Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

2026 онд юанийн ханш чангарах төлөв бий ч Хятад энэ өсөлтийг хязгаарлана

БНХАУ-ын экспорт огцом өссөн нь юанийн ханшийг нэмэгдүүлж байна. Эрх баригчид ханш үргэлжлүүлэн өсөхийн эсрэг ажиллана гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Гэхдээ ханш өсөх эрсдэл бодит учир энэ нь БНХАУ-ын эдийн засагт сорилт болж магадгүй байна.

Өнгөрсөн жилийн турш нэг ам.доллар долоон юань гэсэн түвшинд арилжсан. 2025 оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын банкнууд руу орж ирэх гадаад валютын урсгал 452 тэрбум долларт хүрч, дээд амжилт тогтоожээ.

Гадаад валютын хяналтын газрын тоо баримтаас харвал юань руу хөрвүүлсэн валютын хэмжээ 311 тэрбум ам.долларт хүрч мөн шинэ амжилт тогтоосон байна. Ийм их хэмжээний гадаад валютыг юань руу хөрвүүлсэн тул мягмар гарагт /2026.02.03/ нэг ам.доллар 6.9378 юаниар арилжжээ. Энэ нь 2023 оноос хойших хамгийн өндөр дүн юм.

Банкны шинжээчид энэ дүнг хангалттай гэж үзэж байна. Ийм учир эрх баригчид юанийн ханшийг цаашид өсгөхгүйн тулд хэд хэдэн арга хэмжээ авна гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Албаныхан юань зарах, арилжааны хязгаарлалт тавих, банкнуудын нөөцийн харьцааг өөрчлөх зэрэг аргууд ашиглаж болно.

Олон улсад үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын 13 банкны таамаглалаар юанийн ханш оны эцэс гэхэд 6.92 орчим тогтох төлөвтэй байна. Харин зах зээл ханшийг 6.8 орчим байна гэсэн хүлээлттэй байгаа юм. Юанийн ханш ийм түвшинд ам.доллартой арилжих нь БНХАУ-ын худалдааны түншүүдийг бухимдуулж болзошгүй. Учир нь тэдгээр орнуудын экспортлогчид БНХАУ-ын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхөд хүндрэлтэй байгаа юм.

Гэхдээ экспортлогчид юанийн хөрвүүлэлтээ нэмэгдүүлбэл ханш илүү өснө гэж зарим шинжээчид үзэж байна. “Goldman Sachs” банк ирэх арванхоёрдугаар сард юанийн ханшийн таамаглалаа өсгөж ам.доллар 6.7 юаньтай тэнцэнэ гэж тооцоолжээ.  Тус банкны шинжээчид "Ханш өсөлтийн хурд бидний таамаглалаас давлаа" гэж онцолсон байна. Гадаад валютын их хэмжээний урсгал болон Төв банкны хандлага өөрчлөгдсөнд үндэслэн тэд ийм тооцоолол хийжээ.

Зургийн эх сурвалж: BBC

БНХАУ-ын төв банк юанийн ханшийг өдөр бүр шинээр зарладаг. Тэрхүү ханшийг өсөлт уналтыг тэрхүү зарласан хэмжээнээс 2 хувиас илүүгүй байхаар барьж ажилладаг билээ. Өнгөрсөн сард төв банкны дэд ерөнхийлөгч Зоу Лань юанийн ханш уян хатан байж, хоёр чиглэлд хэлбэлзэх төлөвтэй байгаа гэж хэлжээ. БНХАУ ийнхүү юанийн ханшийг тогтмол бага түвшинд барьснаар олон улсад экспортынх нь өрсөлдөх чанар сайтай байдаг юм.

Юанийн ханш хүчтэй байх нь Хятадын экспортлогчид олон улсад өрсөлдөх давуу талыг бууруулна. Тиймээс ханш огцом өсөх магадлал бага гэж шинжээчид үзэж байна. “Gavekal Dragonomics”-ийн эдийн засагч Вэй Хэ "БНХАУ-ын эдийн засгийн өсөлт экспортоос ихээхэн хамааралтай хэвээр байна. Тиймээс Хятадын төв банк ханш хэт чангарах эрсдэл гаргахыг хүсэхгүй байж магадгүй" гэж хэлсэн байна.

Хятадын төв банкны тогтоосон дундаж юанийн ханш арванхоёрдугаар сараас хойш зах зээлийн таамаглалаас сул байсаар ирсэн. Арилжаачдын хэлж буйгаар юанийн ханш хэт хурдан өсөх бүрд төрийн банкнууд ам.доллар худалдаж авч байгаа аж. Ийм учраас арваннэгдүгээр сараас хойш юанийн зарласан ханшны хэмжээ таамаглалаас доогуур хэмжээнд байж иржээ.

Эрх баригчид ханшийг барихын тулд цаашлаад гадаад валютын нөөцийн шаардлагыг өөрчилнө гэж шинжээчид таамаглаж байна. Тодруулбал албаныхан банкнуудыг илүү их ам.доллар авч хадгалахыг шаардаж, юанийн худалдан авалтыг тэнцвэржүүлж болно.

Өнгөрсөн жил БНХАУ-ын эдийн засаг 5 хувиар өсөхөд экспортын өсөлт чухал үүрэг гүйцэтгэсэн. Гадаад худалдааны тэнцлийн ашиг 1.2 их наяд долларт хүрч, өмнөх оноос 20 хувиар өссөн юм. J.P. Morgan Asset Management-ийн стратегич Чаопин Жу "Үндсэн таамаглалаар бол экспортын үзүүлэлт сайн хэвээр байх төлөвтэй. Энэ нь юанийн ханшийг дэмжинэ" гэж хэлжээ. Гэхдээ гаднын улс орнууд БНХАУ-ын экспорт эдийн засагт нь нөлөөлөх тал дээр болгоомжилж эхэлсэн нь тодорхойгүй байдлыг үүсгэж байгаа аж. Энэ нь юанийн ханшийг хэлбэлзэхэд хүргэж магадгүй байна.

Юанийн ханш сүүлийн есөн сарын хугацаанд 6 хувиар өссөн. Энэ нь хөрөнгө оруулалт болон худалдааны төлбөр тооцоонд юань ашиглахад илүү тохиромжтой болгоно. Ингэснээр ханш чангарах магадлалтай юм. Шанхайд цахилгаан барааны экспорт эрхэлдэг Дин гэх хүн хэлэхдээ, ханшийн өөрчлөлтөөс болоод ам.долларыг юаниар солих арилжаагаа эрчимжүүлсэн гэжээ.

Арванхоёрдугаар сард компаниуд экспортын орлогын 68.8 хувийг юань руу хөрвүүлсэн нь өмнөхөөсөө өссөн үзүүлэлт. Гэхдээ энэ нь дээд амжилт биш юм. “Pantheon Macroeconomics”-ийн эдийн засагч Келвин Лам "2026 онд худалдааны ашиг дахин 1 их наяд ам.доллар давна гэж бид таамаглаж байна" гэж хэлжээ. Оны эцэст юань ам.доллартой харьцах ханш 6.85 байна гэж тэр таамаглаж байгаа юм. 2026 онд юанийн ханш чангарах төлөвтэй ч БНХАУ-ын төв банк өсөлтийг аажмаар явуулна гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button