АНУ-ын эдийн засгийн идэвх нэмэгдсэн ч хэтийн төлөв бага зэрэг муу байна

Америк компаниуд зургаа болон долоодугаар сарын эхээр Холбооны нөөцийн санд мэдэгдэл хүргэхдээ, цагаач ажиллах хүчний хомсдол Трампын худалдааны бодлогын нөлөөг давахад асуудал болж буйг онцолсон. Энэ нь Трампын бодлого ямартай ч нөлөөгөө үзүүлж буйн шинж тэмдэг юм.
Холбооны нөөцийн сан энэ долоо хоногт “Beige Book” нэртэй тайлангаа нийтэлсэн. Тэрхүү тайланг ХНС-гийн харьяа 12 банкнаас ярилцлага, ажиглалт авч гаргажээ. “Beige Book”-ээс харвал АНУ-ын эдийн засгийн идэвх сүүлийн хэдэн долоо хоногт нэмэгдсэн ч хэтийн төлөв “саармаг буюу бага зэрэг муу” хэвээр байна. Үүний гол шалтгаан нь импортын татварууд нэмэгдэж, инфляцын дарамт нэмэгдсэнтэй холбоотой.
“Beige Book” тайланд “Олон салбарын компаниуд ойрын саруудад бизнесийн зардал өндөр түвшинд хадгалагдана гэж таамаглаж байна. Энэ нь хэрэглээний үнэ хурдан өсөх эрсдэлтэй гэдгийг харуулж буй” гэж бичжээ.
Бүх бүс нутгууд худалдааны бодлогын нөлөөг мэдрэгдэж буйг ХНС-д илэрхийлжээ. Трамп үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Америкт дахин төвлөрүүлэх гэж оролдож буйгаас цөөн хэдэн компани эерэг үр дүн мэдүүлсэн байна. Харин эдгээрийг эс тооцвол ихэнх нь сөрөг нөлөө үүсээд байгааг дурджээ. Олон бизнесүүд үнийн өсөлт аль хэдийн мэдрэгдэж эхэлсэн, эсвэл удахгүй мэдрэгдэхээр байгаа гэсэн юм. Мөн зарим компани бизнесийн үйл ажиллагаа удааширч эхэлснийг онцолсон байна.
Жишээлбэл Миннеаполис дэх Холбооны нөөцийн сангийн харьяа банк мэдээлснээр, нэгэн төмөр боловсруулагч компани “Одоо бизнес тогтвортой байгаа ч тун удахгүй эрс бууралт тохиох шинжтэй” гэжээ. Атлантын далайн бүсийн компаниудын зарим нь Трампын тариф үйлчилж эхлэхээс өмнө үнээ нэмсэн бол, зарим нь тодорхойгүй байдал арилтал үнээ нэмэхгүй байхаар шийджээ. Энэ нь тэдний ашигт ажиллагаанд дарамт учруулж байгаа ч үнийн савлагааг багасгаж байгаа гэж тус банк мэдэгдсэн юм.
Хөдөлмөр эрхлэлт маш бага хэмжээгээр нэмэгдсэн байна. Олон байгууллагууд шинэ ажилтан авах эсвэл цомхотгол хийх шийдвэрийг тодорхойгүй байдал намжтал хойшлуулахаар төлөвлөжээ.
Трампын мөрийн хөтөлбөрийн гол бодлого болох хууль бус цагаачдыг гаргах хүчин чармайлт нь орон нутгийн бизнесүүдэд сөргөөр нөлөөлж байна гэж “Beige Book” тайлан мэдээлсэн. Тухайлбал Сэйнт-Луйсын дахь ХНС-гийн харьяа банк мэдээлэхдээ, нэгэн барилгын компани ажиллах хүч дутагдсанаас төслүүдээ хойшлуулсан гэжээ. Өөр нэгэн цэцэрлэгжүүлэлтийн компани захиалгынхаа талаас илүүг гүйцэтгэж чадахгүй болсон байна.

