Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Ормузын хоолойгоор хөлгүүдийн аюулгүй байдлыг хангах ажиллагаагаа нэг хоногийн дараа түр зогсоов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.05.05/ мэдэгдэхдээ хөлгүүдийн аюулгүй байдлыг хангаж Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд нь туслах ажиллагаагаа түр зогсооно гэжээ. Тэр өөрийн сошиал хуудас дээрээ “Ираны хөлгүүдэд тавьсан хаалт хүчин төгөлдөр үргэлжлэх ч гэсэн, “Project Freedom” хүчин чармайлтыг богино хугацаанд зогсоохоор харилцан тохиролцлоо. Энэ хугацаанд гэрээ хэлцэлд хүрч чадах эсэхийг харна” гэж бичсэн байна.

Трамп ням гарагт /2026.05.03/ “Project Freedom” буюу “Эрч чөлөөний ажиллагаа”-г АНУ явуулна гэж мэдэгдсэн. Тэгвэл тус ажиллагаа нэг хоногийн дараа л зогсов. “Эрх чөлөөний ажиллагаа”-ны хүрээнд АНУ-ын тэнгисийн хүчний хамгаалалт дор хоёр онгоц Ормузын хоолойг дамжин өнгөрсөн талаар эх сурвалжууд мэдээлжээ. Дайн эхлэх үед Трамп тус ажиллагаатай адилхан хүчин чармайлт явуулж, онгоцнуудын аюулгүй байдлыг АНУ-ын тэнгисийн цэрэг хамгаална гэж байсан билээ. Гэвч уг амлалтаа тэр биелүүлээгүй юм.

“Эрх чөлөөний ажиллагаа”-ны талаар Трампын захиргаа будилаантай мэдээлэл өгч байна. Тодруулбал Трамп сошиал хуудас дээрээ нийтлэл оруулахаас хэдэн цагийн өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет мэдэгдэл хийхдээ, Ормузын хоолойгоор аюулгүй дамжин өнгөрөх хэсэг үүсгэсэн тул олон зуун хөлөг дугаарлаж байна гэжээ. Дайн эхэлснээс хойш Трампын захиргааны албан тушаалтнууд энэ мэт будилаантай, бие биеийнхээ хэлсэн зүйлийг үгүйсгэсэн мэдэгдэл олон дахин гаргасан.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөн хэдхэн цагийн өмнө Ормузын хоолойгоор хөлгүүдийг аюулгүй дамжин өнгөрүүлэх талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч байжээ. Тэр мөн “Epic Fury ажиллагаа дууссан. Шинээр үйл явдал үүсээсэй гэж хүсэж хүлээсэн зүйл байхгүй” гэсэн юм. Трамп өнгөрсөн долоо хоногт мөн Ираны дайн зогссон гэж хэлсэн билээ.

Вашингтон Израилтай хамтран Иранд цохилт өгсөн гол зорилгын нэг нь цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх байсан. Гэвч Иран 450 кг орчим өндөр зэрэгт баяжуулсан уранаа хүлээлгэн өгөөгүй байгаа юм. Мөн Ираны Исламын дэглэм тэсэж үлдэж чадсан. Өөрөөр хэлбэл АНУ Израилын хүслээр эхлүүлсэн дайн нь стратегийн гол зорилтуудаа биелүүлж чадаагүй юм.

Харин дэлхийн даяар газрын тосны хямрал үүсгэж, байгалийн хийн нийлүүлэлтийг тасалдуулсан. Мөн дэлхийн бөмбөрцгийн хойд талд ургац суулгаж эхэлдэг улирал эхлээд байхад Ормузын хоолой хаагдсан нь бордооны үнэ өсөж, хомсдол үүсэхэд хүргээд байгаа. Дээрээс нь гели, хөнгөн цагаан зэрэг чухал түүхий эд, бараг бүх зүйлийн үйлдвэрлэлд ордог хуванцрын үнэ өсөж, нийлүүлэлтийн сүлжээнд хүндрэл үүсээд байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button