Ярилцлага

Б.Санчир: Сошиал орчныг "тоншиж”, тархины дархлаатай залуу үеийг бий болгохоор хичээж байна

Философич, сэтгэл судлаач Б.Санчиртай түүний хөтлөн явуулдаг фэйсбүүк хуудсыг тойрсон сэдвээр ярилцлаа.

12 НАСТАЙДАА ЭНЭТХЭГ ОРНЫГ ЗОРЬЖ, ДОЛООН ЖИЛ ФИЛОСОФИ СУРСАН

-Фэйсбүүк хуудас хөтлөх болсон шалтгаан тань юу вэ? Эндээс яриагаа эхэлье.

-“Философич, сэтгэл судлаач” гэж байгаа ч би өөрөө илүүтэй философи талын хүн. 12 настайдаа Энэтхэг явж, философид суралцаад долоон жилийн дараа Монголд ирсэн. Нөгөө талаар сэтгэл судлал 19-р зууны хагасаас л бие даасан шинжлэх ухаан болсон. Харин сэтгэл судлалын асуудлыг философи хэдэн мянган жилийн өмнөөс судалсан шүү дээ.

Дөнгөж Монголд ирчхээд, дотроо буцалж буй бодол санаагаа яаж гаргах, бусдад хэрхэн хүргэх талаар их бодсон. Ингээд сошиал орчныг ашиглаж, афоризм хэлбэрээр мессеж түгээж болохыг олж харсан. Залууст сонирхолтой байдлаар, хэт нуршихгүй, товч бөгөөд тодорхой байдлыг баримталж өнөөдрийг хүргэлээ. Хүнийг залхаахгүйгээр агуулгаа хэдхэн мөрөнд багтаахыг зорьдог ч үүний цаана тухайн хүнд өөрөө бодох сэдлийг нь төрүүлэх чухал.

Яг үнэндээ философи, сэтгэл судлалын гүн гүнзгий ойлголтуудын талаар хуудсандаа бичихийг хүсдэг. Өмнө нь хэд гурван удаа бичиж үзсэн. Байхгүй. Уншиж, ойлгох хүн нь цөөн юм билээ. Хүмүүс хэт гүнзгий утгатай бичвэрийг сошиал орчинд хүлээж авдаггүй. Ийм учраас үсрээд л гурван мөртэй постууд бичих хэрэгтэй.

Ингэхээр фэйсбүүк хуудасны маань ард асар их судалгаанууд хийгддэг. Залуус юуг ойлгож, юунд өдөөгдөж байна гэдгийг гаргаж ирэх гээд л, “тоншоод” яваад байна.

-Энэтхэг рүү 12 настайдаа явж, философи суралцсан гэдгийг тань хүмүүс төдийлөн мэдэхгүй байх. Их багадаа юм байна?

-Ид төлөвшиж байсан нас. Дөнгөж төлөвшиж байсан тархинд философийн том, том онолуудыг оруулаад ирсэн. Энэтхэгийн их сургуульд эхний дөрвөн жил нь философи, сүүлийн гурван жил нь сэтгэл судлал сурсан. Ирээд хоёр жил учраа олохгүй лааз өшиглөсөн. Хүнтэй ч ярьж чаддаггүй байсан. Яагаад гэвэл философийн сургалтын хөтөлбөрийн 70 орчим хувь нь тэр чигтээ мэтгэлцээн. Тогоог хөмөрч байгаа мэт бүгдийг үгүйсгэдэг. Дараа нь буцаагаад босгож ирнэ. Ингэхээр амьдрал ёстой л утгагүй санагдана даа. Ийм арга барил суусан хүн нийгмийн амьдралд өөрийн аливаа санааг батлах гэж чичирдэг болчихдог. Иймээс шууд нийгэмд гарч болохгүй. Давхар сэтгэл судлал уншиж байж, ямар үед нь яаж дуугарах вэ гэдгийг сурдаг. Сэтгэл судлал байгаагүй бол одоо хоёулаа бараг ярилцаж чадахгүй, шууд хэрэлдэнэ.

