Артист Э.Цэндсүрэн, ёочинч Э.Пагма нарын шинэ цомгийн бүтээл өнөөдөр цацагдана

Монгол ардын дууг хамсран хөгжимдөх нь ардын хөгжмийн нэгэн төрөл зүйл билээ. Ардын дууг хоршлоор, зургаалаар, есүүл гэх мэт бүрэлдэхүүнээр хөгжимдсөөр ирсэн уламжлалтай. Aydu Records-ийн артист хуучирч Э.Цэндсүрэн, ёочинч Э.Пагма нар ардын 16 дууг уламжлалт болон өөрсдийн найруулгаар хөгжимдөж бичүүлэн энэ цагаан сараар бэлэг болгон барьж байна.
Тус цомогт бидний сайн мэдэх “Дөрвөн цаг”-аас аваад “Ай Нанаа”, “Сүнжидмаа”, “Өнчин цагаан ботго” гэх мэт дуунуудыг өөрсдийн ардын арга барилаар хөгжимдөхдөө зэмсгийн онцлог төрөл, цохилгыг хэрэглэсэн. Тухайлбал хуучир нь энгийн хуучраас гадна дөврөн чавхдаст, тэмээн гэх мэт олон төрөл байдаг бол ёочинг олон төрөл цохиур ашиглан хөгжимдөж болдогийг харуулжээ.
Хоёр уран бүтээлчийн хувьд өмнө нь мэргэжлийн, контемпорари, жазз чиглэлээр цомгоо толилуулж байсан бол ардын дуугаар дагнаж толилуулж байгаа нь анхных юм.
Цомгийг бүхий л стриймин платфоор хүлээн авч сонсох боломжтой.
Артистуудын тухай
Цэндсүрэнгийн тухай
Виртуоз хуучирч Цэндсүрэн нь хөгжмийн гэр бүлд төрж өссөн ба 12 настайгаасаа хөгжмийн сургуульд суралцжээ. Монгол Улсын Консерваторт бакалавр, БНХАУ-ын Шанхайн Консерваторид магистраа хамгаалсан тэрээр үндэсний болон олон улсын хэдэн хэдэн уралдааны шагналтан. Хамгийн сүүлд тэрээр 2023 оны Б.Шаравын нэрэмжит “Үндэсний хөгжимчид, дуулаачдын III уралдаан”-ны тэргүүн байрыг эзэлсэн билээ.
2021 оноос хойш бүрэн хэмжээний гурван цомог, ЕР хоёр цомог, 10 орчим сингл хэвлэн нийтэлсэн ба тэдгээр нь үндэсний сонгодог бүтээлээс хальж жазз, сөүл, поп чиглэлээр туурвисан нь түүний хөгжмийн авьяас, хувиран туурвих чадварыг харуулж байна.
Цэндсүрэнгийн хөгжмийн давтагдашгүй чанар бол монгол хөгжмийн дуугаралтын ондоошил, уянгын энгийн дуунаас аваад онцгой чадвар шаардсан томоохон бүтээлүүдийг хөгжимдөх өргөн цараа чадамж юм. Хуучир хөгжим нь түүний дотоод дуулал, илэрхийлэл, өөрийнх нь ертөнц гэлтэй. Мэргэжлийн хөгжимчин хүн болохын хувьд түүний ашид хөгжимдөх бүтээл, хөгжиж дэвших орон зай хэзээд дуусашгүй учир өдөр тутамд тэрээр хөгжмийн далайд даруу байх шалтгаан нь болдог.
Пагмын тухай
Ёочинч, симбал хөгжимчин Пагма нь baroque, classical minimalism, worldwide жанраар хөгжимддөг Монгол уран бүтээлч юм. Түүний хөгжим виртуоз хийгээд тайвшруулах, меланхоли илэрхийлэмжтэй. Тэрээр Францын Страсбург хотод сурч байх үедээ өөрийн дотоод мөн чанар, арга барилаа олсон билээ.
J.S.Bach, Wang Se, György Kurtág, Astor Piazzolla, Claude Debussy хөгжмийн зохиолчид түүний уран зоригийн эх болдог. Түүнчлэн тэрээр worldwide жанраар хөгжимддөг Jonon хамтлагийн гишүүн юм. Аydu Records түүний нэрийн анхны цомгийг 2024 оны 10-р сард хүргэсэн бол ийнхүү хоёр дахь хамтарсан уран бүтээлийг толилуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөө цагийн мэргэжлийн хөгжимчдийг түүчээлэн яваа чадвартай виртуоз хөгжимчиддөө баяр хүргэе!..гайхамшигтай.
"Артист" гэж ямар юм байдаг юм бэ?? Орлуулах монгол үг олдохгүй байна уу??!!