Рио Тинто, Гленкорийн дуулиант хэлцэл: Хугацааг сунгах хүсэлт гаргах гэж байна

Rio Tinto Group болон Glencore нь дэлхийн хамгийн том уул уурхайн компанийг бий болгох хэлцлийг эцэслэхийн тулд хугацаагаа сунгах хүсэлт гаргахаар бэлтгэж байгаа талаар уг асуудлыг сайн мэдэх эх сурвалжууд мэдээллээ.
Хоёр тал Rio ямар хэмжээний шимтгэл төлөх ёстой талаар санал зөрөлдөж байгаа аж. Хувийн шинжтэй хэлэлцээ учраас нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжуудын хэлснээр, тэд энэ сарын эхнээс хойш дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгчдийн нэг болох аварга нэгдлийг байгуулах дээр төвлөрч, хэлэлцэж иржээ.
Хоёр тал хэлцэл байгуулах сонирхол хэвээр байгаа ч компанийн үнэлгээг тохиролцоход илүү их хугацаа шаардагдах бололтой. Үүний тулд Их Британийн Худалдан авалтын зөвлөл хэлэлцээний хугацааг сунгах шаардлагатай болно гэж эх сурвалжууд онцолсон байна. Энэхүү боломжит нэгдэл нь дэлхийн томоохон уул уурхайн компаниуд зэсийн салбарт жин дарж, дэлхийн хөрөнгө оруулагчдын хувьд илүү ач холбогдолтой болох зорилгоор оролдож буй томоохон нэгдлүүдийн хамгийн сүүлийн жишээ юм.
Rio-ийн хувьд энэхүү хэлцлийн давуу тал тодорхой. Эрчим хүчний шилжилтэд чухал ач холбогдолтой зэсийн үнэ түүхэн дээд түвшинд ойртсон энэ үед компанийн одоогийн зэсийн олборлолтыг бараг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Мөн ирээдүйн зэсийн үйлдвэрлэлийн өсөлтөөс ойролцоогоор 1 сая тонн нэмэх боломжтой болно. Уул уурхайн салбарын удирдлагууд ирээдүйд шинэ уурхай ховор байгаагаас нийлүүлэлт хомсдож, эрэлт өсөхийг удаа дараа анхааруулж ирсэн.
Үүнээс гадна сүүлийн жилүүдэд ихэнх томоохон уул уурхайн компаниудын хувьд “хориотой” бараа бүтээгдэхүүнд тооцогдож байсан Glencore-ийн нүүрсний далайцтай бизнес нь асар их мөнгөн урсгал бий болгодог. Мөн тус компанийн худалдаа, маркетингийн бизнес нь Rio-г илүү арилжааны чиг баримжаатай болгоход дэмжлэг үзүүлнэ. Энэ нь Rio-ийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоны чухал зорилтуудын нэг юм. Гэсэн ч хэлцэл нь Rio-ийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч магадгүй.
Тэд нэгдэх, худалдан авах үйл ажиллагаанд сахилга баттай хандах ёстой гэж үздэг бол, Glencore нь өөрөөсөө том компанид худалдагдаж буйгаа харгалзан илүү өндөр шимтгэл шаардаж байгаа гэж зарим эх сурвалжууд ярьжээ.
Rio болон Glencore аль аль нь тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Rio-гийн хувьд онцгой анхаарал татаж буй асуудал нь Glencore-ийн зэсийн бизнесийг хэрхэн үнэлэх вэ гэдэг юм. Эх сурвалжуудын хэлснээр, энэ салбар сүүлийн жилүүдэд муу гүйцэтгэлтэй байсан бөгөөд зорилтоо биелүүлж чадаагүй, үйл ажиллагааны доголдлоос үүдэн олборлолт дөрвөн жил дараалан буурсан. Харин Glencore өнгөрсөн арванхоёрдугаар сард одоо байгаа уурхайнуудыг өргөтгөх болон Аргентинд хэрэгжүүлэх шинэ төслийн хүрээнд ирэх арван жилд зэсийн олборлолтоо бараг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө танилцуулсан.