-Яагаад чухам энэ насандаа Энэтхэг явж, тэр бүү хэл философи сурах болсон шалтгаан сонин?

-Юмны тохироо бүрдэнэ гэдэг шиг л. Үүнийг дэлгэрэнгүй яриад хэрэггүй байх.

-Өөрөө хүсэж байсан уу?

-Би сонирхолтой байсан. 6-р ангийнхаа эхний улиралд сургуулиасаа гарч, Энэтхэг рүү явсан байдаг.

ӨДӨР БҮР ДАВТАМЖТАЙГААР ПОСТ ОРУУЛБАЛ МАСС ХОВС НӨЛӨӨНД НЬ ОРНО

-Монголд ирээд дахиж их сургуульд сурсан уу?

-Сураагүй. Энэтхэгт би бакалаврын дипломаа авсан гэсэн үг. Одоо бол график дизайнер, пи-ар маркетерийн ажил хийж талхныхаа мөнгийг олж байна. Философи, сэтгэл судлалыг би мөнгө олох хэрэгсэл гэж харах дургүй. Мөнгөнөөс аль болох хол байлгахыг хүсдэг. Зүгээр л би үүнд дуртай. Дуртай зүйлээ л хийж буй. Хэрвээ сэтгэлзүйч боллоо гэхэд, тухайн үйлчлүүлэгчийг би мөнгө болгож харах болно. Муухай байгаа биз?

Нийгэм гэдэг өөрөө тэр чигтээ сэтгэл судлал. Ийм учраас хүн юунд дурладаг, яаж татагддаг гэдгийг сэтгэл судлалын үүднээс гадарлана. Үүн дээрээ суурилж маркетингийн, пи-арын ажил хийгээд явж байна. Давхар судалгааны ажил хийж, ном бичиж буй.

Хамгийн гол нь тархи угаалтын сэдвийг барьж ажилладаг. Хакер хүн хамгийн сайн хамгаалагч болдог. Хулгайч хүн хамгийн сайн цагдаа болдог. “Хэрэв би байсан бол ингэнэ” гэж төсөөлөөд отож байдаг гэсэн үг. Үүн шиг тархины дархлаатай, тархи угаалтын шинжтэй мэдээллүүдэд үнэмшиж, нийтээр ханардаггүй залуу үеийг төлөвшүүлэх гэж хувийнхаа зүгээс хичээж байгаа. Фэйсбүүк хуудас ажиллуулж буйн цаад шалтгаан ерөөс энэ юм.

Бага түвшнээс нь эхлээд л тоншиж байна. Гаднаас нь харахад афоризмууд оруулдаг хуудас юм шиг хэрнээ, дагагчдынх нь хувьд өсөлтийн процесс харагдаж байгаа. Өдөр болгон ховсдох мэт давтамжтайгаар пост оруулбал масс нөлөөнд нь орно.

Завсраар нь хөгжилтэй байлгах үүднээс хөнгөн, өөр сэдвийн зүйлс ч оруулах хэрэгтэй.

-Сүүлийн үед онигоо, хошигнол мэтийг нийтэлдэг болж?

-Харин тийм. Дундуур нь жийргэвч оруулж буй хэрэг.

-Дагагчдын олонх нь өсвөр залуу үе байх шиг харагддаг шүү дээ?

-Тийм байх.

-Тунгааж бодохоос илүү, уншаад л зүрх дарж шэйрлэх нь элбэг?

-Магадгүй, магадгүй. Би хамгийн гол нь залууст мотивац өгч, урамшуулах гэхээс илүү урт хугааны ухаарал өгөхийг хичээж байгаа. “Урам гэдэг түрхэн зуур бадраад өнгөрдөг дөл бол, ухаарлын үг гэдэг тархинд шингэж буй үйлдэл юм” гэж би бичсэн. Амьдралд нь дадал болохуйц нөлөөллийг бий болгохоор ажиллаж байна. Чадаж байна гэж хэлэхгүй, хичээж байна.

