Top StoriesГадаад мэдээ

Гаднын улс орнууд улс тунхагласан баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ

Өнөөдөр /2024.11.26/ Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, улс тунхагласны баяр тохиож байна. 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж улс төрийн шинэ тогтолцоонд орсон. Энэ нь Монголын түүхэн дэх томоохон үйл явдлуудын нэг учир бид тэмдэглэж өнгөрөөдөг. Тэгвэл дэлхийн бусад орнууд хэрхэн улс тунхагласан өдрөө хэрхэн тэмдэглэдгийг харцгаая.

АНУ

АНУ 1787 оны есдүгээр сарын 17-нд Үндсэн хуулиа баталж улс тунхаглаж байжээ. Америкчууд Үндсэн хуулиа баталсан өдрийг “Үндсэн хуулийн болон Иргэний өдрийн баяр” хэмээн нэрлэдэг байна. Тус баяртай холбогдуулан Үндсэн хуулийн долоо хоног нэртэй өдрүүд өнгөрдөг юм. Үндсэн хуулийн долоо хоног нь есдүгээр сарын 17-ноос 23-ны хооронд явагддаг байна.

1787 оны есдүгээр сарын 17-нд Пенсильвани мужийн Филадельфи хотод мужуудын 39 төлөөлөгч Үндсэн хуульд гарын үсэг зурж баталсан юм. Үндсэн хуульд гарын үсэг зурсан ойн баярыг хамгийн анх 1861 онд Филадельфи хотын иргэд тэмдэглэж байжээ. Тус өдөр Филадельфи хотын иргэд АНУ-ын холбоонд үнэнч гэдээ илэрхийлэн тангараг өргөж байсан юм.

Хэдийгээр америкчууд улс тунхагласан өдрөө тусгаар тогтнолын өдөр шиг том тэмдэглэдэггүй ч гэсэн боловсрол болон засгийн газрын агентлагууд тэмдэглэлт үйл ажиллагаа явуулдаг юм. Мөн АНУ-ын ерөнхийлөгч тус өдөр үг хэлж, иргэддээ мэндчилгээ дэвшүүлдэг.

Үндсэн хуулийн өдрөөр улсын сургуулиуд Үндсэн хуулийн тухай боловсрол олгох хичээл ордог байна. Мөн Үндсэн хуулийн хуульч, түүхч болон засгийн газрын албан тушаалтнууд хүмүүст мэдээлэл олгох семинар явуулдаг аж. Үүнээс гадна зарим хүмүүс, байгууллагууд АНУ-ын далбааг мандуулдаг. Зарим шүүх байгууллагууд тус өдрөөр гадаад хүмүүс АНУ-ын иргэн болж буйг тэмдэглэх тусгай арга хэмжээ зохион байгуулдаг байна.

2023 оны Үндсэн хуулийн долоо хоногоор АНУ-ын иргэн болж буйг тэмдэглэсэн тусгай
арга хэмжээ.

Америкчуудын нүсэр тэмдэглэдэг баяр бол Тусгаар тогтнолоо зарласан өдөр /1776.07.04/ юм. Тэрхүү баяраараа америкчууд салют буудуулж, парад хийн, гэртээ баярын зоог барьдаг байна. Мөн Нью-Йорк, Вашингтон ДС гэх мэт хотуудад томоохон цар хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулдаг юм.

Норвеги

Норвеги улс 1814 оны тавдугаар сарын 17-нд Үндсэн хуулиа баталжээ. Тус улсын парламентын албан ёсны вэбсайтаас харвал Норвегийн Үндсэн хууль нь одоог хүртэл үйлчилж буй дэлхийн хоёр дахь хамгийн эртний Үндсэн хууль аж.

