Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах Монгол иргэдийн тоо 58.2 хувиар буурчээ

Хөдөлмөрийн гэрээгээр буюу Е-9 визээр ирж буй гадаад ажилчдад шаардагдах хэлний босго оноо болон шалгууруудыг эрс нэмсэнтэй холбоотой.
2026 оны II улирлын байдлаар Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр БНСУ болон Япон улсыг зорьсон 94 иргэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 131-ээр буюу 58.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт иргэдийн 71 нь БНСУ улс руу, 23 нь Япон улс руу зуучлагдсан байна.
Үүнийг “БНСУ-ын Засгийн газраас гадаад ажилчдын квотыг танасан. Мөн хөдөлмөрийн гэрээгээр буюу Е-9 визээр ирж буй гадаад ажилчдад шаардагдах хэлний босго оноо болон шалгууруудыг эрс нэмсэнтэй холбоотой” гэж албаныхан хэлж байна.
Харин Япон улсын хувьд гадаад иргэдийн оршин суух зөвшөөрлийн хураамжаа 300 мянган иен хүртэл болгон нэмсэн. Энэ нь тус улсыг зорих гадаад ажилчдын тоонд нөлөөлсөн байх магадлалтай. Мөн иений ханш АНУ болон Японы Төв банкны хүүгийн зөрүүгээс шалтгаалж иен ам.долларын эсрэг сүүлийн 40 жилийн хамгийн доод түвшиндээ хүрчээ. Улмаар гадаад иргэдийн гар дээр авдаг цалин багассан нь ч багагүй нөлөөлсөн. Тодруулбал, 2021 онд нэг ам.доллар 103 иентэй тэнцэж байсан бол энэ оны дунд үед нэг ам.доллар нь 163.9 болжээ.
Гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийг салбараар нь задалбал,
- 73.4% - боловсруулах үйлдвэрлэл,
- 9.6% - хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагаа,
- 8.5% - барилга,
- 4.3% - зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ,
- 4.3% - хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын чиглэлээр ажилладаг.
Б.АЛТАНГЭРЭЛ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.