Байнга гүн агуулгатай, сургамжилсан зүйл бичээд байвал хэт явцуу, дөвчигнүүр харагдана шүү дээ. Ийм учраас нийгмийн хүсдэг постыг нь хааяа жийргэвч болгож өгөх хэрэгтэй. Хавар болохоор хүмүүс цаанаа нэг гэгэлзэж, ганцаарддаг. Яг энэ үед нь ганцаардлын постыг нь өгчих л хэрэгтэй. Тэгээд дундуур нь гол санаагаа явуулна. Ингэж мэдрэмжтэй хандахгүй бол болохгүй.

ЯГ ҮНЭНДЭЭ, ДОТОР БАЙДАГ ЗҮЙЛС МААНЬ ҮҮГЭЭР ГАРАХГҮЙ БАЙГАА

-Зүгээр нэг афоризм нийтэлдэг биш, ардаа судалгаатай, цаашдын зорилготой ажил юм байна гэж ойлголоо?

-Тийм. Миний чинадын зорилго гэвэл философийн том том ойлголтуудын талаар чөлөөтэй бичдэг орон зайг бий болгох л юм. Бага багаар, шат шатандаа ахиад явж байгаа процесс. Өнгөн талаасаа тийм ч сайн харагдахгүй. Цаанаа бол миний оролдлого, хатгуур явж байгаа юм. Гэхдээ хөгжилтэй маягаар. Ямар ч байсан зүгээр сууж болохгүй. Интернэт орчны давуу талыг ашиглах хэрэгтэй.

Яг чин үнэндээ, дотроо бодож явдаг зүйлс маань үүгээр гарахгүй байгаа. Дээр хэлсний дагуу жаахан гаргаж үзсэн. Тоодоггүй юм билээ л дээ. Нуршуу, нийтлэл маягийн бичвэр болчихдог. Давхар эндээс судалгаа хийж байгаа гэсэн үг. “Аан, масс ийм зүйл уншихгүй юм байна, тэгвэл үүнийг арай зөөллөе, задлая” гээд дахиж ажилладаг.

Буруу тийшээ хазайх гэж байсан хүүхэд уншаад, тусгаж аваад, “Болохгүй юм байна” гээд өөр тийшээ явж байхыг үгүйсгэхгүй.

-Ном болгож бичвэл уншигдах болов уу? Фэйсбүүк хуудсаараа дамжуулж та багагүй хэмжээнд танигдсан.

-За, мэдэхгүй юм даа. Ямар ч байсан хичээж л байна. Дахиад хэлэхэд, гол нь зүгээр суухгүй байхыг л боддог.

-Хуудасныхаа дагагчидтай уулзалт хийж байв уу?

-Фэйсбүүк хуудасны уулзалт гэж тусад нь хийж үзээгүй. Харин их сургуулиудын клубууд урьдаг, би мөнгө төгрөг гэхгүй ирж оролдцог. Лекцүүдэд, “Миний хуудсыг дагадаг хүн байна уу?” гэж асуухад 100 хүн дотор 30-40 хүн гараа өргөж л байгаа юм. Ороод ирэхэд л таньдаг хүн шиг угтдаг.

ЕБС-д, 11, 12-р ангийн хүүхдүүдтэй ярихад, бас ойлгохгүй байна лээ. Ер нь 25-с дээш насны, өөрөө туулаад үзчихсэн, алдаа оноогоо ойлгочихсон хүмүүс илүү анхаарч сонсдог. Өсвөр үе, залуус яг анхаарч, төвлөрч сонсохгүй байна. Болно доо гэсэн дэврүүн, хийсвэр зан чанар байна.

-Тэр 11, 12-р ангийн хүүхдүүд ихэвчлэн таны “эмо” постуудыг шэйрлэдэг?

