Д.Төрмөнх: Ер нь бүх зовлон “БИ”-гээс л эхтэй юм шиг

Нийтлэлч, зохиолч Д.Төрмөнхтэй товч ярилцав.
Түүний Бельгүүдтэй хамтран бүтээсэн “Нохой орон” кино дэлхийн 23 наадмаас шагнал хүртсэн. Тэрбээр “Бодлын хулгайч”, “Ларьдма” зэрэг уран сайхны киноны зохиолыг бичсэн төдийгүй 40 орчим дууны шүлгийн эзэн Хамгийн сүүлд “А Саунд”-ын Ц.Тэмүүлэнтэй хамтарч “Цонхон дээр суусан ялаа” консепт цомог бүтээсэн нь залуусын дунд нэртэй. Яг одоо түүний бичсэн “Санкара” роман ч мөн залуусын дунд эрэлт ихтэй буй гэхчлэн түүнийг уншигчид, үзэгчид уран бүтээлээр нь сайн мэднэ.

ФЭЙСБҮҮК БОЛ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ ШҮҮ ДЭЭ
- Ойрын үед та нам гүм л суух болж, юу бүтээж байна даа?
- Чимээ чимээгээ сонсдоггүй юм шүү дээ. Би чимээтэй байгаад яах ч билээ. Зүгээр сууж чадах биш, юм хум бичиж л сууна. Хоёр ч номтой, тэрийгээ бага сага явуулаад л. Бас хоёр ч кино зохиол бичсэн. Гэвч кино ярихад эртдэнэ. Мөнгө цааснаас хамааралтай болохоор …
- Шилдэг нийтлэлчдийн клубдээ ч тоотой л нийтлэл тавьж харагдана. Нүүр номондоо “Би Буддист” гэх гаднын пэйжийн үгс орчуулж тавиад л, өмнөхөөсөө идэвхгүй байх шиг. Яагаав?
- “Пянз цуглуулагчдын клуб”-дээ бол идэвхтэй л байгаа. Хэрүүл уруулгүй сайхан групп л дээ. Гэхдээ сүүлийн үед нийгэм нэг л бишээ. Анхандаа ч бас хүмүүс нэрээ боддог байж… Одоо ч бүр хүн муулж байхын донд нийтээрээ шүглэж. Битүү уур хилэн. Улс төрөөс өөр юу ч сонирхдоггүй хүмүүс яасан ч их болчихсон юм. Гэхдээ ард олон нийтээрээ ядуу байгаа болохоор яаж ч уур уцааргүй, тайван байх билээ дээ. Тэгээд ч энэ нүүр номонд аз жаргалгүй, ажил төрөлгүй улс л их байдаг юм шиг санагдах. Уг нь сайхан буянтай зүйлийг хуваалцах тусам үрждэг, хорогддоггүй л юм даа. Гэвч мууг их хуваалцах юм даа.
-Харин тийм. Массаас ангид амьдрах бололцоо бий болов уу? Нүүр номоос гарвал дээр ч юм шиг...
-Нийгмээс ангид байна гэж мэдээж байхгүй. Тэр тусмаа бид мэт нь. “Масс мэдиа” гэж ярьдаг биз дээ, угаас.
Гэхдээ ер нь амьдралын гол зүйл аливаад тэгш амгалан хандаж сурахад л байгаа юм. Яаран хариу үйлдэл хийхгүй байх. Бас энэ нүүр номын нэг сайн тал байна. Хүний тэгш амгаланг шууд шалгадаг. Бас чиний тухай тэр хүн ямар бодолтой явдгийг ил харуулдаг. Гэхдээ л хар юм их халдвартай байх юм. Тас хар нь дийлсэн тамын тогооны нүүр ном болчих шиг. “Байж байгаа царайг нь” … гэдэг дээ. Фэйсбүүк бол байж байгаа царай нь шүү дээ. Гэхдээ гадны хөгжим, кино энэ тэр сонирхдог Фэйсбүүк групп дүүрэн хүнтэй. Тэдэнтэй лайк дараад нэгдэхэд их өөр, шууд л мэдэж болно.
