УРЛАГ

"Нүүдэлчин ухаан" урлагаар дамжуулж байгалийг ойлгох олон улсын хөтөлбөр хэрэгжинэ

Европын холбооны соёлын институтын нэгдлийн Монгол дахь салбараас санаачилсан "Нүүдэлчин ухаан" олон улсын хөтөлбөрийг Дундговь аймгийн Дэрэн суманд 2024 оны 9-р сарын 20-ноос 10-р сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү хөтөлбөр нь олон нийтийн урлагийн арга хэмжээ, бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулах замаар уур амьсгалын өөрчлөлт нь энгийн хүмүүсийн амьдрал ахуй, соёл уламжлалд хэрхэн нөлөөлж буй талаар олон нийттэй ярилцах зорилготой юм.

Нээлттэй зарын дагуу Финланд, Герман, Франц, Австри, Монгол улсын нийт 92 уран бүтээлч тус хөтөлбөрт оролцох хүсэлтээ ирүүлснээс Намсрайжавын Амарсайхан (Монгол), Корнелия Конрадс (Герман), Эльпаро (Франц), Елена Кристофор (Австри), Лаура Мерз (Финлянд), Батдэлгэрийн Мөнхдорж (Монгол), Лхасүрэнгийн Түвшинжаргал (Монгол), Наранцогтын Зулцэцэг (Монгол) нарын 8 уран бүтээлч сонгогдон хамтран ажиллахаар боллоо.

Төслийн хүрээнд уран бүтээлчид орон нутгийн иргэд, байгаль орчны байдалтай танилцах зорилгоор малчин айл өрхүүдээр зочилж, Их газрын чулуу, Дэрэн сумын тал нутгаар аялах юм. Аялалаа дуусмагц уран бүтээлчид Дэрэн суман дээр эргэн ирээд тэндэхийн сургуулийн хүүхдүүд болон орон нутгийн иргэдтэй хамтран сургалт семинар зохион байгуулах, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, байгалийн болон бусад төрлийн материал ашиглан тухайн газарт тохирсон урлагийн бүтээл тууривах ажлыг эхлүүлнэ. Эдгээр үйл ажиллагааг зохион байгуулж байх явцдаа дэлхий даяар тулгараад буй дулаарлын асуудлыг бусад орнуудад хэрхэн анхаарч, арга хэмжээ авч байгаа, хүмүүсийн хандлагад гарч буй өөрчлөлтүүд, мөн нүүдэлчин ахуй амьдралын онцлог, уламжлэл, гүн ухаан хэрхэн ач холбогдлоо өгч чадах зэрэг асуудлыг хөндөн ярилцах юм.

Зуун жилийн түүхтэй Дэрэн сум нь Улаанбаатар хотоос урагш 250 км-т говь тал хээрийн бүсэд байршдаг Дундговь аймгийн засаг захиргааны нэгж юм. Сумын төвд 450 орчим хүн амьдардаг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн сүүлийн хэдэн арван жилийн туршид Дэрэн сумын нутагт усны хомсдол, ган зуд болох үзэгдэл нэмэгдэж тус сумын малчин түмний ахуй амжиргаанд нөлөөлсөөр байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлч Н.Амарсайхан, Корнелиа Конрадс, Эльпаро, Л.Түвшинжаргал нар нь байгалийн унаг мод болон бусад төрийн материалаар гадаа орон зайнд абстракт баримал хийхээр төлөвлөж байгаа бол Елена Кристофор, Зулцэцэг нар аялалын үеэр цуглуулсан материалуудыг ашиглан уран бүтээлээ туурвиж, газар дээр нь толилуулахаар төлөвлөж байна. Лаура Мерз, Б.Мөнхдорж нар сургуулийн хүүхдүүдийн оролцоотойгоор хамтын бүтээл хийхээр төлөвлөжээ. Мөн төслийн хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Дэрэн суманд олон нийтийн урлагийн өдөрлөг зохион байгуулах ба уг арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй байна. Нийтийн урлагийн арга хэмжээнд Улаанбаатараас ирж оролцох хүсэлтэй уран бүтээлчдэд автобусаар үйлчилнэ.

Европын холбооны соёлын институтын нэгдлийн санхүүжилтээр тус байгууллагын Монгол дахь салбар болон түүнийг хэрэгжүүлэгч гишүүд болох Монгол-Францын төв, Бээжин дэх Австри улсын Элчин сайдын яам болон Финляндын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте-Институт зэрэг байгууллагууд санаачлан хэрэгжүүлж байна. Европын холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, түүний харьяа Нүүдлийн Улаан булан олон улсын ресиденс хамтран хэрэгжүүлнэ.

*EUNIC - Европын холбооны соёлын институтын нэгдэл нь Европын холбооны бүх гишүүн болон холбогдох улс орнуудын 39 гишүүнтэй, Европын үндэсний соёлын байгууллагуудын сүлжээ юм. Тус байгууллагын Монгол дахь салбар нь бид бүхний өмнө тулгараад буй нийтлэг асуудлуудыг хамтран шийдвэрлэх замаар Европын Холбоо болон Монгол Улсын соёлын оролцогч талуудын хоорондын бат бөх, тогтвортой харилцааг хөгжүүлэх зорилготой.

Холбогдох:

[email protected] | 99051127; 94051127

Зохион байгуулагчдын цахим хуудас:

Европын холбооны соёлын институтын нэгдэл: https://www.eunicglobal.eu/

Монгол дахь Гёте-Институт: https://www.goethe.de/ins/mn/de/index.html

Монгол-Францын төв: https://www.afm.mn/

Бээжин дэх Австри улсын Элчин сайдын яам: https://www.bmeia.gv.at/kf-peking

Бээжин дэх Финляндын Элчин сайдын яам: https://finlandabroad.fi/web/chn/mission

Нүүдлийн Улаан булан олон улсын ресиденс: https://redcorner-mongolia.com/ Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо: https://mcasa-mongolia.com/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button