Сонгинохайрхан дүүргийн яаралтай тусламжийн тасагт өдөрт 438 хүүхэд ирж байна
Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт сүүлийн долоо хоногт нийт 2285 хүүхэд үйлчлүүлснээс 389 хүүхэд хэвтэн эмчлүүлж, 1896 хүүхдэд үзлэг хийн, гэрийн эмчилгээ зөвлөжээ. Яаралтай тусламжийн тасагт хандсан хүүхдүүдийн дийлэнх хувийг 5-14 насныхан эзэлж байгаа аж.
Сүүлийн долоо хоногт яаралтай тусламжаар үйлчлүүлэх хүүхдийн тоо өдөрт 438 болж нэмэгдэж байсан бол, хуваарилалт зохицуулалт хийснээр энэ сарын 25-ны өдрөөс яаралтай тусламжаар үйлчлүүлэх хүүхдийн тоо өдөрт 308 болж буурчээ. Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нь нийт 365 ортой юм. Үүнээс хүүхдийн эрчимт эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх 140 ортой. Нэмэлтээр 40 ор дэлгэн хүүхдийн тасагт нийт 180 ортой ажиллаж байгаа бөгөөд орны эргэлт одоогийн байдлаар 93 хувьтай байна.
2025-2026 оны томуугийн улирал эхэлснээс хойж буюу 10 сарын 14-өөс 11 сарын 24-ны хооронд ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид нийт 81 сорьц илгээж шинжлэхэд A(H3N2), амьсгалын замын синцитиаль, иж томуу, AЗСВ вирусууд тодорхойлогджээ. Мөн 11-р сарын 27 өдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 286 хүүхдээс асуумжийн аргаар томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралтыг судлахад 51 хүүхэд буюу 18 хувь нь хамрагдсан, 232 буюу 82 хувь нь хамрагдаагүй байна.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.