Энэтхэгийн ерөнхий сайд дахин террорист халдлага болбол Пакистанд цохилт өгнө хэмээлээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди даваа гарагт /2025.05.12/ мэдэгдэл хийхдээ дахин террорист халдлага болбол террористууд нуугддаг газарт хил давж цохилт өгнө гэж Пакистанд анхааруулжээ. Моди хэлэхдээ Пакистаны цөмийн зэвсгийн сүрдүүлгээс айхгүй гэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэг, Пакистаны хооронд болсон мөргөлдөөний дараа Модигийн хийсэн анхны мэдэгдэл нь Энэтхэг хөрш оронтойгоо илүү хатуу харилцаж эхэлж буйг харууллаа. Энэтхэг Пакистаныг террористуудыг хамгаалдаг гэж буруутгадаг юм. Харин Пакистан уг мэдэгдлийг үгүйсгэж, өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн цохилт өгсөн газрууд нь иргэний дэд бүтэц байсан гэжээ.
Хоёр улс хэдэн хоногийн турш хил даван бие биедээ цохилт өгсний эцэст АНУ-ын зуучлалаар гал зогсоосон. Энэтхэг, Пакистаны харилцаа огцом муудах болсон нь өнгөрсөн сарын дундуур Кашмир нутагт гарсан террорист халдлагатай холбоотой юм. Халдлагыг үйлдсэн гурван этгээдийн хоёр нь Пакистанаас хил даван орж ирсэн гэж Энэтхэг үзэж байгаа. Пакистан тус халдлагатай ямар ч холбоогүй гэх байр суурь илэрхийлж, төвийг сахисан мөрдөн байцаалт явуулахыг уриалсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.