АНУ-ын эдийн засаг нэгдүгээр улиралд ширгэснийг Трамп Байдены буруу гэв

АНУ-ын эдийн засаг нэгдүгээр улиралд сүүлийн гурван жилдээ анхны удаа ширгэсэн байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эмх замбараагүй худалдааны бодлогын улмаас импортлогчид их хэмжээний бараа нөөцлөн худалдан авсантай холбоотой. Лхагва гарагт /2025.04.30/ АНУ-ын Худалдааны яамнаас гаргасан мэдээллээр бол тус улсын эдийн засаг эхний улиралд 0.3 хувиар буурсан байна.
Тэгвэл Трамп эдийн засаг ширгэсний бурууг бусад руу чихэж, зарим зүйл дээр ялалт байгуулсан гэжээ. Тэр сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Та бүхэн өнөөдөр зарим тоо баримт харсан байх. Тэр бол Байденых гэдгийг би хэлэх хэрэгтэй” хэмээсэн байна. Дараа нь тэр ДНБ буурсныг импорт нэмэгдэж, засгийн газрын зардал гэх мэт зүйлтэй холбоотой гэсэн юм. Трамп эхний улиралд бизнесийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь сайн зүйл хэмээн тэмдэглэсэн байна. Эдийн засагчид энэ нь гаалийн татвартай холбоотой гэж үзэж буй.
Засгийн газрын хуралдааны үеэр Трамп “Бидний өвлөж авсан эдийн засгийг үл харгалзан бид тоон үзүүлэлтийг эргүүлж чадсан, үнэхээр эргүүлж чадсан” гэж хэлжээ. Трампын зөвлөх Питер Наварро “Энэ бол миний амьдралдаа харж байсан хамгийн сайн сөрөг тоо, худалдааны хэлээр ярьбал. ДНБ буурсан ч энэ нь үнэндээ Америкийн хувьд маш эерэг мэдээ байх ёстой” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэхээр зөнөжээ