Туркийн газар хөдлөлтөөр нурсан зочид буудлын архитекторт 18 жилийн хорих ял оноолоо

Туркийн шүүх 2023 оны хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурж, 72 хүний амийг авч одсон зочид буудлын эзэн болон архитекторт шоронд хорих ял оноосон байна. “Isias Grand” зочид буудлын эзэн Ахмет Бозкурт, аркитектор Эрдем Йылмаз нарт 18 жил таван сараар хорих ял оноосон юм. Бозкуртын хүү Мехмет Фатиха 17 жил дөрвөн сараар хорих ял сонссон байна.
Шүүх Бозкурт, Йылмаз, Фатиха нарыг санаатайгаар үл хайхран олон хүний амь насыг хохироосон хэрэгт гэм буруутай гэж үзжээ. Адъяаман хотод байрладаг тэрхүү зочид буудал өнгөрсөн жилийн хоёрдугаар сард газар хөдлөлт болоход нэгэн Кирп сургуулийн волейболын баг болон жуулчны хөтчүүд байрлаж байсан юм.
Туркийн эзэмшдэг Киприйн Ерөнхий сайд Унал Устел ялыг хэтэрхий хөнгөн байгаа тул давж заалдана гэж “AFP” агентлаг мэдээлжээ. Устел “Зочид буудлын эзэмшигчид бидний хүлээж байсан шийтгэлийг аваагүй. Гэсэн хэдий ч зочид буудлын бүтээн босголтод буруутай хүмүүсээс эхлээд архитектор хүртэл шийтгэгдсэн. Энэ бидний сэтгэлийг тайтгаруулсан” гэжээ.
2023 оны хоёрдугаар сарын зургаанд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Сири болон Туркт 50 мянга гаруй хүн амь үрэгдсэн. Хөдлөлтийн улмаас 150 мянган барилга нурж эсвэл их хэмжээний гэмтэлтэй болж, 1.5 сая хүн орон гэргүй болсон юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.