Тодруулга: Арбулаг суманд 24 га газар мод бэлтгэх зөвшөөрөл өгчээ

"Хөвсгөл аймгийн Арбулаг сумын удирдлагууд модыг нялх, ногооноор нь хядаж, зөөж байна" гэх мэдээллээр иргэн манай редакцад хандсан юм. Энэ тухай нутгийн иргэнээс тодруулахад "Долоодугаар сараас эхлэн Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 100 гаруй нялх модыг ногооноор нь тайрч авч явж байгаа. Үүнийг нь нутгийн иргэд эсэргүүцэж сумын удирдлагуудад олон удаа шаардлага тавьсан ч тоодоггүй. Бүр мод устгаж буй хүмүүстэй хамтарч бизнес хийдэг. Иргэдийн шаардлагаар наймдугаар сарын 3-нд уг асуудлаар иргэдтэй уулзахдаа "24 га талбайгаас мод авна одоо үлдсэн 16 га газраас мод аваад болно" гэсэн тайлбар өгсөн" гэлээ.

Иргэний илгээсэн зураг 

Иргэний илгээсэн зураг 
Тэгвэл энэ асуудлаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ИТХ-ын дарга П.Намхайжамцаас тодруулахад "Энэ жил аймгийн ИТХ-аас 24 га газрын модыг авч дүнзэн байшин барих банз болгох зөвшөөрөл олгогдсон. Манай сумд мод тайрч, банз болгох зөвшөөрөлтэй, тусгай техниктэй ойн анги байхгүй учраас Алаг-Эрдэнэ сумаас мэргэжлийн ойн инженерүүд ирж ажиллаж байгаа. Ойн цэвэрлэгээ буюу нас нь хөгшин модыг мэргэжлийн хүмүүс нь заана. Үүнийг нь унагаж мод бэлтгэдэг анги руу тээвэрлэж дүнзэн байшин барьдаг банз болгож иргэдэд зардаг. Энэ л ажил явагдаж байгаа. Нялх мод унагасан зүйл бол байхгүй. Мэргэжлийн хүмүүс нь ажиллаж байгаа учраас ямар нэгэн асуудал гараагүй. Энэ жилийн өгсөн 24 га талбайгаас одоогоор 18 га газраас мод бэлтгэсэн. Мэргэжлийн хүмүүсийн заасан хэсгээс нь мод авч байгаа" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.