Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Балж, Байдраг зэрэг голууд хүчтэй үерлэж байна
Цаг уурын байгууллагын мэдээлснээр долдугаар сарын 30-ны байдлаар Тэрэлж, Туул (Улаанбаатар хот болон Лүн сум), Сөгнөгөр, Балж, Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Таац, Хөгшин Орхон, Хархираа (Тариалан сум), Намир (Өмнөговь сум) зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см даван хүчтэй үерлэж байна.
Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Зэлтэр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул (Улаанбаатар хот болон Алтанбулаг сум), Хараа, Ерөө, зүүн хажуугийн Барх, Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, Урдтамир, Хөгшин Орхон, өврийн Байдраг, Шаргалжуут, Онги (Арвайхээр, Сайхан-Овоо сум), Таац, Зэгстэй, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгдсэн байна.
Маргааш буюу долдугаар сарын 31-нд Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчимд 35 см, Алтанбулаг сум орчимд 25 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 15 см, Онон гол Дадал сум орчимд 30 см тус тус нэмэгдэх төлөвтэй байгаа талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.