Трамп Ираны дайны улмаас Ши Жиньпинтэй уулзах айлчлалаа сараар хойшлуулах хүсэлт БНХАУ-д тавьжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны дайны улмаас БНХАУ-д зочилж Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах айлчлалаа сараар хойшлуулах хүсэлт Бээжинд тавьжээ. Тэрбээр өмнө нь мэдэгдэхдээ БНХАУ Ормузын хоолойг нээх ажилд туслахгүй бол Бээжинд айлчлахаа хойшлуулж магадгүй гэж байсан юм.
Гуравдугаар сарын сүүлээр Трамп Ши Жиньпин нар уулзахаар төлөвлөж байсан. Тэгвэл Трамп даваа гарагт /2026.03.16/ Цагаан ордонд байхдаа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Дайн болж байгаа учраас би энд байх хүсэлтэй байна. Энд байх хэрэгтэй гэж бодогдож байгаа. Тийм болохоор уулзалтыг сараар хойшлуулах хүсэлт гаргасан” гэжээ.
БНХАУ-ын талаас энэ асуудал дээр АНУ-тай харилцан ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн юм. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан “Төрийн тэргүүн нар уулзах нь БНХАУ-АНУ-ын харилцаанд орлуулах боломжгүй стратегийн чиглүүлэгч болдог. Ерөнхийлөгч Трамп БНХАУ-д айлчлах талаар хоёр тал холбоотой ажиллаж байгаа” хэмээсэн байна.
Даваа гарагт АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэл хийхдээ “Уулзалт төлөвлөгөөний дагуу болох эсэхийг бид харна. Гэхдээ би нэг зүйлийг тодорхой болгомоор байна. Хэрвээ уулзалт хойшлогдвол ерөнхийлөгч БНХАУ-ыг Ормузын хоолойг нээхэд туслахыг шаардсантай холбоотой гэдэг нь худал мэдээлэл” гэжээ.
Ням гарагт /2026.03.15/ Трамп “Financial Times” сонинтой хийсэн ярилцлага нийтлэгдсэн юм. Тус ярилцлага дээр Трамп “Ормузын хоолойгоос ашиг тус хүртэгчид тэнд ямар нэгэн муу зүйл тохиолдохгүй байхад туслах хэрэгтэй. БНХАУ газрын тосныхоо 90 гаруй хувийг Ормузын хоолойгоос авдаг учир туслах ёстой гэж би бодож байна” хэмээжээ. БНХАУ нь боловсруулаагүй газрын тосныхоо 50 орчим хувийг Ормузын хоолойгоор импортолдог.
Эх сурвалж: The Guardian














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ану дарангуйлагч завгүй болсон юм уу, Ираны дайныг дусаагүй.