МАН-ын Удирдах зөвлөл 50+26-г “ХАЙРЦАГЛАХ” асуудлаар хуралдана
Эрх баригч нам Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт эцэслэн батлахаар төлөвлөж буй. Тиймээс ч 2020 оны УИХ-ын сонгуулийг 50+26 буюу холимог тогтолцоогоор явуулах асуудал дээр байр сууриа нэгтгэх шаардлага үүсээд байгаа юм. Өмнө нь уг асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэж, дэмжих саналтайгаар УИХ дахь бүлэг рүүгээ оруулж ирсэн.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН-ын Удирдах зөвлөл дээр гишүүдийн дунд санал хураалт явуулаагүй бөгөөд генсек Д.Амарбаясгалан “За, энэ саналыг дэмжээд явчихъя” гэсэн аж. Гэвч бүлэг дээр генсекийн санаснаар холимог тогтолцоо дэмжлэг хүлээгээгүй. Байр сууриа нэгтгэж чадаагүй учраас УИХ руу задгай саналтайгаар орохоор болсон юм.
МАН-ын бүлэг дотроо хайрцаглагдаж чадалгүй орвол холимог тогтолцоо унах эрсдэлтэй учраас өнгөрсөн өдрүүдэд Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхээр яараагүй. Улмаар дахин МАН-ын Удирдах зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцэж, УИХ дахь намын бүлгээ хайрцаглахаар яригдаж байгаа аж.
МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдахаар байсан ч ирц нь бүрдээгүй хойшилжээ. Өнөөдөр бүлгийн хуралдааны өмнө Удирдах зөвлөл хуралдаж, сонгуулийн тогтолцоо дээр гишүүдийн байр суурийг нэгтгэх асуудлыг хэлэлцэх чигтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.