Хэлээр нь ярьж чаддаггүй ч Испанийн үгийн сүлжээний аварга болжээ

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Гранада хотод Испани хэлийн үгийн сүлжээний аварга шалгаруулах тэмцээн явагдсан юм. Тус тэмцээнд дэлхийн 20 гаруй орноос 150 орчим тамирчин оролцжээ. Тэмцээний ялагчаар Малайзад амьдардаг Найжел Ричардс нэртэй Шинэ Зеланд эрэгтэй тодорсон нь Испани даяар шуугиан дэгдээсэн байна. Учир нь гэвэл тэр Испани хэлээр огт ярьдаггүй юм.
Тэрбээр Аргентин, Венесуэл, Колумб зэрэг Испаниар ярьдаг орнуудаас ирсэн өрсөлдөгчдийг ялж, 22 тоглолт дараалан хожсон гэж Олон улсын Испани хэлний толь бичгийн холбоо мэдээлжээ.
Нэгэн Испани хөтлөгч тус явдлыг итгэмээргүй ичгүүртэй хэрэг гэсэн бол өөр нэг хөтлөгч утга учиргүй явдлын оргил хэмээсэн тодорхойлжээ. Тэмцээний хоёрдугаар байранд орсон Бенжамин Олайзола “Cadena Ser” агентлагт хэлэхдээ “Тэр бол маш онцгой, гайхалтай чадвартай хүн. Англи хэлний тэмцээнд олон удаа аварга авсан Шинэ Зеланд хүн. Дор хаяж таван удаа” гэсэн байна.
Найжел Ричардс гэж хэн бэ
Ричардс 1967 онд Шинэ Зеландад төржээ. Олон хүн түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг үгийн сүлжээ бөглөгч гэж үздэг юм. Тэрбээр 2007 онд үгийн сүлжээний дэлхийн аварга болсон байна. Үүний дараа Ричардс 2011, 2013, 2018, 2019 онуудад мөн аваргалжээ. Тэр 2019 онд Дэлхийн англи хэлний үгийн сүлжээ тоглогчдын аварга шалгаруулах тэмцээнд (WESPAC) ялалт байгуулсан байна.
Мөн Ричардс АНУ-ын үндэсний үгийн сүлжээний тэмцээнд таван удаа (2010-2013 онд дараалж дөрвөн удаа хожсон) Их Британийн үгийн сүлжээний тэмцээнд найман удаа, Сингапурын үгийн сүлжээний тэмцээнд 11 удаа, Бангкокийн хааны тэмцээнд 15 удаа ялсан юм.

Үгийн сүлжээний Тайгер Вүүдс хочтой тэрбээр нийтдээ 200 гаруй тэмцээнд ялалт байгуулсан. Дэлхийн Англи хэлний үгийн сүлжээ тоглогчдын холбооноос (WESPA) гаргадаг тоглогчдын чансааны жагсаалтад тэр нэгт ордог байна.
Ричардс хэлээр нь ярьж мэддэгүй ч гэсэн үгийн сүлжээний аварга болсон өөр тохиолдлууд бий. Тэрбээр 2015 онд Франц хэлний үгийн сүлжээ бөглөх тэмцээнд ялалт байгуулсан юм. Тухайн үед түүний ойрын найз Лиз Фагерлунд “New Zealand Herald” сонинд “Тэр Францаар огт ярьдаггүй. Зүгээр л үгсийг нь цээжилсэн. Тэр үгнүүдийн утгийг нь мэдэхгүй, Францаар яриа өрнүүлж чадахгүй гэж бодож байна” гэж хэлж байв.
Шинэ Зеландын үгийн сүлжээний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Фагерлунд нэмж “Тоглогчид түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг үгийн сүлжээ бөглөгч гэж үздэг, үүгээрээ алдартай. Гэхдээ тэдний хэн нь ч түүнийг Франц хэлний тэмцээнд анхны удаа оролцоод хожно гэж бодоогүй байх” хэмээсэн юм. Фагерлунд 2015 онд Ричардсын тухай “CNN” агентлагт ярихдаа “Түүний толгой бусдынхаас өөр ажилладаг байх магадлал өндөр. Тэр үгийг нэг бүрчлэн цээжилдэггүй. Нэг нүүр дүүрэн үг хараад л бүгдийг нь тогтоож чадна” гэжээ.
Ричардс анхны удаа Франц хэлний үгийн сүлжээний аварга болсны дараа Бельгийн үгийн сүлжээний холбооны дэд ерөнхийлөгч Ив Бренез “Тэр Франц хэлээр лав ярьж чаддаггүй. Үүнийг баттай хэлнэ. Энэ тэмцээнд оролцох нь галзуу сорилт байсан ч тэр есөн долоо хоногийн дотор Франц үгийн санг цээжилсэн. Тэр бол тулааны машин. Түүний хувьд үг бол зүгээр л үсгүүдийн хослол” хэмээсэн юм.
Зарим хүн түүнийг азаар Франц хэлний үгийн сүлжээний аварга болсон гэж үзэж байсан ч Ричардс 2018 онд дахин ялалт байгуулж тэдний амыг тагласан байна.
Фагерлундийн хэлснээр тэр ээжтэйгээ үгийн сүлжээ бөглөн тоглож эхэлсэн аж. “Ээж нь хөзөр тоглохдоо түүнд дандаа хожигддог байснаасаа залхаж, үгийн сүлжээ бөглөн тоглож эхэлсэн. Ричардс сургуульд байхдаа Англи хэлэндээ тааруухан байсан тул ээж нь түүнийг үгийн сүлжээнд ялж чадна гэж бодож байсан юм. Тэгтэл тэр үгийн сүлжээний клубт нэгдээд бүх хүнийг ялж эхэлсэн” гэж Фагерлунд ярьжээ.
Үгийн сүлжээний дэлхийн аварга болж байсан Камеруны тоглогч Эрик Сальвадор Чуйо түүнийг гоц хүн гэж тодорхойлсон байна. Чуйо “Ярьдаггүй хэлийнхээ үгийг ийм сайн санаж байгаа нь үнэхээр ойлгомжгүй тул анагаахын оюутнууд түүнийг судлах хэрэгтэй гэж би хэлдэг. Найжел ширээний ард суух үед бусад бүх тоглогчид сандардаг, шилдгүүд хүртэл. Найжелийн эсрэг тоглоно гэдэг яг л компьютертой тоглож байгаатай адил” гэсэн юм.
Эх сурвалж: CNN, The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.