Нью-Йорк дахь харьяа банк мэдээлэхдээ, жижиг, улирлын чанартай зарим бизнесүүд цагаач ажилчид олдоогүйгээс болж үйл ажиллагаагаа эхлүүлээгүй гэжээ.
Трампын бодлогын дарамт
Холбооны нөөцийн сан 2024 оны арванхоёрдугаар сараас хойш бодлогын хүүг 4.25-4.50 хувьд хадгалж барьсан. Тэд Трампын худалдааны бодлогын өөрчлөлтөд эдийн засаг хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг ажиглаж буй. Ийм учраас ХНС есдүгээр сар хүртэл бодлогын хүүг барих төлөвтэй байна.
“LPL Financial”-ийн ерөнхий эдийн засагч Жеффри Роач “Сүүлийн сард бизнесийн үйл ажиллагааны идэвх нэмэгдсэн ч ерөнхий төлөв байдал бага зэрэг муу хэвээр байна. Компаниудын ашгийн зөрүү багасаж, зээл төлөх чадвар муудаж, орон сууцны зах зээл сулрах шинж тэмдэгт анхааралтай хандах хэрэгтэй" гэжээ.
Трамп Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллийг бодлогын хүү бууруулсангүй хэмээн олон удаа шүүмжилж, хүүг шууд бууруулахыг шаардсан. “Bloomberg” лхагва гарагт /2025.07.16/ мэдээлэхдээ Трамп Пауэллийг үүнээс болж огцруулж магадгүй гэсэн юм. Уг нийтлэл цацагдсаны дараа Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ тийм төлөвлөгөө одоохондоо байхгүй хэмээсэн юм. Гэсэн ч тэр Пауэллийг ажлаас нь чөлөөлөхийг бүрэн үгүйсгэхээс татгалзсан байна.
ХНС-гийн зарим албан тушаалтан энэ сарын 29-30-ны хуралдаанаар хүүг бууруулах талаар ярилцахаар бэлэн байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ албан тушаалтнуудын олонх нь бодлогын хүүг бууруулахаас цааргалж буй. Тэдний үзэж буйгаар инфляц удахгүй өсөх гэж байгаа тул бодлогын хүүг бууруулахыг дэмжихгүй байгаа юм.
Инфляц өсөж буй нэг шинж тэмдэг нь өнгөрсөн сард ажиглагдсан. Зургаадугаар сард хэрэглээний үнэ сүүлийн таван сард үзэгдээгүй хэмжээгээр өссөн. Үүнд гадаадаас ихэвчлэн орж ирдэг бараа буюу хувцас, гэр ахуйн тавилга, тоглоом, спортын хэрэгсэл зэргийн үнийн өсөлт голлон нөлөөлсөн юм.
Харин бөөний үнэ тийм ч хүчтэй өсөөгүй байна. АНУ-ын Хөдөлмөрийн яам энэ долоо хоногт нийтэлсэн тоо баримтаас харвал хүнс болон эрчим хүчийг хассан хэрэглээний үнийн индекс зургаадугаар сард жилийн дүнгээрээ 2.7 хувь байсан юм. ХНС-гийн зорилго бол энэ индексийг 2 хувь барих.
Даллас дахь ХНС-гийн харьяа банкны захирал Лори Логан болон Бостоны банкны захирал Сюзан Коллинз нарын үзэж буйгаар, тарифын инфляцад үзүүлэх нөлөө намар илүү тодорхой ажиглагдаж аж. Бусад захирлууд тариф инфляцыг таамаглаж байснаас бага өсгөж магадгүй гэжээ.
Яг юу болохыг ойлгохын тулд Холбооны нөөцийн сангийн төлөөлөгчид "Beige Book"-т дурдагдсан өдөр тутмын бизнесүүдийн бодит туршлага, нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.