Хятад улс мафийн бүлгийн 11 гишүүнд цаазын ял оноолоо

Хятадын шүүх Мьянмарт луйврын төв ажиллуулж байсан нэр хүндтэй гэмт бүлгийн 11 гишүүнийг цаазаар авах ял оноосон тухай Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ.
Мин овгийн 10 гаруй хүнийг гэмт үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож, тэдний олонх нь удаан хугацааны хорих ялаар шийтгэгджээ. Мин овгийнхон нэгэн бүлгийн төлөө ажиллаж, Мьянмарын Хятадын хилийн ойролцоох Лауккайн хэмээх нам гүм хотыг мөрийтэй тоглоом, хар тамхи, залилангийн төвийн голомт болгон хувиргасан гэж үзжээ.
Эцэст нь Мьянмарын эрх баригчид 2023 онд дээрх гэр бүлийн олон гишүүдийг баривчилж, Хятадын талд шилжүүлэн өгсөн байна. Нийтдээ Мин овгийн 39 гишүүнд даваа гарагт Хятадын зүүн нутгийн Вэньжөү хотын шүүхээс ял оноосон талаар төрийн телевиз CCTV мэдээлэв.
Цаазын ял сонссон 11 гишүүний зэрэгцээ таван хүн мөн цаазын ял, 11 хүн бүх насаар хорих ял авч, бусад нь таван жилээс 24 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэгджээ. Шүүхийн дүгнэлтээр, 2015 оноос хойш Мин овогтууд болон бусад гэмт бүлгүүд цахим луйвар, хууль бус казино, хар тамхины наймаа, биеэ үнэлэлт зэрэг гэмт үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ.
Тэдний мөрийтэй тоглоом болон залилангийн үйл ажиллагааны орлого 10 тэрбум юань буюу ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллар хүрсэн гэж шүүх тогтоожээ. Өмнө нь энэхүү дөрвөн гэр бүлийн казино жил бүр хэд хэдэн тэрбум ам.долларын эргэлт хийдэг гэж таамаглаж байсан юм.
Мөн шүүхийн тогтоолын дагуу Мин овогт болон бусад гэмт бүлгүүд залилангийн төвийн хэд хэдэн ажилчдын үхэлд хариуцлага хүлээх бөгөөд тэдний дунд Хятад руу буцахаас сэргийлэхийн тулд ажилчдаа буудаж хөнөөсөн хэрэг ч багтжээ. Анх Хятадын мөрийтэй тоглоомын эрэлтээс ашиг олох зорилгоор бий болсон Лауккайн хотын казино нь (Хятад болон хөрш орнуудын олонх нь мөрийтэй тоглоомыг хориглодог) хожим мөнгө угаах, хууль бус наймаа, олон арван залилангийн төвийн хууль бус халхавч болон хувирсан байна.
Энэ нь НҮБ-аас “залилангийн цар тахал” хэмээн нэрлэсэн үзэгдэл гэж тооцогддог бөгөөд 100 мянгаас илүү гадаадын иргэд, тэдгээрийн дийлэнх нь хятадууд, залилангийн төвүүдэд татагдан очиж, тэнд үндсэндээ хоригдож нарийн зохион байгуулалттай онлайн залилангийн ажиллагаанд албадан олон цагаар ажиллуулж байжээ.
Мин овогт нэгэн цагт Мьянмарын Шан мужид хамгийн хүчирхэг гэр бүлүүдийн тоонд орж, Лауккайн дахь дор хаяж 10 мянган ажилтантай төвүүдийг удирддаг байв. Хамгийн зартай нь Crouching Tiger Villa нэртэй цогцолбор байсан бөгөөд ажилчид нь байнга зодуур, тамлалд өртдөг байжээ.
Хоёр жилийн өмнө босогчдын эвсэл дайралт хийж, Шан мужийн өргөн уудам нутгаас Мьянмарын цэргүүдийг шахан гаргаж, Лауккайныг хяналтдаа авсан байна. Хятад улс уг дайралтыг дэмжсэн гэж үздэг.
Гэр бүлийн тэргүүн Мин Шюэчань өөрийгөө хөнөөсөн гэх мэдээлэл бий. Харин бусад гишүүдийг Хятадын эрх баригчдад шилжүүлсэн бөгөөд зарим нь гэмшсэн мэдүүлэг өгсөн байна. Мянга мянган хүн эдгээр залилангийн төвөөс Хятадын цагдаад шилжүүлэгдэн очжээ.
Шүүхийн энэ шийдвэрээр Хятад улс хил орчмын залилангийн гэмт хэргийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа харуулсан юм. Бээжингийн шахалтын нөлөөгөөр Тайланд энэ оны эхээр Мьянмарын хил дагуу үйл ажиллагаа явуулж байсан залилангийн төвүүдийн эсрэг арга хэмжээ авч эхэлсэн билээ.
Гэсэн хэдий ч энэ бизнес өнөөдөр гол төлөв Камбожид төвлөрсөн хэвээр байгаа бөгөөд Мьянмарт ч мөн үргэлжилсээр байна.
Эх сурвалж: ВВС
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайд гоё өвөртөө ороод з�##�г�##�дчихна
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud