30 өвчтөнөө хордуулж, 12-ыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Франц эмчийн шүүх хурал эхэлжээ

30 өвчтөнөө хордуулж, тэднээс 12-ыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Франц эмчийн шүүх хурал даваа гарагт /2025.09.08/ эхэлжээ. Фредерик Печие эдгээр хэргүүдэд гэм буруутай нь тогтоогдвол бүх насаараа хоригдол ял сонсоно. Тэр 2008-2017 оны хооронд Бесансон хот дахь хоёр эмнэлэгт ажиллаж байхдаа тэдгээр хэргүүдийг үйлдсэн гэж прокурорууд буруутгаж байгаа юм.
Эмчлэх эрхээ хураалгасан 53 настай тэрбээр 2017 онд хууль сахиулах байгууллагынхны нүдэнд өртсөн байна. Тухайн үед 36 настай Сандра Симард ердийн хөнгөн хагалгааны үеэр зүрх нь зогссон явдал гарсан юм. Түүнд мэдээ алдуулахаар залгасан дуслын уутнаас үхэлд хүргэж болзошгүй хэмжээний калийн агууламж илэрчээ. Францын эрх баригчид мөрдөн байцаалт хийх явцдаа сэжигтэй үйл ажиллагаа бүхий олон арван хэргийг илрүүлсэн байна.
Печие мэргэжилтэн нэгт хүмүүсийнхээ хэрэглэж байсан дуслын уутыг албаар бохирдуулсан гэж прокурорууд үзэж байгаа юм. Тэр хамтран ажиллагсдынхаа карьерт хор хөнөөл учруулахын тулд ийм хэрэг үйлддэг байсан гэж прокурорууд буруутгажээ. Өвчтөнүүдийн зүрх нь зогссон үед сэхээн амьдруулах оролдлогод Печие хөндлөнгөөс оролцдог байсан юм. Прокуроруудын хэлж буйгаар тэр өвчтөнүүдийг аврах шийдэлтэй хордуулдаг байжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.