ОХУ-ын "Amazon" гэгддэг "Wildberries" Украины цохилтыг давж гарч чадах уу
Украины дроны халдлагын улмаас ОХУ-ын хамгийн том цахим худалдааны платформ болох “Wildberries” компанийн агуулахын хүчин чадлын дөрөвний нэг орчим хувь нь ажиллагаагүй болжээ. Үүний улмаас тус компанийн ложистикийн сүлжээ доголдож, “Wildberries” болон платформ дээр нь худалдаа хийдэг бизнесүүдэд олон тэрбум ам.долларын хохирол учрах эрсдэл үүсээд байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ нөхцөл байдал ОХУ-ын эдийн засгийг бүхлээр нь авч үзвэл ноцтой аюул учруулах магадлал бага. Гэвч халдлага удаан үргэлжилбэл “Wildberries”-д учрах хохирол нэмэгдэж, хүргэлт удааширч, өндөр өрсөлдөөнтэй байдаг цахим худалдааны зах зээлд эзлэх байр суурь нь сулрах эрсдэлтэй. Барууны брэндүүд Украины дайны дараа ОХУ-ын зах зээлээс гарснаас хойш энэ салбар эрчимтэй өссөн юм.
Үүний үр дүнд “Wildberries”-ээр дамжин борлуулагдсан нийт бараа, үйлчилгээний үнийн дүнг илэрхийлдэг нийт худалдааны хэмжээ 2021 оны 844 тэрбум рублиэс (10.4 тэрбум ам.доллар) 2023 онд 2.5 их наяд рубль (30.8 тэрбум ам.доллар) болж бараг гурав дахин өсжээ.
2024 онд “Wildberries” компани “Russ” групптэй нэгдэж “RWB” группийг байгуулсан нь 2025 онд 6.1 их наяд рубль (75 тэрбум ам.доллар) эргэлдүүлсэн байна. “Wildberries”-ийн агуулах, түгээлтийн сүлжээнд хийж буй халдлагууд энэ хурдацтай өсөлтийг сааруулах эрсдэл үүсгээд байна.
Долоодугаар сарын 18-наас хойш “Wildberries”-д өгч буй цохилтууд голчлон бараа хадгалдаг агуулахуудыг онилж байна. Украины эрх баригчид тус компанийг ОХУ-ын зэвсэгт хүчинд дроны эд анги болон бусад тоног төхөөрөмж нийлүүлдэг гэж буруутгадаг.
“Vyorstka” хэвлэл мэдээлснээр даваа гарагийн /2026.08.03/ байдлаар нийт 1.5 сая гаруй ам метр талбай бүхий 14 агуулах ажиллагаагүй болжээ. Энэ нь “Wildberries”-ийн нийт агуулахын талбайн ойролцоогоор 27 хувьтай тэнцэж байна.

“Wildberries” хувьцаагаа нээлттэй арилжаалдаггүй хувийн компани учир хөрөнгө оруулагчдын хариу үйлдлийг хувьцааны ханшаар хэмжих боломжгүй юм. Мөн халдлагын улмаас учирсан нийт хохирлын талаарх албан ёсны дэлгэрэнгүй тооцоог тус компани л гаргана.
Одоогоор нийт хохирлын хэмжээг нууцалж байгаа ч орос хэвлэлүүд эх сурвалжаас авсан урьдчилсан үнэлгээнүүдээс харахад санхүүгийн хохирол өндөр байх төлөвтэй байна. “Forbes Russia” мэдээлснээр, ажиллагаагүй болсон агуулахуудыг сэргээн барих өртгийг нэг метр квадрат тутамд ойролцоогоор 70 мянган рубль (861 ам.доллар) байна гэж шинжээчид тооцжээ.
Хэрэв энэ тооцоог “Vyorstka”-гийн мэдээлсэн 1.5 сая ам метр талбайд үржүүлбэл сэргээн босгоход нийт 105 тэрбум рубль буюу ойролцоогоор 1.29 тэрбум ам.доллар шаардлагатай болох юм. Энэ нь компанийн тус хувьд их хэмжээний зардал ч гэсэн гаргах боломжтой гэж шинжээчид үзэж байна. “Wildberries” болон “Russ” групп нэгдэн байгуулагдсан “RWB” компани 2025 онд 175 тэрбум рублийн (2.15 тэрбум ам.доллар) цэвэр ашигтай ажиллажээ.
Гэхдээ зөвхөн шууд хохирлоор асуудал дуусахгүй. Байршлын хувьд давуу талтай агуулахуудаа алдсанаар “Wildberries” хүргэлтийн чиглэлээ өөрчлөх, ложистикийн сүлжээгээ уртасгах, шинэ агуулах түрээслэх шаардлагатай болж байна.
