Монголын дартсын тамирчид анх удаа алтан медаль, цомыг хүртлээ

Дартсын төрлөөр Монголын тамирчид анх удаа алтан медаль хүртэж, цомын эзэн болжээ.
Тодруулбал, Тайванийн Тайпэй хотод болсон Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 13 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, анхны цом, алтан медалиа эх орондоо авчирсан байна. Эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон өсвөрийн ангилалд өрсөлджээ.
Өсвөрийн эрэгтэй ганцаарчилсан төрөлд тамирчин М.Тэлмэн алтан медаль хүртсэн бол Н.Батболд хүрэл, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөр Б.Анхилуун хүрэл медалиа энгэрээ мялаав. Үүнээс гадна дан болон холимог хосын төрөлд мөнгөн медаль хүртсэнээр багийн нийлбэр дүнгээр өсвөрийн баг цомын эзэн болжээ.
Тэгвэл насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд баг болон хосын төрөлд Г.Оюун-Эрдэнэ, Б.Одончимэг нар мөн хүрэл медалийн тавцанд зогслоо. Харин эрэгтэйчүүдээс М.Алтантүлхүүр мөнгөн медаль хүртсэнээс гадна хосын төрөлд М.Алтантүлхүүр, Б.Жаргалсайхан нар дэд аварга болж, нийлбэр дүнгээрээ цомын эзэн болов.
Энэхүү цом нь Ази, Номхон далайн орнуудыг 19 удаа тойрон явсан бол анх удаа Монголд ирж буй нь энэ юм. Монголын дартсын тамирчид уг спортоор сүүлийн 30 жилд үзүүлээгүй амжилтаа гаргасныг багийнхан онцолж байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.