АНУ-ын 500 хувийн татварын хууль хэрэгжвэл Монголд хэрхэн нөлөөлөх вэ

АНУ-ын зарим сенатор болон эрх баригчид Оросыг хэлэлцээ хийхэд түлхэц өгөх зорилгоор шинэ санкцын хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж буй. Уг хуулийн төсөлд Оросоос нефть, байгалийн хий болон уран худалдан авч буй аливаа орны АНУ-д экспортолсон бүх бараа бүтээгдэхүүнд 500 хувийн татвар ногдуулах заалтууд багтсан билээ.
Өөрөөр хэлбэл, Оросоос шатахуун, нефть импортолдог бол тухайн улсын ямар ч бараа АНУ-ын зах зээлд 500 хувь нэмэгдэл татвартай орж ирэх юм. Дэд бүтцийн хүчин зүйлээр хангагдсан улс орон болох Хятад, Энэтхэг, Иран зэрэг нь энэ журмын зорилтотд эхний ээлжид орж магадгүй гэж зарим эх сурвалжид тэмдэглэсэн байна.
Мөн хуулийн төсөлд АНУ-ын иргэдэд Оросын Засгийн газрын бонд худалдан авахыг хориглох заалт мөн оруулжээ. Ерөнхийдөө энэ нь АНУ-ын эрх баригчдын зүгээс bone-crushing буюу хүчтэй дарамт үзүүлэх арга хэмжээнүүдийн нэг хэмээн нэрлэгдэж буй.
Монголоос АНУ руу 2024 онд 166 сая ам.долларын бараа экспортлов
Монгол Улс АНУ-тай худалдааны харилцаа ихэвчлэн албан бус, жижиг дүнтэй байдаг. АНУ-ын Худалдааны Төлөөлөгчийн албаны тайланд дурдсанаар, 2024 онд АНУ Монгол улсаас бараа бүтээгдэхүүн импортлоход ердөө 27 сая ам.доллар зарцуулсан нь өмнөх оноос 12.6 хувиар буюу 3.9 саяар ам.доллароор буурчээ.
2023 онд АНУ-аас Монгол руу экспорт 136 хувь өссөнтэй харьцуулахад Монголын АНУ руу экспорт харьцангуй бага хэмжээтэй буюу ердөө 10 хувьтай нь тэнцдэг байна. Монгол Улсаас АНУ руу экспортлодог гол нэр төрлийн бараанд малын гаралтай бүтээгдэхүүн буюу ялангуяа ноолуур, ноолууран бүтээгдэхүүн, самар зэрэг хүнсний бүтээгдэхүүн, мөн цөөн тооны төмрийн хүдэр, тугалга зэрэг ховор металлын хүдэр ордог талаар OEC World-ын тайланд дурджээ.
Гаалийн Ерөнхий газрын мэдээллээс харвал Монгол Улс 2024 онд АНУ руу боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, дотоод шаталтын хөдөлгүүрийн эд анги, свитер, пуловер, агаарын хөлөг, хэрэгслийн эд анги гэх мэт 166 сая 370 мянган ам.долларын бараа экспортолсон байна.
Өмнө нь Трампын гаргасан шийдвэрүүдийн хүрээнд АНУ-ын бараанд татвар тавьдаг бүх улс орнуудын барааны татварыг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасаны дотор манай улсын нэр байсан билээ.

Монгол Улс Оросын хамгийн том хэрэглэгч
Монгол Улс эрчим хүчний хувьд ОХУ-аас өндөр хамааралтай. Статистик тоо баримтаас харвал Оросын экспортын орлогын голлох хүчийг нефть, шатахуун, байгалийн хийн бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд 2024 онд Монгол Улсын нийт импортын 25.8 хувь буюу 2.4 тэрбум ам.долларын нийлүүлэлтийг Орос дангаараа хангажээ.
Монгол импортын нефть, дизель, бензин зэрэг бүтээгдэхүүнийхээ 90-ээс дээш хувийг Оросоос авдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс агаарын хөлгийн түлш болон авто бензин, дизель түлшнийхээ ихэнхийг бүрэн ОХУ-аас хангаж байна.
Жишээлбэл, Засгийн газрын мэдээллээр Монгол Улс одоо хүртэл онгоцны түлшээ 100%-ийг ОХУ-аас импортолдог. Сүүлийн жилүүдэд манайх ОХУ-тай эрчим хүчний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэрээ хэлэлцээрүүдийг Засгийн газрын түвшинд ярьсаар байгаа.
Тухайлбал 2023 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын ажлын хэсэг ОХУ-д айлчилж, сар бүр 140 мянган тонн дизель түлш, 90 мянган тонн АИ-92 бензин нийлүүлэхэд Орос бүрэн хангахаа баталсан мэдээлэл байдаг. Энэ хэмжээний нийлүүлэлтийг жилд тооцвол ойролцоогоор 2.7 сая тонн түлш гэсэн үг.
Хэрэв дээрх хуулийн төсөл батлагдвал, ОХУ-аас нефть, шатахуун импортолдог манай улсын хувьд АНУ руу экспортолдог жилд 160-200 орчим сая ам.долларын бараанд гаалийн татвар ногдох эрсдэлтэй гэсэн үг.
Өөрөөр хэлбэл АНУ руу экспортолдог бүх бараанд 500 хувийн нэмэгдэл татвар ногдуулж, экспортын бүтээгдэхүүний үнэ АНУ-ын зах зээл дээр тэр даруй зургаа дахин өсөх хэмжээний нөхцөл бий болох тул Монгол бараа бүтээгдэхүүн Америк зах зээлд өрсөлдөх боломжгүй болно. Ийм өссөн өртөгтэй барааг Америкийн зах зээл дээр худалдан авагч олоход хэцүү бөгөөд Монголын АНУ руу хийдэг экспорт бараг тасалдана хэмээн шинжээчид таамаглаж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп