Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын боловсруулаагүй нефтийн экспорт Украины дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ

ОХУ-ын далайгаар экспортолдог боловсруулаагүй газрын тосны хэмжээ Украины дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Учир нь Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгснөөс болж нефть боловсруулах хүчин чадал буураад байгаа юм. Үүнтэй холбогдуулан гадаадын зах зээлд нийлүүлэх боломжтой боловсруулаагүй газрын тосны хэмжээ эрс нэмэгдсэн гэж  “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

“Bloomberg” агентлаг газрын тос тээвэрлэгч хөлгүүдийн тоо баримтыг ашиглан тооцоолсноор бол 2026 оны эхнээс хойш боловсруулаагүй нефтийн экспорт өдөрт 3.46 сая баррельд хүрсэн байна. Энэ нь 2025 оны үзүүлэлтээс өдөрт 120 мянган баррелиар өссөн үзүүлэлт юм. ОХУ 2023 онд дунджаар өдөрт 3.36 сая баррель боловсруулаагүй газрын тос экспортолж байсан нь дайнаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байсан билээ.

Хөлгүүдийн хөдөлгөөний мэдээллээс харвал тавдугаар сарын 31-нд дууссан дөрвөн долоо хоногийн хугацаанд далайгаар тээвэрлэсэн боловсруулаагүй газрын тосны экспорт өдөрт дунджаар 3.64 сая баррель хүрсэн байна.

Украин тавдугаар сард ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө эрчимжүүлсэн. Эдгээр цохилтын зорилго нь Оросын зэвсэгт хүчний ашиглах шатахууны нөөцийг бууруулахын зэрэгцээ эрчим хүчний экспортоос Москвагийн олдог орлогыг багасгах зорилготой.

Нефть боловсруулах үйлдвэрүүдэд өгсөн цохилтуудын улмаас үйлдвэрүүдийн гарц 2009 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Үүний улмаас Москва шатахууны экспортод тавих хязгаарлалтаа өргөжүүлж, бензиний экспортод хязгаарлалт тогтоосон байсан бол одоо нисэх онгоцны түлшийг экспортлохыг мөн хоригложээ.

Ираны дайнаас шалтгаалан дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ өссөн байгаа. Учир нь дайны улмаас дэлхийн газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлтийн 20 хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой хаагдсан. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын боловсруулаагүй газрын тосны эрэлт ихэссэн байна.

Зургийн эх сурвалж: Asia Network

Тавдугаар сарын 31-нээр дууссан дөрвөн долоо хоногийн хугацаанд ОХУ-ын боловсруулаагүй нефтийн экспортын долоо хоногийн борлуулалт 2.24 тэрбум ам.доллар байсан аж. Энэ нь өмнөх дөрвөн долоо хоногийн 2.38 тэрбум ам.доллартой харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт юм. Энэ нь газрын тосны үнэ буурсантай холбоотой аж. Тодруулбал газрын тосны үнэ Ираны дайн эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад өндөр байгаа ч дайны хамгийн дээд үеэсээ буугаад байгаа билээ.

ОХУ-ын боловсруулаагүй газрын тосны экспорт өссөн нэмэгдэхэд засгийн газрынх нь орлого шууд өснө гэсэн үг биш гэж шинжээчид хэлжээ.

Берлинд байрладаг “Carnegie Russia Eurasia Center”-ийн судлаач Сергей Вакуленко “Bloomberg”-т хэлэхдээ Украины цохилтууд ОХУ-ын нөөц болгон хадгалдаг байсан илүүдэл боловсруулах хүчин чадлын ихэнхийг ажиллагаагүй болгосон бололтой гэжээ. Хэрэв газрын тос боловсруулах хүчин чадал нь алдагдвал шатахууны хомсдол үүсэх эрсдэл мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэж тэр хэлсэн байна.

Шатахууны нийлүүлэлтэд дарамт үүсээд буйн шинж тэмдгүүд зарим бүс нутагт аль хэдийн ажиглагдаж эхэлжээ. Оросын орон нутгийн хэвлэлүүд мэдээлснээр Белгород, Курск мужууд, мөн Рязань болон Москва мужийн зарим хэсэгт бензиний хомсдол үүсээд байгаа аж.

Мөн Крымийн хойгт шатахууны нийлүүлэлтийн асуудал гарсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тус хойг руу нийлүүлэлт тээвэрлэдэг  маршрутууд болон шатахуун тээвэрлэгч хөлгүүдийг Украин дроноор онилж байгаа юм.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button