Украин ОХУ-ын эдийн засагт дарамт өгөх шинэ цэгийг онилж байна
ОХУ-ын хамгийн том онлайн худалдааны платформ болох “Wildberries”-д Украин дроноор цохилт өгч буй нь Оросын дайны эдийн засагт учрах дарамтыг улам нэмэгдүүлж байна.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэхдээ цохилт өгсөн агуулахуудыг дроны эд анги, навигацийн төхөөрөмж болон бусад цэргийн зориулалттай тоног төхөөрөмж нийлүүлэхэд ашиглагдаж байсан гэжээ.
ОХУ-ын “Amazon” гэгддэг “Wildberries” нь 2004 онд байгуулагдсан 48 мянга орчим ажилтантай, тус улсын хамгийн том онлайн худалдааны платформ юм. Украин ОХУ-ын нийлүүлэлтийн сүлжээг доголдуулж, банк, бизнесүүдэд ирэх санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлэх зорилгоор тус компанийн агуулах байгууламжуудад агаарын цохилт өгч байна. Хамгийн сүүлд лхагва гарагт /2026.07.29/ Рязань хот дахь агуулахад Украин цохилт өгчээ.
Өнгөрсөн саруудад Киев голчлон ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгч байсан бол одоо тактикаа өөрчилж байна. Эдгээр цохилтын улмаас ОХУ-ын Засгийн газар “Wildberries” компанид санхүүгийн дэмжлэг үзүүлж үйл ажиллагааг нь тогтвортой байлгах шаардлагатай болж магадгүй гэж хоёр эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг төрийн хяналттай VTB банк гол үүрэг гүйцэтгэх төлөвтэй байгаа аж.

Цохилтуудын улмаас “Wildberries” платформоор худалдаа хийдэг улмаас жижиг, дунд бизнесүүд олноор дампуурах эрсдэл үүсээд байна. Үүнтэй холбогдуулан Сбербанк худалдаа эрхлэгчдэд зориулсан зээлийн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан гэх мэдээлэл гарчээ.
Дайн эхэлснээс хойш ОХУ-ын бизнесүүд олон төрлийн хүндрэлтэй тулгарсаар ирсэн. Их Британийн Chatham House хүрээлэнгийн Орос, Евразийн хөтөлбөрийн судлаач Наталья Ковалева энэ талаар бичихдээ "Барууны хориг арга хэмжээ нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулсан. Татвар өссөнөөр компаниудын ашигт ажиллагаа буурсан. Мөн интернэтийн тасалдал бизнесийн үйл ажиллагаанд саад болж байна. Сүүлийн үеийн шатахууны хомсдол зардлыг өсгөж, инфляцын дарамтыг улам нэмэгдүүллээ" гэжээ.
Ковалевагийн үзэж буйгаар, Орос бизнесүүдэд ирэх санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлснээр дотоодын эсэргүүцэл эрчимжиж, улмаар Путин хэлэлцээ хийхээс өөр аргагүй болоход хүрч магадгүй. Эсвэл Украины хотуудыг бөмбөгдөх ажиллагаагаа зогсооход хүрнэ гэж Киев тооцоолж байгаа аж.
Гэхдээ энэ стратеги Киевийн хүсэж буй үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй. Ковалева "ОХУ-д бизнес эрхлэх улам хэцүү болж байгаа ч Оросын элитүүд Кремлээс илүү хамааралтай, мөн илүү болгоомжилдог болсоор байна" гэжээ.
Украин ОХУ-ын логистикийн төвүүдэд өгөх цохилтоо эрчимжүүлж буйтай зэрэгцэн АНУ-аас шинэ хориг арга хэмжээ авч магадгүй нь тус улсын эдийн засгийг илүү эмзэг байдалд оруулж магадгүйг шинжээчид анхааруулж байна.
Өнгөрсөн жил Трамп Зеленскийг анх удаа хүлээн авч уулзахдаа түүнд тоглох ямар ч хөзөр байхгүй гэж зэмлэж байсан. Одоо тэдний харилцаа харьцангуй сайн байгаа юм. Зеленский мягмар гарагт /2026.07.28/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийсэн уулзалт хийсэн. Тэд “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужин үйлдвэрлэх лиценз болон дипломат хэлэлцээг дахин эхлүүлэх талаар хэлэлцсэн юм. Харин одоо Украин ОХУ-д өгч буй алсын тусгалтай цохилтоороо хэлэлцээ дэх байр сууриа бэхжүүлж чадлаа.
Трамп, Зеленский нарын уулзалттай давхцан Конгрессын Сенатын танхим ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгах дэмжжээ. АНУ хориг арга хэмжээгээ чангатгавал ОХУ-ын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрнэ.
Олон улсын эдийн засгийн “Peterson Institute for International Economics” хүрээлэнгийн ахлах судлаач Элина Рыбакова лхагва гарагт “CNBC” агентлагт хэлэхдээ "ОХУ-ын эдийн засгийн өсөлт үндсэндээ зогсонги байдалд орсон. Энэ жил хамгийн сайндаа л тэг хувийн өсөлттэй байна” гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Эхний улиралд ОХУ-ын эдийн засаг агшиж, аж үйлдвэрийн идэвх мөн буурсан. Аж үйлдвэрлэл агшсан нь батлан хамгаалах салбарын өсөлт ч мэдэгдэхүйц саарсныг харууллаа. Өөрөөр хэлбэл, ОХУ их эмзэг байдалд ороод байна" гэсэн юм.
Рыбакова Оху-ын эрчим хүчний салбарт чиглэсэн шинэ хориг арга хэмжээ авах нь дайны эдийн засагт асар хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой гэж хэлжээ. Украин, Ираны дайн улам уялдах болсон энэ эрчим хүчний хориг тавих нь бүр ч илүү ач холбогдолтой гэж тэр үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт /2026.07.25/ Украин Каспийн тэнгис явсан Ираны худалдааны хөлөгт цохилт өгсөн юм. Техран мэдээлснээр уг халдлагын улмаас нэг усан цэрэг амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ. Иран уг явдалд хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.
Рыбакова "Мөргөлдөөн Ирантай холбогдож байгаа энэ нөхцөл байдал л ОХУ-д давуу тал болж байна" гэж хэлжээ. Иран Ормузын хоолойг хааж буй нь газрын тосны үнийг өсгөж, Кремльд дайнаа үргэлжлүүлэх санхүүжилт гаргаж өгч байгаа юм.
Эх сурвалж: CNBC












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.