Трамп зургаан жилийн дараа Ши Жиньпинтэй уулзахдаа тарифаа буурууллаа
 
						АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хамгийн сүүлд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа буюу 2019 онд уулзсан. Тэгвэл Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа Ази дахь эхний айлчлалаа хийхдээ Ши Жиньпинтэй нүүрэлдэн хэлэлцлээ. Хоёр улсын хооронд худалдааны дайн дахин дэгдэж, хурцадмал байдал үүсээд байсан.
Тэрхүү уулзалт дэлхийн хамгийн том хоёр эдийн засгууд нөхцөл байдлаа дээрдүүлэх боломжийг олгосон. Трамп уулзалтын дараа хэлэхдээ, Вашингтон болон Бээжин олон зүйл дээр санал нэгдэж байна гэсэн юм. Тэд хоёрхон цаг л уулзжээ. Уулзалтын эхэнд Ши Жиньпин “Олон жил өнгөрсөн тул тантай дахин уулзахад маш дулаан мэдрэгдэж байна. Бид үргэлж санал нэгдээд байдаггүй. Гэхдээ дэлхийд тэргүүлдэг хоёр эдийн засгууд хааяа санал зөрөлдөх нь хэвийн үзэгдэл” гэж хэлсэн юм.
Харин Трамп Ши Жиньпинийг магтаж, ирэх жилийн дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилна гэдгээ мэдэгджээ. Тэр айлчлалаас хэсэг хугацааны дараа Ши Жиньпин АНУ-д айлчилна гэж Трамп хэлсэн байна.
Тохиролцоогоор бол АНУ БНХАУ-ын бараанд тавьсан тарифыг нэн даруй бууруулна хэмээсэн юм. Трамп тэрхүү гаалийн татварыг БНХАУ-аас фентанилын түүхий эд орж ирж буйн хариуд оноосон билээ. Тарифыг 47 хувь болгон бууруулсны хариуд БНХАУ АНУ-аас шар буурцаг худалдан авч эхлэх юм. Мөн газрын ховор металлын асуудлыг шийдсэн гэж Трамп мэдэгдэв.
Тэр “Газрын ховор металлын бүх асуудлыг шийдсэн. Зөвхөн АНУ-д тулгамдаад байсан бус дэлхий нийтэд тулгамдсан асуудал байсан. Дэлхий дахинд шийдэж өглөө. БНХАУ ямар нэгэн саад тавихгүй” гэж хэлжээ.
Энэ жилийн нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Трампын хэрэгжүүлсэн тарифын бодлогын хариуд БНХАУ газрын ховор металлын хориг тавьсан. Үүний улмаас газрын ховор металлын нийлүүлэлтийн тухайд дэлхий даяар санаа зовох болсон юм.
Хоёр улсын төрийн тэргүүний хэлэлцээ Вашингтон болон Бээжинд амьсгаа авах зай гаргаж өглөө. Гэхдээ энэ нь бүрэн эвлэрсэн гэсэн үг биш. БНХАУ газрын ховор металлын экспортод тавьсан хязгаарлалтаа хойшлуулсан, цуцлаагүй. Энэ жилийн дундуур тавьсан хязгаарлалт нь дэлхийн нийлүүлэтийг сүлжээг цочирдуулж, хэд хэдэн салбарт томоохон цохилт болсон.
“Trivium China” зөвлөх компанийн геополитик шинжээч Жо Мазур хэлэхдээ “Энэ жилд болсон үйл явдлууд БНХАУ эхэлж цохихгүй ч үргэлж хариу цохилт өгнө гэдгийг баталж харууллаа. Газрын ховор металл нь БНХАУ-аас АНУ-ын эсрэг барьж чадах гол хөшүүрэг гэдэг нь маш тодорхой болов. Энэхүү хөшүүргийг эвдэж чадах ямар нэгэн зүйл АНУ-д одоогоор байхгүй бололтой” гэж хэлжээ.
Эх сурвалж: Euro News
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.