Шүүхийн талаарх төрийн гурван өндөрлөгийн байр суурь

Өнөөдөр /2025.10.09/ Төрийн ордонд шүүгч нарын III чуулган боллоо. Төрийн тэргүүн өөрийн биеэр оролцож, үгээ хэлсэн. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Г.Занданшатар нар өөрийн биеэр ирсэнгүй. Тус тусынхаа төлөөллүүдийг явуулж, мэндчилгээгээ индэр дээрээс уншуулав.
Төрийн гурван өндөрлөгийн интитуц хагаралтай байгааг олон нийт мэдэж буй. Шүүхийн асуудалд тэдний илэрхийлсэн байр суурь онцгой анхаарал татаж байсан бөгөөд тэдний хэлсэн үгсийг хүргэе.
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
Тэрбээр, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо руу анхаарал хандуулсан агуулгыг нэлээн олон удаа дурдсан. ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг сонгох чухал сонгууль болно. шинээр сонгогдох ШЕЗ-ийн гишүүд шүүх шинэтгэлийн үйл явц, бодлогын залгамж чанар, ололт амжилтыг үргэлжлүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй хэрэгжүүлэх ёстой. ШЕЗ-д шинээр сонгогдох гишүүд шүүн таслах ажиллагаанаас түдгэлзэж, шүүхийн захиргааны алба хаагч болж байгаа гэдгийг нь сануулав. "Сахилгын хороо хэрхэн шударга ажиллахаас шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх иргэдийн итгэл хамаарна" гэсэн юм.
Мөн нийт шүүгчдэд шударга байхыг онцгойлон анхааруулав. Энэ тухайгаа "Монгол төрийн шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Монгол төрийн шүүгч та улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс эх орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй. Хэн нэгний дарамт шахалтаар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэхчлэн захьсан.
"Хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ төрийн тэргүүний хувиар бүх талаар өмгөөлж хамгаална" гэсэн юм. /линк/
- УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох ажиллагаа нээлттэй, ил тод явагдах байх гэдэгт найдаж байгаагаа дурджээ. Мөн Улсын дээд шүүх хуулийн төслийн талаар ирүүлсэн саналаа УИХ-ын саналыг тайлбарлан ойлгуулах дэгийн шаардлага бийг онцолж.
Шүүх эрх мэдлийн хөгжлийн ирэх 10 жилийн бодлого нь энэ салбарын асуудлыг цогцоор авч үзсэн 24 жилийн дараа батлагдсан бодлогын чухал баримт бичиг. Түүний хэрэгжилтийг хангах нь дан ганц шүүх эрх мэдлийн ажил биш. Парламент ч мөн тодорхой хувь нэмэр оруулахаар заасан. Цаашид шүүх эрх мэдлийн шинэтгэлд шүүхийн шийдвэр гарцаагүй хэрэгждэг байх эрх зүйн орчныг сайжруулахад УИХ тухайлан анхаарахаа илэрхийлсэн байна. /линк/
- Ерөнхий сайд Г.Занданшатар:
Тэрбээр, шүүгчдэд "Ил тод байдал хариуцлага, хараат бус байдал ба баталгаа, Эдийн засгийн баталгаа ба хамтын оролцоо" гэсэн гурван чиглэлээр ханджээ.
Засгийн газар, шударга ёсыг бэхжүүлэх эрх зүйн шинэчлэлтийг үргэлжлүүлж шүүхийн чадавх, хүний нөөц, дэд бүтэц, санхүүгийн баталгааг сайжруулж иргэдэд илүү ойр, илүү шударга, илүү хүртээмжтэй шүүхийн үйлчилгээг бий болгохын төлөө тууштай ажиллах болно. Баялгийн хулгайг таслан зогсооход шүүх байгууллага үүрэг, оролцоотойг онцолжээ. Энэ тухай "Баялгийн хулгай эрх мэдэлд халхлагдсан шударга бус байдлыг таслан зогсоох нь төрийн үүрэг, ард түмний шаардлага, шүүгчдийн ариун үүрэг юм" хэмээжээ. /линк/
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.