Улс төрийн мэдээ

Н.Учрал: Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө

Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн албан тушаалтан нь өөрийнх нь талаар мэдээ, нийтлэл бэлтгэсэн Зөв.мн сайтыг "Өөрийнх нь зургийг ашиглалаа" гэх үндэслэлээр гомдол гаргаж, 20 сая төгрөгөөр торгуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЭҮК-ын дарга зэрэг албан тушаалтнуудад шаардлага хүргүүлээд буй.

Мөн АН-ын дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, УИХ-ын дарга С.Бямбацогт нар цахим хуудсандаа байр сууриа илэрхийлээд буй юм. Үүнээс гадна Зөв.мн сайтын редакцаас ХЭҮК-ын дарга Д.Сүнжидэд шаардлага хүргүүлсэн билээ.

Тус асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал дараах мэдээллийг өөрийн цахим хуудастаа нийтэллээ.

"Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн албан тушаалтны зургийг нийтлэлдээ ашигласныг Хүний Эрхийн Үндэсний Комисс “Биометрик мэдээлэл” гэж мушгин гуйвуулж, улмаар 20 сая төгрөгөөр торгосон нь мэдэх эрх, үг хэлэх эрх чөлөөнд халдсан бусармаг үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлье.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, сэтгүүлчдийн шаардлага, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж буй иргэдийн дуу хоолойтой бүрэн дүүрэн санал нэгтэй байна. Хүний Эрхийн Үндэсний Комисс хүний эрхийг хамгаалах бус хүний үндсэн эрхэнд халдсан үйлдэл гаргасныг эрс буруушааж байна.

Хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход Хувь хүний мэдээлэл задруулах, хамгаалахтай холбоотой Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн асуудлыг өөрчлөн шинэчлэх шаардлагатай. Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль нь ойлгомжгүй, хууль сахиулагч өөрийн үзэмжээр тайлбарлах боломжтой хуулийн хийдэл юм. Хууль хүн бүрд тэгш шударга үйлчлэх ёстой. Түүнээс бус аль нэг талд давуу байдал олгодог, зохицуулахаас илүү үл ойлголцол, элдэв хүндрэл үүсгэдэг хуулийн хийдлийг засаж залруулах болно.

Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш иргэн нь мэдэх эрхтэй эрүүл нээлттэй нийгмийн үндэс юм. Ардчилсан, эрх чөлөөт нийгмийн үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх, иргэний мэдэх эрхэнд халдсан нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажил үүргээс нь чөлөөлөх болно. Чөлөөлье бодлого хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газар иргэдийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан аливаа үйлдэлтэй үл эвлэрэн, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг тууштай хамгаалж ажиллана" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрөө зайл Ухралаа

Шударга
Шударга

ЗӨВ ШҮҮ ДЭЭ...

Холбоотой мэдээ

Back to top button