НИЙГЭМНийгэм мэдээ

МЗЭ: Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг журам зөрчиж олгоогүй, зөрчсөн гэвэл өмнөх шагналтнууд хүчингүй болно

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэлээс уран зохиолын залуу авьяастнуудад олгодог Г.Сэр-Одын шагналтнуудыг зарласан. Энэ жил тус шагналын эздээр

  • Яруу найргийн төрөлд: М.Дэвээжаргал, Ч.Ренчиндорж
  • Хүүрнэл, баримтат уран зохиолын төрөлд: Т.Хонгорзул, Э.Бүжинлхам
  • Хүүхдийн зохиолын төрөлд: Б.Төрмөнх
  • Кино, жүжгийн зохиолын төрөлд: Т.Номуунзул
  • Уран зохиолын орчуулгын төрөлд: Б.Дэлгэрмаа нар тодорсон.

Г.Сэр-Одын шагналыг "МЗЭ"-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх залуу зохиолчдод олгосон байна. Тэгвэл зохиолч Э.Бүжинлхам 2019 онд тус шагналыг хүртэж байсан бөгөөд "өмнө шагнагдаж байсан хүнийг ахин тодорхойллоо" гэх шүүмжлэл дагуулсан. Мөн О.Энхжавхлан "удирдах зөвлөлийг хуралдуулалгүй дүрэм зөрчиж шагнал тодорхойлсон" гэх асуудал яригдсан. Тэгвэл энэ талаар "МЗЭ"-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлангаас тодрууллаа.

-Энэ жилийн Г.Сэр-Одын шагналтнууд нэлээдгүй шүүмжлэл дагууллаа. Түүнчлэн таныг дүрэм зөрчиж, өөрөө дуран мэдэн шагнал тодорхойлсон гэх асуудал яригдаад байна?

-Энэ жилийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг миний бие "МЗЭ"-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн хүрээнд тодорхойлсон. Өнөө үед уран бүтээлээ туурвиж буй өөрийн гэсэн ертөнцтэй залуу уран бүтээлчдэд олгохоор шийдсэн. "МЗЭ"-ийн 21 аймгийн салбар зөвлөлүүдээс тус шагналд тодорхойлогдож олон нэрс ирсэн. Тиймээс шагнуулъя гэж гуйсныг биш, дор бүрнээ бүтээл туурвилаа хийж, ирээдүйд энэ салбарыг чиглүүлэн залах авьяаслаг залуусыг нээн илрүүлж, урам өгөхийг зорьсон. Энэ жилийн Г.Сэр-Од шагналд тодорхойлогдсон хүмүүсээс хэн нь ч "би энэ шагналыг авъя" гэж тодорхойлолтоо ирүүлээгүй. Тэд шагналын нэрс зарлагдсаны дараагаар мэдэж, янз янзаар л хүлээн авч байх шиг байна.

-Дүрэм зөрчиж олгосон гэх асуудал яригдсан?

-"МЗЭ"-ийн үе үеийн гүйцэтгэх захирлууд болох Д.Төрбат, Х.Чилаажав, Г.Мөнхцэцэг, М.Саруулдалай нар бүрэн эрхийн хүрээнд тус шагналыг олгож ирсэн. Дүрэм журам зөрчсөн зүйл байхгүй. Хэрвээ би журам зөрсөн бол өмнөх олгосон Г.Сэр-Одын нэрэмжит шагналууд бүгд хүчингүй болж таарна. Э.Бүжинлхам зохиолчийн хувьд өмнө 2019 онд энэ шагналыг хүртэж байсан юм байна. "МЗЭ"-ийн бүртгэл, мэдээлэл дутмагаас болж алдаа гаргалаа. Би алдаагаа хүлээн зөвшөөрч уучлал хүсэж байна. Цаашид бүртгэл мэдээллийг илүү боловсронгуй болгох шаардлага үүссэн гэдэг нь үүнээс харагдаж байна. Мөн залуу шүлэгч Тө.Бямбасүрэн шагналаасаа татгалзсан үйлдэл гаргасан. Тус залуутай цахимаар холбогдож "МЗЭ-ийн ямар нэгэн шагнал байгаа юу" гэж тодруулахад "байхгүй" гэсэн хариу өгсөн. Холбогдох утасны дугаараа өгөөрэй гэхэд өгөөгүй. Залуу уран бүтээлчийнхэн зүгээс ном зохиолыг нь уншиж үнэлдэг учир шагналд тодорхойлсон.

-Таны гүйцэтгэх захирлын хугацаа өнгөрсөн есдүгээр сард дууссан. "МЗЭ"-ийн их хурлыг зарлахгүй байна гэсэн асуудал гарсан?

Өнгөрсөн есдүгээр сард "МЗЭ"-ийн баг хурал хуралдсан. Тухайн үед ээлжит их хурлыг 10-р сард товлох санал оруулсан ч дэмжигдээгүй. 10-р сард товлосны учир нь "Болор цом" болон "Утгын чимэг" наадмуудыг зохион байгуулах ажлуудаас өмнө зарлах тов гаргасан нь энэ. Маргааш "МЗЭ"-ийн удирдах зөвлөл хуралдана. Хурлаар их хурлын товыг тогтоох байх. Миний хувьд 11-р сард гүйцэтгэх захирлаар томилогдсон, бүрэн эрхийн хугацаа дуусаагүй. Хиймэл ухаан хүнийг орлох хэмжээний асуудал яригдаж байхад бид энд шагналын хэрүүл хийж байгаад харамсаж байна. Цаашдаа зохиолчид маань илүү мэргэжлийн, боловсролтой болох хэрэгтэй.

Монголын зохиолчдын эвлэлээс олгодог Г.Сэр-Од шагналыг 2019 оны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирал бүрэн эрхийн хүрээнд олгох журмыг баталж байжээ. Түүнчлэн тус журмын

  • 5.1.1. Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг 27 нас хүртэл залуу авьяастанд олгоно
  • Г.Сэр-Одын нэрэмжит шагналын жилд олгох тоог Удирдах зөвлөл тогтооно хэмээн заажээ.

Тухайн үед буюу 2019-2022 онд "МЗЭ"-ийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан зохиолч, судлаач Д.Цэнджаваас энэ талаар тодруулахад "Намайг 2019-2022 онд УЗ-ийн даргаар ажиллаж байх хугацаанд Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг олгох журамд өөрчлөлт оруулсан. Тухайн үеийн УЗ-ийн гишүүд хуралдаад МЗЭ-ийн гүйцэтгэх захирал залуу уран бүтээлчтэй ойр ажилладаг тул тус шагналыг олгох бүрэн эрхийг олгох нь зүйтэй гэж үзсэн. Анх энэ саналыг П.Батхуяг агсан санаачилж дэвшүүлж байсан. Ер нь уран зохиолын гал тогоонд нь ажиллаж байгаа гүйцэтгэх захирал энэ шагналыг олгох нь зөв байх" гэлээ.

Ташрамд, Гомбын Сэр-Од нь 23 наслахдаа олон арван бүтээл туурвисан билээ. Тиймээс тус эрхмийн нэрэмжит шагналыг уран зохиолын салбарт өөрийн өнгө төрхийг тодорхойлж байгаа шинэ залуу зохиолчдод олгодог байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Kk.үрчгэр ээ.нэг шагналаар 2 удаа шагнана да.огцор.ажлаа хийж чадахгү.зохиллч биш авгай

Холбоотой мэдээ

Back to top button