-Тэд 12-р ангидаа байнга байгаад байхгүй шүү дээ. Өснө. Тэгэхээр цугтаа дээшээ өсөж, өлгийдөөд авчихна гэсэн үг.

Гэхдээ бүх хүнд тааруулж чадахгүй шүү дээ. Ерөнхий массыг нь харж, тохируулах хэрэг байна. Хааяа нөгөө эмо постууд чинь хэрэгтэй, өсвөр үеийнхэн уншина /инээв. Сурв/. Нөгөө хатуу постууд бас байх хэрэгтэй.

Одоо Сэтгэлгээ судлахуй гээд жижиг хуудас үүсгээд байна. Энд арай ахисан түвшний агуулгатай постууд оруулж байгаа. Цаашид студиудтэй хамтарч, жижиг видеонууд хийж, дүрсжүүлэх тал дээр анхаарч байна. Юм хэвэндээ байгаад байвал уйтгартай. Иймээс энтертайнмент талаас нь анхаарч эхэлнэ. Философийн гол, жанжин шугамаа бол алдахгүй.

ХҮН ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СЭТГЭЛЗҮЙЧ. МИНИЙ ЛОГИК ТИЙМ

-Өөртөө ямар хариуцлага авч байна?

-Эхэндээ гэнэ алдах гэдэг шиг, хатуу сэдвүүдийг сошиал руу шууд шидсэн. Би өөрийнхөө алдааг ажиглаж, засаж залруулж яваа шүү дээ. Зөөлөн байх хэрэгтэй аж, хатуу зүйлсээ шууд гаргаж болохгүй юм байна гэдгийг ойлгосон нь тэр. “Хүн бүрт тэнэг найз байдаг. Тэнэг найз байхгүй бол тэр тэнэг нь чи” гэдэг шиг хатуу афоризм.. Ингээд эхэлбэл төлөвшөөгүй залуус хэцүүднэ биз дээ. Тиймээс өнөөдрийг хүртэл хуудас маань сэтгэл судлал тал дээрээ асар зөөлхөн явж ирсэн гэж болно.

-Адил мэргэжилтэй хүмүүс бий. Мэргэжлийн амбицтай нь ч олон. Тэдний зүгээс шүүмжлэл ирж байв уу?

-Янз, янзын юм бий л дээ. Над руу хандаад биччихсэн л байдаг. Би тэдэнд зориулж юм хийгээгүй. “Философич гэчхээд ийм энгийн түвшний юм бичлээ” гэх жишээтэй. Би тоодоггүй л дээ.

-Эсрэгээрээ та адил мэргэжилтэй хүмүүстээ яаж ханддаг юм бэ?

-Хувь хүнийхээ хувьд хүндлэлтэй ханддаг. Угаас философид туйлын үнэн гэж байхгүй шүү дээ. Үзэл бодлын зөрүүтэй байдал бол бий, түүнийгээ ил гаргаад байдаггүй.

-Та бүхэн нийгмийн өмнө том хариуцлага хүлээж буй. Ном бичиж, сошиалд лекц уншиж байгаа нь тодорхой хэмжээний нөлөөллийг бий болгоно. Буруу мессеж өгч байна гэж хардаг мэргэжил нэгтнүүддээ хэрхэн ханддаг бол?

-Хариуцлага гэдэг үнэн. Залуу хүний цаашдын хөгжил, төлөвшилд шууд нөлөөлж болно.

Үзэл бодлын зөрүүтэй, дотроо буцалж явдаг тийм хүмүүс зөндөө бий л дээ. Нэрийг нь ил хэлэхгүй. Харин далдуур, хувиараа холбогдож их хэлнэ. Зарим лекторууд 10 жилийн хүүхдүүд дээр очиж тоглолт хийгээд байна. Дээрээс нь шашинжиж байгаа. Сэтгэлзүйн лекц гэчхээд шашны агуулга өгдөг болсон нь мэр сэр. Итгэгч хүмүүс сэтгэл судлалын лекц уншдаг.

-Өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун байдаг уу?

