Шуудангийн 24-р салбар байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулав. Дэнчин төлсөн 3 оролцогч уг дуудлага худалдаанд оролцож, “Вирео-Үсрэлт” ХХК 1.6 тэрбум төгрөгөөр худалдан авлаа.
198 ам м талбайтай энэ барилгыг 1981 онд үйлчилгээний зориулалтаар барьжээ. Цутгамал бетон суурь, угсармал төмөр бетон хучилттай, тоосгон ханатай, вакум цонх, шилэн хаалгатай агаад төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогджээ. Нийт 273 ам м талбай эзэмшдэг юм байна.

Нийслэлийн алдагдсан болон ашиглалт муутай өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлын хүрээнд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3, 4 дүгээр хороололд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн барилгын нэгдүгээр давхрын 198 ам метр талбайг өнгөрсөн оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авсан. Тус объектыг “Тэмүүжин групп” ХХК ашиг олох зорилгоор дамлан түрээсэлж, 20 сая төгрөгийн орлого олдог байсан ч зөвхөн 3.7 сая төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг байсан юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.