Идрис Эльба: Жүжиглэнэ гэдэг тоглоомын хэсгүүдийг нэг нэгээр нь эвлүүлж байгаатай л ижил
Их Британийн алдарт жүжигчин Идрис Эльба “The Talks” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулж хүргэе. Тэрбээр “Pacific Rim”, “Suicide Squad”, “Thor”, “Beasts of No Nation”, “Luther”, “The Wire” зэрэг уран бүтээлүүдэд жүжиглэснээрээ алдартай. Эльба мөн кино продюсероор ажилладгаас гадна DJ хийдэг юм.
Ноён Эльба, та “The Wire”-ийн Стрингер Белл, “Long Walk to Freedom”-д Нельсон Мандела гэх мэт маш олон төрлийн дүр бүтээж ирсэн. Ийм өргөн хүрээний дүрүүдийг хэрхэн бүтээсэн бэ?
Стрингер Беллийн дүр намайг жүжигчний хувьд америкчуудад танилцуулсан. Би Англид ажиллаж, сайн бүтээлүүдэд оролцож байсан. Гэхдээ “The Wire”-ийн дүр надад АНУ-д нэр хүнд, шинэ боломжийг авчирсан юм. Тэр цагаас хойш би улам сайн, том дүрүүдэд тоглож, гайхалтай уран бүтээлчидтэй хамт ажиллах боломжтой болсон. Тиймээс “The Wire” миний карьерыг асар томоор эргүүлсэн гэж хэлж болно. Гэхдээ жүжигчин хүн байнга шинэ зүйлд дасан зохицож, туршиж байх ёстой гэж боддог.
Би карьерынхаа турш “Тэр дүрийг үнэхээр сайн бүтээсэн шүү, дахиж тиймэрхүү дүр бүтээвэл үнэхээр сайн” гэх саналуудаас аль болох зайлсхийж ирсэн. Өмнөх бүтээлүүдтэй минь төстэй дүрүүдийг санал болгосон хэд хэдэн ажлыг хүлээн аваагүй. Энэ зарчим миний фэнүүдийн хувьд бага зэрэг хэцүү байж магадгүй. Фэнүүд маань цоо шинэ төрлийн дүрд тогложээ гэж боддог байх. Энэ нь сайн эсвэл муу зүйл эсэхийг мэдэхгүй байна.
Миний бодлоор бол сайн зүйл шүү.
Хэн тухайн киног бүтээж байна, хэн түүхийг өгүүлж байна, миний өмнө хийж байгаагүй зүйл мөн үү гэдгийг олж илрүүлэхэд анхаарал хандуулж байгаа. Шийдвэрүүдээ ийм өнцгөөс харж гаргадаг.
Би үнэхээр нээлттэй хүн, ямар ч дүрийг бодож үзэхэд бэлэн. Гэхдээ найруулагчтай хамтран ажиллах гэдэг нь урт хугацаа шаарддаг процесс болохоор “Би энэ хүнээс юу сурах бол” гэж заавал боддог.
Сүүлийн үед танд хамгийн их зүйл сургаж чадсан найруулагч хэн байсан бэ?
“Three Thousand Years of Longing” кино миний хувьд үнэхээр шинэ зүйлд суралцаж байгаа юм шиг байсан. Найруулагч Жорж Миллер бидэнтэй хамт суугаад киноны хуудас бүрийг нарийн тайлбарласан.
Тусгай эффектүүд, цахилгаан соронзон орныг үзэгч яаж мэдрэх ёстой гээд л бүхнийг тэр тайлбарлаж өгсөн. Сценарийн хуудас бүр дээр уран зураачийн зургийг хавсаргаад “Би яг ийм дүр зураг бүтээх гэж байна” гэж хэлсэн. Тэр хуудсыг би одоо ч хадгалдаг, үнэхээр урлагийн бүтээл. Жоржийн ертөнцөд хөл тавих гэдэг үнэхээр үзэсгэлэнтэй зүйл. Тэр хүн гайхалтай уран сэтгэмжтэй.
Уран сэтгэмжтэй гэдэг нь киноноос үнэхээр анзаарагдсан.
Тийм ээ, Жоржийн сэтгэмжид бүрэн итгэх хэрэгтэй болсон. Суудлын бүсээ зүүгээд түүнд жолоодох эрхийг өгнө гэсэн үг. Кино нээлтээ хийхэд ажилласан багаараа кино үзэхийг бид бүгд тэсэн ядан хүлээж байсан. Энэ кино бол түүх өгүүлэгчид болон түүхэнд дуртай хүмүүсийн талаарх бүтээл. Тиймээс энэ киног Каннын кино наадамд, том дэлгэцэн дээр үзсэн нь миний хувьд гайхалтай мэдрэмж байсан.