Хөрөнгө оруулагчид энэхүү төлөвлөгөөнд итгэл хүлээлгэсэн бөгөөд зэсийн үнийн огцом өсөлттэй давхцан Rio-гийн сонирхлыг дахин татжээ.
Хоёр компани 2024 онд мөн хэлэлцээ хийж байсан ч үнэлгээн дээр тохиролцож чадаагүйгээс болж зогссон юм. Энэ долоо хоногт зэсийн үнэ дахин огцом өсөж, Хятадын хөрөнгө оруулагчдын худалдан авалтын давалгааны нөлөөгөөр пүрэв гарагт нэг тонн нь 14,500 ам.доллар давж, түүхэн дээд түвшинд хүрсэн. Баасан гарагт үнэ бага зэрэг буурсан ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийтдээ ойролцоогоор 45 хувиар өсөөд байна. Glencore одоогоор хэлцэлд туслах банк томилоогүй байгаа ч зөвлөхүүдтэй яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд энэ долоо хоногт Швейцарийн компанитай боломжит зөвлөхүүд уулзсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Энэхүү хэлэлцээ нэгдүгээр сарын эхээр олон нийтэд ил болсон бөгөөд Их Британийн худалдан авалтын журмын дагуу Rio нь хоёрдугаар сарын 5-ны дотор албан ёсны санал тавих эсэхээ баталгаажуулах, эсвэл зургаан сарын хугацаанд сунгах ёстой.
Харин Glencore хугацаа сунгах хүсэлт гаргавал хугацаа сунгагдах боломжтой болох юм. Хэлцэлд ойр эх сурвалжуудын үзэж байгаагаар, хугацаа сунгах хүсэлт гаргах магадлал өндөр байна. Гэсэн ч нөхцөл байдал тогтворгүй хэвээр бөгөөд өөрчлөгдөх боломжтой гэж тэд онцолжээ.
Rio-гийн хувьд Австралийн хувьцаа эзэмшигчдээ дэмжигч хэвээр байлгах нь чухал зорилт болж буй. Тэд нийт хувьцааны бараг тавны нэгийг эзэмшдэг бөгөөд хэлцэл, нэгдлийн асуудалд бусад хөрөнгө оруулагчдаас илүү болгоомжтой ханддаг гэж зарим эх сурвалжууд хэлсэн байна.
Мөн өөр нэг чухал асуудал нь ийм хэмжээний шимтгэлийг зөвтгөхүйц хамтын ашиг бий гэдгийг хоёр тал хэрхэн нотлох вэ гэдэг юм. Хэдийгээр макро түвшинд хоёр аварга компанийн нэгдэл нь Rio-гийн дээд удирдлагуудын сонирхлыг татаж байгаа ч хөрөнгө оруулагчдын хувьд шимтгэл төлөхийг зөвтгөх нь харьцангуй цөөн байна. Тухайлбал, хөрш уурхайнууд дэд бүтэц, логистик хуваалцах, эсвэл ордыг нэгтгэх зэрэг үйл ажиллагааны давхцал бараг байхгүй нь ийм төрлийн хэлцлийг урагшлуулахад чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйлс юм.
Иймээс хэлэлцээнд ойр эх сурвалжуудын үзэж байгаагаар, Rio нь Glencore-ийн уурхайнуудын үйл ажиллагааг илүү үр ашигтай болгох, өсөлтийн төслүүдийг илүү сайн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний бодлогууд дээр үндэслэн хэлцлийг дуусгахаар зорьж байна. Мөн Glencore-ийн маркетингийн бизнесийг ашигласнаар бий болох давуу талыг Rio чухалчилж байгаа гэж эх сурвалжууд нэмж хэлжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.