“Kommersant” сонинд мэдээлснээр, ОХУ-д сул байгаа агуулахын эзэмшигчид “Wildberries”-д түрээслэхээс татгалзаж байгаа тул компани Казахстан улсаас нэмэлт агуулах хайж эхэлжээ. Эрсдэл нэмэгдэж байгаа учир “Wildberries”-ийн түрээс болон даатгалын зардал өсөх магадлалтай ч нийт санхүүгийн нөлөөг нарийн тооцоолж гаргах ирэх хүндрэлтэй юм.
Өөр нэгэн ноцтой асуудал бол цахим платформ дээр худалдаа эрхлэгчдийн бараа устсан явдал юм. “Forbes Russia”-гийн тооцоолсноор худалдаа эрхлэгчдийн нийт хохирол 214.9-279.6 тэрбум рубльд (2.64-3.44 тэрбум ам.доллар) хүрч болзошгүй.
Энэ тооцоог 2024 онд Санкт-Петербург дахь 112 мянган метр квадрат талбайтай “Wildberries”-ийн агуулах шатах үед бизнесүүдэд нөхөн төлбөрт өгсөн дүн дээр үндэслэн гаргажээ. Тухайн үед 35 тэрбум рубль (431 сая ам.доллар) орчим мөнгийг нөхөн төлбөр болгон олгож байсан юм.
“Wildberries”-ийн гүйцэтгэх захирал Татьяна Ким хэлэхдээ, дроны халдлагын үеэр устсан бараанд нөхөн төлбөр олгох хууль ёсны үүрэг компанид байхгүй ч худалдаачдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг хэлэлцэж байгаа гэжээ.
ОХУ-ын засгийн газар мөн хохирол амссан худалдаачдыг дэмжих арга хэмжээ боловсруулж байгаагаа мэдэгдсэн. Хэсэгчлэн нөхөн төлбөр олгосон байлаа ч зарим бизнес бараагаа дахин бүрдүүлж чадахгүйгээс платформ дээрх худалдааны идэвх саарах эрсдэлтэй юм.
Хэрэв Кремль “Forbes Russia”-ийн тооцооны дундаж хэмжээтэй тэнцэх хохирлыг нөхөн төлбөл ойролцоогоор 250 тэрбум рубль (3.08 тэрбум ам.доллар) шаардлагатай болно. Энэ нь улсын төсвийн хувьд багагүй зардал боловч эдийн засгийг бүхэлд нь өөрчлөхүйц хэмжээ биш юм. ОХУ 2026 онд баталсан анхны төсөвт 3.79 их наяд рублийн (46.6 тэрбум ам.доллар) алдагдалтай ажиллана гэж тусгаж өгчээ. Энэ нь ДНБ-ий 1.6 хувьтай тэнцэх дүн.

Дээр дурдсан 250 тэрбум рублийн нөхөн төлбөрийг нэмбэл төсвийн алдагдал ойролцоогоор 6.6 хувиар өсөж, 4.04 их наяд рубль (49.7 тэрбум ам.доллар) буюу ДНБ-ий 1.7 хувьд хүрнэ. Эцсийн хохирлын хэмжээ нь халдлага хэр удаан үргэлжлэх, хэдэн агуулах дахин цохилтод өртөх, мөн Wildberries ложистикийн хүчин чадлаа хэр хурдан сэргээж чадахаас шалтгаална.
Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар цохилтууд одоогийн цар хүрээгээрээ ОХУ-ын эдийн засгийг бүхэлд нь ноцтой аюулд унагаахгүй аж. Эдийн засагч Дмитрий Некрасовын хэлснээр, цохилтууд бизнес эрхлэгчдэд томоохон хүндрэл учруулж, Кремлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болох ч эдийн засаг болон жижиглэн худалдааны салбарт ч ноцтой аюул учруулах хэмжээнд хүрэхгүй аж. Учир нь цахим худалдааны зах зээлд өрсөлдөөн өндөр хэвээр байгаа юм.
Тэрбээр “Живой Гвоздь” YouTube сувагт ярилцлага өгөхдөө "Нэмж цохилтод өртөх агуулахуудыг оролцуулаад нийт хохирол 200 тэрбум рубль хүрлээ гэж бодъё. Энэ нь Оросын ДНБ-ий 0.1 хувиас ч бага хэмжээ" гэж хэлжээ. Мөн Украин газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгч буй цохилтуудаас ялгаатай нь “Wildberries”-д өгч буй цохилт эдийн засгийн бусад салбарт нөлөө үзүүлэх магадлал бага гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргүү укрууд үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно гэдэг зүйр үгийг мэддэггүй бололтой улс нь удахгүй 100% сүйрлээ ш дээ одоогийн байдлаар 70% тай байгаа ч 100% болох цагаа өөрсдөө хурдлуулж байна даа хахаха.