-Хүн болгонд таалагдаж чадахгүй. Гэхдээ өөртөө итгэл үнэмшилтэй.

Хамгийн гол нь явж явж, хүмүүсийг сэтгэлзүйн чадамжтай байгаасай л гэж боддог. Яг үнэндээ хүн өөрөө, өөртөө сэтгэлзүйч. Сэтгэлзүйчийн хэрэг байхгүй. Миний логик тийм. Борооны дараа цув гэдэг шиг, бүх зүйл өнгөрсний дараа “Би яах вэ?” гээд гүйдэг. Урьдчилан сэргийлэх, алдахгүй байх нөхцөлийг өөртөө бий болгодог хүмүүсийг бий болгохын тулд л би ажилладаг.

-Боловсролдоо сэтгэл ханадаг уу? Цаашид үргэлжүүлэн гадны оронд сурах бодол бий юу?

-Огт хангалуун биш. Ханах ч үгүй шүү дээ. Байнгын уншиж, судлаж, өдөр бүр суралцаад л явж байна. Хүмүүстэй хамт  хөгжөөд л. Давхар хүмүүсээс суралцаж байгаа гэсэн үг. Энэ фэйсбүүк хуудасны ажил маань ганц би сургамжилж байгаа биш, нийгэмтэй өгөлцөж, авалцаж, хамтдаа хөгжиж буй хэрэг шүү дээ /инээв. Сурв/.

-Ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
h
h

Setgel zui gedeg zuilii buryugaar oilguulj bgaa humuusii neg gj boddog Naranbaatartai adil bas philosophy ch n yuu ym bilee haana yg ymar sedveer philosohy zereg tsol hurtej ymar buteel gargasan ym be, fb page iig n harhad neleen humuusii zuiliig huulj tavidag buteelj ta haragdaagui zigeerl gertee suuj korea kino uzdeg, unshij bolovsordoggui huuhnuuded deer tulguurlaj huurhun busines hiideg sergelen zaluu gj bodjeene

Тообо
Тообо

Ерөөсөө өөртөө итгэлтэй хүн бол сурсан дипломоо ил гаргаад ир л дээ. Олны адыг идсэн мо гуай хүртэл дипломоо share -лэж байхад

Зочин
Зочин

Mundag yuma✨

Иргэн
Иргэн

Ном үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг.өөрийг минь дүп гэж хэлж бхйгаа ч юм шиг.Постуудийг нь уншдаг жаахан хүүхэд гэхэд мундаг гэхдээ ихэнхийг чи харлуулж хараад бдг

Зочин
Зочин

Tatlaaa hahaha

Бадам
Бадам

Сэтгэл зүйчид хүний жижигхээн асуудлыг улам дэвэргээд анг�##�руу нь түлхэж байгаад дахин2 ирүүлээд х�##�аасыг нь сэгсрээд байхаа мэддэг хүмүүс ш дээ.
Яг л муу нэртэй бөө лам шиг. Ядуу өвчтэй сул дорой сүнстэй хүмүүс хамаг байдгаа бариад тэдэнрүү доголож гүйдэг шиг. Сэтгэлизүйч дээр очиж байгаа хүмүүс арай дээд шатны хүмүүс байх тэднийг бодвол. Гэхдээ сайны дунд саар гэгчээр лам бөө гийн дүрд тоглодог сэтгэлзүйчид байдаг л байх да ????
Бүр тийм аргаа барсан диип хүмүүс л зөв хүндээрээ очвол тусламж авч чадах байх. Бусад нь ухамсартайгаар өөрийгөө хөгжүүлэхэд болно.
Энэ хүн бол мөнгө гэж хардаггүй, нийгмээ эмчиле, з�##�уучуудаа шинэчиле гэсэн зорилготой хүн гэж бодлоо. Хуудас, нийтлэлийг нь хэзээч уншиж харж байгаагүй хүний сэтгэгдэл ????????

Холбоотой мэдээ

Back to top button