Гадаад мэдээДЭЛХИЙ

Хонконгийн галд орон нутгийнхан бухимдаж буй нь Бээжингийн санааг зовоож байна

Хонконгийн Тай По дүүрэг дэх орон сууцны хороололд гарсан гал нь хайхрамжгүй байдлаас үүдэлтэй хэмээн олон нийт бухимдаад байгаа юм. Тэгвэл Бээжин ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл хийхдээ уг гамшгийг ашиглан хотыг үймүүлэх оролдлого хийхгүй байхыг анхаарууллаа. Ослын улмаас 128 хүн амь үрэгдэж, 150 орчим хүн сураггүй болсон.

Бухимдсан хэсэг иргэд засгийн газарт хариуцлага тооцох, авлигын хэргийг бие даан шалгах, оршин суугчдыг зохистой нүүлгэн шилжүүлэх, барилгын хяналтыг шалгахыг шаардсан өргөдөл гаргажээ. Бямба гарагт /2025.11.29/ цагдаа нар тус бүлгийн нэг гишүүнийг баривчилжээ.

"South China Morning Post" сонины мэдээлснээр 24 настай Майлс Кван нэртэй оюутныг гал гарсантай холбогдуулан олон нийтийг турхирсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна.  Тус бүлгийн санаачилсан цахим өргөдөл хаагдахаасаа өмнө буюу бямба гарагийн үдээс хойш гэхэд 10 мянга гаруй хүний гарын үсэг цуглуулаад байсан юм.

Тэгвэл одоо гадаадад амьдарч буй Тай По дүүргийн нэгэн оршин суугч өөр нэгэн цахим өргөдлийг үүсгэжээ. Шинэ цахим өргөдлийн сэтгэгдэл хэсэгт KY нэртэй хэрэглэгч "Хонконгчууд шударга ёс болон юу болсон талаарх үнэнийг мэдэхийг шаардаж байна" гэж бичжээ.

Эх газрын Хятадтай хил залгаа орших орон сууцны хорооллын долоон өндөр барилгыг хамарсан уг гал юуны улмаас дэгдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа.  2019 онд тус хотыг хамарсан ардчиллын төлөөх жагсаалын дараа Бээжингээс Үндэсний аюулгүй байдлын хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоо уг хэрэгтэй холбогдуулан олон нийтийн бухимдал нэмэгдсэн тул эрх баригчид олон нийтийн эсэргүүцэл дахин дэгдэхээс сэрэмжилж, түгшүүртэй байна.

Зургийн эх сурвалж: Sky News

БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын байгууллага энэ гамшгийг ашиглан хотыг үймүүлэхгүй байхыг иргэдэд анхааруулжээ. Тус байгууллага "Гамшгийг далимдуулан Хонконгийг үймүүлэхийг оролдож буй Хятадын эсрэг үзэлтнүүдэд бид хатуу анхааруулж байна. Та нар ямар ч арга хэрэглэсэн бай, Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах журмын дагуу хариуцлага хүлээж, хатуу шийтгүүлнэ" гэжээ.

Хорооллын засварын ажлын үеэр чанаргүй материал ашигласан болон авлигын шинжтэй байж болзошгүй үйлдлүүдийг албаныхан илрүүлэн шалгаад буй. Одоогийн байдлаар цагдаа нар үүнтэй холбогдуулан 11 хүнийг баривчилсан байна.

Баасан гарагт /2025.11.28/ ослын газарт аврах ажиллагаа дууссан ч шатсан барилгуудын аюултай хэсгүүдийг шалгах явцад нэмж цогцос олдож магадгүй гэж цагдаа нар мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button