Фэйсбүүкийн нэг сайн зүйл нь цаг алдахгүй мэдээлэл авдагт, бас чатаар хамаг ажлаа амжуулж, хүмүүстэй холбогдож болдогт байгаа юм. Дэлхий хавтгай болсон гэдэг үнэн шүү дээ. Хаана ч байгаа хүнтэй шууд л харьцаж болдог гэх мэт олон давуу тал бий шүү, бас.
ЭЦСИЙН ЭЦЭСТ ХҮН ЗОВЖ ОЛСОН ХЭДЭЭ ХОББИНДОО Л ҮРДЭГ БИЗ ДЭЭ
-Санал нэг байна. Таныг массаас өөр хүн гэж хардаг. Цаг үеэсээ түрүүлж төрсөн нэгэн ч гэмээр. Хийсэн кино тань дэлхийн энгээс 23 шагнал хүртсэн. 23 байтугай хоёр, гурвыг авсан нь алга.
Хамгийн сүүлд ном тань дэлхийн нэртэй паблишер “Пингвин”-д “тоогдож”, мөн л дэлхийн тавцанд гарах гэж байгаа сурагтай. Цаашдаа юу хийх бодолтой байна вэ?
-Яах вэ дээ, байдгаараа л пянз, ном хоёроо цуглуулж, кино үзээд л. Бясалгалаа хийж, ном, кино зохиолоо бичээд л амьдарна даа. Пянз, ном хоёр бол насаараа цуглуулаад ч барагдхгүй их сантай ертөнц шүү дээ.
“Пингвин рэндом хаус” одоо хоёр байна уу, гурван сарын дараа хэвлэж гаргана. Энэ хугацаанд тэдэнтэй и-мэйлээр харьцаж, номоо засаж янзаллаа, их ч юм сурлаа. Бараг нэг дээд курс төгссөнтэй адил. Гэхдээ бадарчин баярлах болоогүй ээ хө. Муу “чукча”-г дэлхий дахин тоогоо ч уу, үгүй ч үү.
Ер нь бол өнгөрсөн гэж байхгүй. Яагаад гэвэл хэдийнэ өнгөрч одсон учир. Ирээдүй ч гэж байхгүй, учир нь ирэх болоогүй гэдэг их үнэн үг шүү. Юу болохыг тааж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өнөөдрөө л үр бүтээлтэй өнгөрүүлж, хөгжмөө сонсоод, номоо уншаад, киногоо үзээд, өдөр бүр бүтээлч байх нь л зөв юм.

- Онгод орохоо байхаар бичихээ больчихно гэж байх уу? Онгод гэж юу юм бэ, таныхаар?
- Онгод гэж байна аа. Урам гэхээс илүү далд ухамсарт үүсэж буй сэргэлт юм шиг. Сайхан ном уншаад, сайхан кино үзээд, сайхан хүнтэй яриад онгод ордог доо. Далд ухамсарт буй файл л нөхцөл таарахаар сэргэдэг шиг байгаа юм.
Авьяас гэдэг “дадал” гэсэн самгарди үг гэхээр урд наснаас ирсэн дадал болж байгаа биз. Тэгээд ч бичхээрээ би маш их аз жаргалтай болдог. Тийм болохоор жаргахын тулд бичээд ч байгаа байж мэднэ. Бодит биш ч жаргал өгдөг юм өчнөөн шүү дээ. Энэ нэг эд баялаг шүтсэн, мөнгөгүй бол жаргаж болдоггүй гэх капиталист ертөнц их гайтай юм. Мөнгө бол аз жаргал биш ч гэлээ мөнгөгүй бол ийм нийгэмд аз жаргалтай байх боломж алга.
