Галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон тохиолдол 63 удаа гарчээ

Өнөөдөр УБТЗ-ын Тээврийн хяналтын алба 2025 оныхоо ажлыг дүгнэх хүрээнд “Төмөр замын гармын аюулгүй байдал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд УБТЗ-ын зарим удирдлага, албадын болон зангилаадын дарга нар оролцсоноос гадна ЗТЯ, Төмөр замын газар, Тээврийн цагдаагийн алба, Төмөр зам дахь цагдаагийн газар, Тээврийн прокурорын газар, Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, хувийн болон төрийн өмчит төмөр замын компаниудын төлөөлөл оролцож, холбогдох хууль журмын хэрэгжилт, тэдгээр хууль журамд оруулах өөрчлөлт, гарам дээр гарч байгаа осол зөрчлийн шалтгаан, эрсдэлийг бууруулах арга замын талаар зөвлөлдлөө.

“УБТЗ” ХНН төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг жил бүр авч байгаа боловч жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо эрс өсөж, галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт нэмэгдэж байгаа нь эрсдэлийг улам өндөржүүлж байгаа ч гарам дээр гарч байгаа осол зөрчлийн тоо дорвитой буурахгүй байгаа хамгийн том шалтгаан нь жолооч нарын хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой гэж зөвлөгөөнд оролцогчид санал нэгтэй дүгнэж байлаа.

Тийм учраас гарам дээр осол зөрчил гаргасан жолоочид хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгах шаардлагатайг онцлон тэмдэглэж байв.Өнөөдөр улсын хэмжээнд 1 сая 200 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд хамгийн ачаалал өндөртэй Дүнжингаравын 407-р км-ын гармаар 2020 онд хоногт 37 мянган автомашин нэвтрэн өнгөрч байсан бол 2025 онд хоногт 76 мянган автомашин болтлоо өссөн судалгаа байна.
Мөн уг гармаар 2020 онд хоногт 47 галт тэрэг дамжин өнгөрч байсан бол 2025 онд 76 галт тэрэг болж өсжээ. Төмөр замын гарам хаалттай хориглосон дохио асаж байхад гарам руу автомашин дайрч орсны улмаас галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон тохиолдол энэ онд 63 удаа гарсан байна.
“УБТЗ” ХНН-ийн хэмжээнд өнөөдөр 356 гарам байгаагийн 51 гарам нь эрсдэл өндөртэйд тооцогдож байгаа бөгөөд тэдгээр гармуудын аюулгүй байдлыг хангахын тулд хаалт хамгаалалт, тоноглолыг нь орчин үеийн жишигт хүргэх ажлыг хийж байгаа юм.

Мөн “Түр зогс, бүү яар “нөлөөллийн аяныг улс даяар зохион байгуулж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна.Зөвлөгөөнөөс төмөр замын гармын эрсдэлийг бууруулах ажлыг эрчимжүүлж, ижил бус түвшинд төмөр зам, авто замыг огтлолцуулах нь хамгийн оновчтой зөв шийдэл болохыг онцлон тэмдэглэж байв.
А.ТЭНҮҮН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.