар саналаа хэлж болно-

Бид Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалалтай холбоотой хэрхэн ажиллах талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газартай холбогдож дараах мэдээллийг авсан юм.
"Хүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн саналаа илэрхийлэх эрхийг хуульчилсан. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй долоо ба түүнээс дээш настай хүүхэд үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг хангахаар туссан. Өөрөөр хэлбэл хүүхэд өөрийн эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлаар саналаа хэлж болно гэсэн үг.
Цагдаагийн байгууллагад хүүхэд гэмт хэрэг зөрлийн гэрч, хохирогч, холбогдогч болсон тохиолдолд тэдний эрхийг хангах зорилгоор хүүхдээс мэдүүлэг авах зориулалттай 43 өрөө ашиглаж байна. Мөн хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон асуулт асуух, хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг авах, тэдэнтэй харилцаа үүсгэж энгийн байдлаар ярилцах, хүүхдэд суурилсан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тусгайлан бэлтгэгдсэн мөрдөгч, хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр олон улсын болон төрийн, төрийн бус байгууллагатай хамтарсан сургалтыг байнга зохион байгуулан ажиллаж байна.
Энэ оны эхний найман сарын байдлаар насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн 733 гэмт хэрэгт 931 хүүхэд холбогдон шалгагдсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчил бүртгэгдээгүй байна" хэмээсэн юм.
Хэрэв тухайн хууль тогтоомжийг зөрчвөл дараах хариуцлага хүлээлгэнэ
- 57.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
- 57.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Шинэчлэлийн хүрээнд,
- Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хүүхдийн оролцоог хангах, санал бодлыг тусгах, дэмжих
- Гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлж, эцэг, эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх
- Цахим орчин дахь хүүхэд хамгааллыг тусгаж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдуулах
- хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалал
- гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал
- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал
- боловсрол, соёлын салбар дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлэх
- Салбар бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусган хэрэгжүүлэх
- Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах
- Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдал, чиг үүрэг
- Олон нийтийн байцаагч ажиллах
- Засгийн газар, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг шинээр тодорхойлсон аж.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэсэн найруулгатай танилцах бол энд дарна уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хуульчид өөрсдөө хуулий мэдэхгүй байхад бид мэдээд яах ч юм билээ.
СХД 107 сургуулийн багш нар нь сурагчидаа хичээлдээ идэвхтэй идэвхгүй гэж ялгаварлан гадуурхаж 10 ангид элсүүлэхгүй гэж хөөж, энэ яг хувийн сургууль шиг санагддаг, байнга цагаан цамц цагаан тавчиг өмсгөж дарамталдаг юм байна лээ