Гэхдээ явж явж хүн зовж олсон хэдээ өөрийнхөө хоббинд л үрдэг биз дээ. Архинд хоббитой нь архинд, машинд хоббитой нь машинд, хувцас хунарт хоббитой нь хувцсандаа, хүүхэнд дуртай нь хүүхэнд гэх мэтээр. Би нэлээд хэдэн жилийн өмнөөс л зохиолч Г. Аюурзана шиг амьдрах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Дуртай ажлаа хийж жаргангаа мөнгөө олоод л. Хоббигоороо амьдарч, түүгээрээ олсон мөнгөө хайртай хань, үр хүүхдэдээ зориулаад л.
Дэлхий гэж том сав байна шүү дээ. “The Hu”-гээс эхлээд л дэлхийн тавцанд гарцгааж байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ шүү. Нэг замаар их удаан зүтгэвэл бонус гэж нэг зүйл ирдэг юм.
“НОЁД УРВААЧ, НОХОЙ ШАРВААЧ” ГЭЖ ҮГТЭЙ. ХААН УРВАДАГ ГЭЖ БИ ЛАВ СОНСООГҮЙ

-Хэдий тийм ч нийгэм, тэр дундаа энэ улс төрчдөөс болж бид нэг л сайхан амьдарч чадахгүй байгаа шүү дээ.
-Гучаад жилийн өмнө хуучинсаг нь МАХН-ыг дэмждэг, шинэлэг нь АН-ыг дэмждэг, ийм хоёр туйлд хуваагдсан байж. Одоо бол ялгах ямар ч арга байхгүй болсон. Адилдаа адил, годилдоо годил болж. Ардчилал гэдэг чинь ердөө л “Ардын эрх” гэсэн үг биз дээ. Хатуухан хэлэхэд бид 76 олигарх малчинтай болоод удсан. Малчин тойрогтоо “өвс”, “ус” өгнө. Тэгээд л эргээд гарч ирнэ. Бүгд идэхийн тулд л тийшээ үхэн хатан зүтгээд байгаа болохоос хөгжүүлэх байсан бол хөгжих хугацаа өнгөрлөө шүү дээ.
Дэлхийн улс орон, тэр дундаа Азийн орнууд нэг гарт л байвал хөгждөг юм байна. Солонгосыг Пак Чен Хы, Сингапурыг Ли Куан Ю босгож ирсэн гээд яривал маш олон тод жишээ бий. Манайд ч Ю.Цэдэнбал дарга 44 жил удирдаж байж л улс шиг улс болгоо биз дээ. Бидний дуурайдаг АНУ ерөнхийлөгчийн засаглалтай. Орос, Хятад бас адил. Тэгээд тэр хүнийг ард түмний талаас илүү хувь нь сонгодогт л учир байгаа юм.
“Ноёд урваач нохой шарваач” гэж үгтэй. Хаан урваач гэж би л лав дуулаагүй. Тэгэхээр системийн өөрчлөлт гээд байгаа нь ердөө л энэ юм. Ерөнхийлөгчийн засаглалыг манайхны ихэнх дэмжинэ шүү. Одоо яриад, бичээд байгаа улсын ихэнх нь жар гарчихсан социализмын үеийн л сэтгэлгээтэй харагдах болж. 1990 онд төрсөн хүүхэд одоо 30-тай залуу болсон биз дээ. Тэр үед 10-тай байсан хүүхдүүд өнөөдөр 40-тэй. Гэтэл залуу хүн харагдаж байна уу гэхээр үгүй юм. Өнөөх л өвгөд. Ингээд улстөржихөө болих уу, юу ч ярьсан улс төр л болчих юм даа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга та хоёрын хуучны харилцаа хэвээр үү? Түүний эсрэг хүмүүс бас байх юм. Ялангуяа өөрийнх нь Ардчилсан Намаас…
- Энэ хүн өнөөх л 30 гэр бүлийн эсрэг, олигархын эсрэг тэмцэнэ, тэгш хуваарилалт, эрс шинэчлэлийг хийнэ гэж гарч ирсэн. Үнэндээ манайд баруун, зүүний үзэлтэй нам гэдэг устаад их удсан шүү дээ. Зөвхөн эрх ашиг тойрсон бүлэглэл л болсон. Ард олон ч хуучин, бас нэг талархдаг намтай, тэднээсээ бусдыг муучилдаг байсан бол одоо хүний өөрийн ч гэхээ байж. Тэгээд бүр улс төрд буй баячуудын л эсрэг бол хэнийг ч хамаагүй муулдаг болсон байгаа биз.
