Нобел 2024: Тэгш бус байдлыг судалсан эрдэмтэд эдийн засгийн шагнал авлаа
Энэ оны хамгийн сүүлийн Нобел буюу эдийн засгийн шагналыг даваа гарагт /2024.10.14/ гардуулжээ. Тодруулбал дэлхийд одоог хүртэл тэгш бус байдал, ялангуяа авлига, дарангуйлалд автсан орнуудад байгааг ойлгохын тулд колончлолын үр дагаврыг судалсан гурван Америк эрдэмтэн шагналыг хүртсэн байна.

Саймон Жонсон, Жеймс Робинсон, Дарон Ачэмоглу нар институт хэрхэн бүрэлдэж, хөгжил цэцэглэлтэд нөлөөлдөг тал дээр хийсэн ажлыг нь Шведийн Шинжлэх ухааны академи сайшааж тус шагналыг гардуулжээ. Эдийн засгийн шинжлэх ухааны шагнал тодруулах албаны дарга Якоб Свенссон “Улс орнуудын хоорондын орлогын асар их ялгааг бууруулах нь бидний цаг үеийн хамгийн том сорилтуудын нэг. Тэд одоо цагт баг орлоготой байгаа орны онцлог бүхий институтийн орчин сул байгаагийн түүхэн үндсийг тодорхойлсон” хэмээсэн юм.
Тус шагналыг эздийг Дэлхийн банкнаас тайлан нийтэлснээс нэг хоногийн дараа тодруулсан байна. Тэрхүү тайлан нь дэлхийн хамгийн буурай 26 орон 2006 оноос хойш байгаагүй их хэмжээний өртэй болсныг харуулжээ.
Өнгөрсөн жил Нобелын эдийн засгийн шагналыг Клаудиа Голдин нэртэй Харвардад ажилладаг эдийн засагч авсан. Тэрбээр эдийн засгийн төрөлд Нобел хүртсэн гурав дахь, шагналаа хуваалцаагүй ганцаараа авсан анхны эмэгтэй эдийн засагч болсон юм. Шведийн хааны шинжлэх ухааны академи Голдиныг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд үүссэн цалин хөлс, хөдөлмөрийн зах зээл дээрх тэгш бус байдлын шалтгааныг судалсан тул шагнасан.
Голдин 1990 онд Харвардын эдийн засаг судлалын тэнхимд ажиллаж эхэлсэн анхны эмэгтэй болсон юм. Голдин жирэмслэлтээс хамгаалах эм эмэгтэйчүүдийн ажил мэргэжил, гэрлэлтийн шийдвэрт хэрхэн нөлөөлдөг, гэрлэсний дараа овгоо өөрчлөх нь хэрхэн нийгмийн үзүүлэлт болдог, мөн одоо яагаад бакалаврын оюутнуудын дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байгааг судалжээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.