Япон компани дэлхийн хамгийн жижиг рубикийн шоог танилцууллаа

Японы нэгэн тоглоомын компани пүрэв гарагт /2024.10.03/ дэлхийн хамгийн жижиг рубикийн шоог танилцууллаа. Бүрэн ажилладаг, зургаан талтай эвлүүлдэг шоо нь будааны ширхэгтэй ижил жижигхэн аж.
“Bandai Co.”-ийн охин компани “MegaHouse” корпорац тэрхүү кубийг бүтээжээ. Ингэхдээ металл боловсруулах дэвшилтэд технологийг ашиглан стандарт загвараас арав дахин бага хэмжээтэй шоог бүтээсэн байна. Шооны хэмжээ нь ердөө 5 мм, харин нэг эргэдэг куб нь 1.6 мм орчим хэмжээтэй юм.
Дэлхийн хамгийн жижиг рубикийн кубийн рекордоыг эвдсэн тэр шоо нь ойролцоогоор 0.3 грамм жинтэй. Үнэ нь 777,777 иен ($5,300) буюу 18 сая төгрөг юм. 39 хэсгээс бүрдсэн тэрхүү шоо нь стандарт рубикийн кубтэй адил тоглож болно гэж тус компани мэдээлжээ. Шооны захиалгыг өнгөрсөн пүрэв гарагт компанийн онлайн дэлгүүрт авч эхэлсэн байна. Тус компани ирээдүйд Азийн бусад хэсэгт кубийн борлуулалтаа өргөжүүлэхээр төлөвлөж буй.
Энэхүү жижиг шоог 1974 онд бүтээгдсэн алдарт рубикийн кубийн 50 жилийн ойд зориулан бүтээжээ. Загварыг гарган, үйлдвэрлэхэд ойролцоогоор дөрвөн жил зарцуулсан гэж “MegaHouse” мэдэгдсэн юм.
“MegaHouse” компанийн ерөнхийлөгч Акихиро Сато хэвлэлийн бага хурал дээр "Бид дэвшилтэт микроболовсруулалтын тусламжтайгаар Японы гар урлалын бүтээлийг бий болгож чадсан" гэжээ.
5 мм хэмжээтэй тэр шоог 8-р сарын 23-нд Гиннесийн номд хамгийн жижиг эвлүүлж болдог куб хэмээн бүртгэгдсэн байна. 2020 онд тус компани 9.9 мм хэмжээтэй, 2 грамм жинтэй рубикийн шоог гаргасан нь тухайн үед хамгийн жижиг нь байсан юм. Дэлхийн хамгийн том рубикийн кубийн дээд амжилтыг Дубайн мэдлэгийн парк эзэмшдэг. Тус парк 3 метр харьцаатай шоо бүтээж, 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд рекорд тогтоосон юм.
Эх сурвалж: Kyodo News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.