Зургийн эх сурвалж: Fjord Tour

Үндсэн хуулиа баталсан өдрийг норвегичууд Үндэсний өдөр хэмээн нэрлэж улс даяараа тэмдэглэдэг байна. Тэмдэглэлт үйл ажиллагаанд хүүхдүүд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Баярын парад, ёслолд оролцохоосоо өмнө олон хүн шинэхэн барьсан талх, чанасан өндөг, утсан загас бүхий өглөөний цай уудаг. Норвегичууд тэрхүү өдрөөр бунад нэртэй үндэсний хувцсаараа гоёдог байна. Баярын өдрөөр улс даяар хүүхдүүд парад хийдэг аж. Тэдгээрээс хамгийн том парад нь Норвегийн нийслэл Ослод зохион байгуулагддаг. Осло хотын парадад 120 орчим сургуулийн сурагчид найрал хөгжмийн хамтлагуудтайгаа оролцдог байна.

Парад хотын төвөөр дамжиж, Хааны ордны хажуугаар өнгөрөхөд Хааны гэр бүл тэднийг угтаж авдаг юм. Сонирхолтой нь зөвхөн хүүхдүүд л тэр парадад оролцдог байна. Тэрхүү ёслолын үйл ажиллагааг үзэхээр улсынхаа далбайг барьсан олон мянган хүн хотын гудмуудаар цугладаг аж.

Испани

Испани улс одоогийн Үндсэн хуулиа 1978 оны арванхоёрдугаар сарын зургаанд бүх нийтийн санал хураалт явуулж баталсан. Дарангуйлагч Францис Франко таалал төгссөнөөс гурван жилийн дараа тэрхүү санал хураалтыг явуулсан юм. Испани улс өмнө нь хэд хэдэн удаа үндсэн хууль болон үндсэн хуультай төстэй бичгийг баталж байсан. Гэхдээ 1978 оны Үндсэн хууль нь аль нэг тал хүчээр батлалгүй бүх тал хэлэлцсэний эцэст бүх нийтийн санал асуулгаар оруулж баталсан гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.

Үндэсний хуулийн өдрийг тэмдэглэж буй арга хэмжээ.

Үндсэн хуулийн өдрөөр янз бүрийн байгууллагууд олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. Үүнд Испанийн төрийн далбааг мандуулах, Мадрид хотод уралдаан зохион байгуулан, мужуудын удирдагч нар үг хэлдэг юм. Сонирхолтой нь Испанийн Үндсэн хууль дээр тус өдрийг хэрхэн тэмдэглэх талаар тусгасан байдаг аж.

Тодруулбал Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Улсын болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд “Үндсэн хуулийн өдөр”-ийг захиргаа, удирдлагын байгууллагуудын тогтоосон хэлбэрээр хамгийн өндөр, ёслол төгөлдөр, нийтэд зориулсан арга хэмжээнүүд зохион байгуулан тэмдэглэн өнгөрүүлнэ” гэж бичжээ. Харин гуравдугаар зүйлд “Зэвсэгт хүчин “Үндсэн хуулийн өдөр”-т хэрхэн бэлтгэхийг Батлан хамгаалахын яам хангана” гэж бичжээ. Мөн дөрөвдүгээр зүйлд “Сургуулиуд “Үндсэн хуулийн өдөр”-ийг боловсролын байгууллагаас тогтоосон байдлаар тэмдэглэнэ” гэсэн байна.

Эх сурвалж: Stortinget, Visit Norway, Sensational Spain, Constitution Facts

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эх оронч монгол
Эх оронч монгол

Улс тунхагласан гэж нэрлэж зарлах нь туйлын буруу!!! Тусгаар тогтносны дараагаар улсыг зарлан тунхаглалаг. Манай тусгаар тогтнол 1911 оны12 сарын 29. Гэтэл бүхэл бүтэн 13 жил хойшлуулж 24 онд хаант засаглалаас БН засаглал руу шилжсэн өдрийг тусгаар тогтнолтой холбон улс тунхагласан гэж нэрлэх нь туйлын буруу. Энэ бол нэг нам өөртөө бүх ололт амжилтыг наах гэсэн арга аядсан заль мэх юм.

Зочин
Зочин

Eh oronch Mongolian tvmen zu shvv !!!

Зочин
Зочин

МАН буруу ярьж буруу ойлгуулаад байна. Тусгаар тогтнолоо аль 1911 онд зарлачихсан шүү дээ. 12 сарын29 бол жинхэнэ тусгаар улсаа зарлан тунхагласан өдөр шүү....

Холбоотой мэдээ

Back to top button