
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом-43" наадам энэ сарын 26-нд болохоор болсон.
Хоёрдугаар шат буюу тайзнаас шүлгээ унших 28 яруу найрагчийн нэр тодорчхоод буй. Тэгвэл уран зохиолын хүрээнийхэн энэ жилийн "Болор цом"-ыг өргөх хүнийг нэрлээд эхэлжээ.
Тодруулбал, энэ жил "МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн Н.Минжинсайханыг цом өргөнө" гэх яриа гараад эхлэв. Мөн яруу найрагч Ц.Гончиг, Э.Гантулга, Д.Нямдорж нар дээгүүр өрсөлдөх таамагтай байгаа аж. Харин өмнө жилийн дэд байрын шагналт яруу найрагч Л.Торой энэ жил дутуугаа гүйцээхээр сайн шүлгүүдээ унших нь ч ойлгомжтой биз.
Угтаа "Болор цом"-ын тайзнаа яруу найрагчид шүлгээ уншаагүй байхад, түрүүлэх найрагчийн нэр яригдана гэдэг нь зохимжгүй юм. Энэ нь тус наадмыг "шударга бус болдог" гэх үзэгчдийн хардлагыг улам бүр нэмж таарна. Түүнээс гадна "Болор цом"-ын шагнал өөрөө босго өндөртэй юм гэвэл тухайн жилдээ яруу найргийн ямар чансааны ном гаргаж, уншигч олонд үнэлэгдсэн бэ гэдэг нь чухал болохоос олон жил шүлэг бичиж, "Болор цом"-д орсон гэдгээр нь өгдөггүй биз.
"Болор цом" наадамд хүн биш сайн шүлэг түрүүлэх учиртай. Тэгж байж энэ наадмын үнэ цэнэ, нэр хүнд нь хадгалагдан үлдэнэ.
Харин олон жил оролцсон ахмад цэргүүддээ ээлжлэн цомоо өгөөд байвал, "оны шилдэг шүлэг шалгаруулна" гэхийн учир юун. Тиймээс энэ жилийн хамгийн сайн шүлэг л цом өргөх болтугай.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одооны “Болор цом”-ын наадам гэж хөгийн л юм харагдах юм. Болор цомын жинхэн “алаан” Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Д.Цоодол, Ш.Дулмаа, Т.Галсан, Т. Очирхүү, Ш.Сүрэнжав, О.Дашбалбар, Ц.Чимэддорж, А.Эрдэнэ-Очир, Ц.Хулан, Нямсүрэн нар гээд жинхэн “улаан галзуу”-чуудын дунд өрнөж байсан. Дээрх хүмүүсийг ард түмэн бичсэн яруу найраг, дууны үгээр нь таньдаг болсон юм. Галзуурсан, ассан шүлгийн мөрүүд нь ард түмний сэтгэлд хүрсэн учираар л зохиолч яруу найрагчидын нэрийг нь бүр овогоор нь бүр цаашилбал нутаг усаар нь таньдаг болсон. Пунцгийн Бадөрч, Цэндийн Чимэдорж, Эрээнцавын Нямсүрэн гэхчлэн.