2016 онд гаргасан санаачилгаа мега төсөлдөө шингээж, 300 ортой буудлаа 20 тэрбум ам.доллароор байгуулна

Өнгөрсөн онд нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд НЗДТГ-ын хуучин гурван давхар барилгыг олон улсын зэрэглэлийн зочид буудал болгон өөрчлөх ажил тусгагджээ.
Энэ ажлын хүрээнд 300 ортой зочид буудлын ТЭЗҮ-ийг 2025-2026 онд боловсруулж, бүтээн байгуулалтыг 2028 онд дуусгах юм байна.
Мөн олон улсын зочид буудал төслийг төр, хувийн хэвшлийн түншлэл, үл хөдлөх барилгын 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ гэж тооцоолжээ.
Нийслэлийн засаг даргын тамгын газрын гурван давхар барилга нь 1947 онд ашиглалтад орж, 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна.
Өмнө нь 2016 онд нийслэлийн Засаг захиргааны I байр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг спорт заалтай нь хамт буулгаж шинээр барих төслийг санаачилж байжээ. Ингэхдээ тухайн төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан байна.
Тухайн үед "Голомж фаннэшнил групп" ХХК нь дараах барилгын зураг төслийг гаргаж байжээ.

Тус компани нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай, нийт 17,037 м2 талбай бүхий барилга болгон барих бөгөөд 1-3 давхарыг нийслэлийн өмчид шилжүүлнэ гэж байжээ.
Тэгвэл есөн жилийн өмнөх энэ ажлыг нийслэлийг хөгжүүлэх 14 мега төсөлд багтаасан. Мөн өмнөх зориулалтаас нь хазайлгаж, зочид буудлын үйл ажиллагаа эхлүүлэх гэж буй нь сонин.

Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.