Брент маркийн газрын тосны үнийн нэг сарын өсөлт түүхэнд байгаагүй хэмжээнд хүрэх гэж байна
Ираны дайнтай холбогдуулан газрын тосны үнэ нэмэгдсээр байна. Учир нь Йемен дэх хуситууд Ираны дайнд нэгдэж, Израилд цохилт өгөх болсон. Өнөө өглөөний /2026.03.30/ байдлаар Брент маркийн газрын тосны фьючерс 3.06 хувиар өсөж баррель нь 116.01 ам.доллароор арилжиж байгаа юм. Брент маркийн газрын тосны үнэ нь олон улсад газрын тосны арилжааны жишиг үнэ болдог.
Брент маркийн газрын тосны үнийн нэг сарын өсөлт түүхэнд байгаагүй хэмжээнд хүрэх гэж байна. Энэ сард Брентийн үнэ 59 хувь өссөн нь 1990 оны Персийн булангийн дайны үед үзэгдсэнээс ч өндөр өсөлт юм. Хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил хоёр Иранд цохилт өгсний улмаас Техран Ормузын хоолойг хаасан.
“JP Morgan” банкны шинжээчид “Мөргөлдөөн Персийн булан, Ормузын хоолой орчим төвлөрөхөө больж одоо Улаан тэнгис болон Баб эль-Мандеб рүү тэллээ. Баб эль-Мандебийн хоолой нь түүхий болон нэмүү өртөг оруулсан бүтээгдэхүүний тээвэрлэлтийн чухал цэгүүдийн нэг” гэжээ.
Ормузын хоолой хаагдсанаар Саудын Араб Ормузын хоолойгоор тээвэрлэх байсан газрын тосоо Улаан тэнгис дэх боомт руу хоолойгоор дамжуулах болсон. “Kpler” фирмийн тоо баримтаас харвал тус улс Улаан тэнгис дэх Янбу боомтоороо өдөрт 4.658 сая баррель газрын тос экспортлох болжээ. Дайн эхлэхээс өмнө Саудын Араб 9-10 сая баррель газрын тос экспортолдог байсан юм.
Хэрвээ хуситуудын халдлагын улмаас Янбу боомтын экспорт тасалдвал Саудын Араб Египетийн Суэц-Газар дундын тэнгис чиглэлтэй хоолой дээр тулгуурлах шаардлагатай болно гэж “JP Morgan” банкны шинжээчид үзжээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.