Киноны ихэнх хэсэг нь таны болон Тилда Суинтоны бүтээсэн дүрийн харилцан яриа дээр төвлөрдөг. Тийм нөхцөлд хамтран тоглогчтойгоо үүсгэдэг уур амьсгал, холбоо хэр чухал байсан бэ?
Тилдатай сайхан харилцаа бий болгох нь их чухал байсан. Жорж Миллерийн удирдлага дор бид зочид буудлын өрөөнд, маш хязгаарлагдмал орон зайд дүрээ бүтээсэн. Тилда шиг хүнтэй хамтран ажиллахын тулд өөр түвшинд гарч жүжиглэх хэрэгтэй. Аз болоход бид бие биеэ бага зэрэг мэддэг байсан юм.
Тэгээд гурван долоо хоног орчим маш нарийн, эрчимтэй бэлтгэл хийсэн. Сценарийг задлан уншиж, нарийн ширийн бүх зүйлийг ярилцсан. Тэр бэлтгэлийн явцад түүнтэй ярилцаж, бие биеэ илүү ойлгож чадсан юм. Тэгээд зураг авалт эхлэх үед бидний хооронд үүссэн тэр холбоо нь дүрүүдийн хоорондын сэтгэл хөдлөлийг амилуулах түлхүүр болсон.
Тийм туршлага, “Marvel”-ийн кино зураг авах гэх мэт бусад ажлаас юугаараа ялгаатай вэ?
“Marvel”-ийн кинонууд илүү хүнд, учир нь бодит байдлыг үлгэрийн ертөнцтэй хослуулдаг. Жишээ нь би янз бүрийн л хүч чадалтай сэлмээр зэвсэглэсэн дүр бүтээсэн. Тэр дүрийг бодит бүтээхийн тулд бас жүжиглэх шаардлагатай болдог. “Marvel”-ийн кино өөр ертөнц, өөр эрч хүч, өөр хэмжээний бүтээл. Гэхдээ бүгд нэг ур чадварын хүрээнд оршдог.
Жүжигчин Жэйми Белл хэлэхдээ “Би дүр бүтээх болгондоо өөрийнхөө дотоод хүнийг авч хаяхын тулд ямар нэгэн зүйлд тулгуурлахыг хичээдэг” гэж байсан. Та ч бас тэгдэг үү?
Жишээлбэл “Beast” кинонд миний тоглосон дүр бүхнийг чаддаг баатар биш байх нь чухал байсан. Учир нь бодит амьдралд тийм хүн ховор шүү дээ. Таныг эсвэл намайг өлсгөлөн арслан дагаад байгаа нөхцөл байдалд орвол буугаа зөв ч барьж чадахгүй байх. Миний дүр яг тийм л мэдрэмжийг үзэгчдэд өгөхийг зорьсон.
Тэр дүр баатар биш, гэр бүлээ хамгаалах хүсэлтэй айж буй хүн. Тэр киног “Баатарлаг эрэгтэй арслантай тулалдаж байгаа” хэв маягаар хийх боломж байсан. Гэхдээ бид тэгж хийхийг хүсээгүй.

Бидний ярилцсан бүх кино адал явдалтай, сэтгэл хөдөлгөм бүтээлүүд. Гэхдээ зураг авалтын үед яг тийм сэтгэл хөдөлгөм мэдрэмжийг авдаг уу?
Жүжиглэлт бол үнэндээ маш хянагдсан орчин. Та ирээд өгүүлбэрээ хэлнэ, мэдрэмжээ гаргана, гэхдээ бүгд зохион байгуулалттай. Энэ процесс бол тааврын хэсгүүдийг нэг нэгээр нь эвлүүлж байгаа мэт зүйл юм.
Тэгвэл одоо юу таныг хамгийн их догдлуулдаг вэ?
DJ хийх нь надад хамгийн их эрч хүч өгдөг. Ямар нэгэн хүн өөрийг тань хянаж, шалгахгүй. Харин мянга мянган хүний ялгаруулж буй энергид хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай болдог. Тэр бүх хүнийг нэгэн зэрэг баярлуулж, нэг хэмнэлд оруулах хэрэгтэй. Тухайн цаг хугацаанд яг тэр мөчид л өрнөдөг зүйл.
Кино зураг авалт, сурталчилгаа, DJ хийх зав хаанаас гардаг вэ?
Тийм ээ, би одоо нэг уран бүтээлд тоглож байгаа, үүний зэрэгцээ энэ киногоо сурталчилж байна. Ибизагийн клубт баасан гарагуудад тоглодог. Тийм болохоор баасан гарагуудад ажил төлөвлөдөггүй. Би жүжигчин болохоосоо өмнө DJ хийдэг байсан. Удаан хугацаанд хобби маягаар авч явдаг байлаа.
Гэхдээ одоо миний хоёр дахь мэргэжил болсон. Миний хувьд сайхан тэнцвэртэй ажил. Би бизнес эрхлэлт, жүжигчний ажлаа хайрладаг. Амьдралын маань гол хэсэг, харин DJ хийх нь цэвэр бүтээлч мэдрэмжийн орон зай. Хүмүүс дуу хөгжмийг үнэхээр мэдэрч, хамтдаа хөөрч байгааг хараад би үнэхээр баярладаг. DJ хийхдээ би хүмүүстэй жинхэнээсээ холбогдож, урам зориг авдаг.
Эх сурвалж: The Talks












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.