Одоо энэ эсрэг дуугараад байгаа бүгд л тэр шинэчлэлд өртчих магадлалтай улс гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа биз дээ. Ц.Элбэгдоржийн талынхан гэхүү дээ. Тэтгэвэрийн зээл тэглэхэд яаж эсэргүүцэв дээ. Ер нь Х.Баттулга их хашир, үг цөөтэй, тамирчин зантай хүн шүү дээ. Барьцаа л хангаад байх шиг. Барьц ханахаар л мэхээ хийдэг зантай.
Салхитын мөнгөний уурхай гэдэг үгийг жилийн өмнөх ярилцлагадаа хэлж байсан даа. Тэгээд жил шахам ултай суурьтай үзэж ялаад тэр мөнгөөр тэтгэврийн зээлийг дарж байх жишээтэй. Бусад луйварчдын авсан уурхай ч мөн ингэж л явах биз.
Хөрөнгөө, эрх мэдлээ, бүр эрх чөлөөгөө ч алдах гэж буй улс бүх л аргаар, бүх л хүчээрээ тэмцэж таараа даа… Тэвчээртэй, тэгш амгалан талдаа хүн шүү дээ. Би бол яахав дээ ерөнхийлөгчийн орон тооны бус туслах нь санаатай. Миний тус ч дээ. Бичих барих л юм даа. Харин номоо яг “Пингвин”-д гарч буй маягаар нь нэмэлт бүлэгтэй дахиж нэг хэвлүүлэх санаатай байна. Өнөөх хүн бүрийн сонирхдог орос эхнэрийнх нь гарал үүслээс эхлээд цаашид хийх гэж буй зүйлсээ дурдсан нэмэлт бүлгүүдэд олны мэдэхгүй зүйл их нэмэгдэж орсон л доо.

ГЭР БҮЛЭЭС БУСАД БҮХ ЗҮЙЛ ХООСОН ЧАНАРТАЙ ШҮҮ ДЭЭ
-Ганцаардал, гэр бүл гэдэг сэдвээр ярилцвал? Танд ганцаардах үе бий юу?
-Олны дунд ганцаардах гэж нэг юм байна аа. Олонтой санаа бодол нийлэхгүй явдал. Тэгэхээр л гэр бүл хамгийн чухал зүйл юм. Санаа нийлдэг хүнтэйгээ амьдрах гэдэг ер нь бүх зүйл шүү.
Хоосон чанар л гээд байдаг даа. Гэр бүлээс бусад бүх юм ер нь бол хоосон чанартай шүү дээ. Тантай хамгийн ойр, хамгийн хамаатай нь гэр бүл л юм. Ихэнх хүмүүс кино ярих гэхээр “Титаник”-аас цаашгүй, хөгжим ярих гэхээр “Смоуки”, “Бони М” ээс өөр юм мэдэхгүй, за номын тухайд бол бүр ч харанхуй байх нь элбэг. Тэгсэн хэрнээ , “Би би” л гээд байх нь тэр. Зарим хүүхнүүд нүдэнд эвэр ургатал өөрийнхөө зургийг нүүр номонд өдөр бүр тавиад байдаг шүү дээ.
Эгогүй хүн гэж нэг ч байхгүй л дээ. Эхлээд тэрийгээ ойлгож, тэгээд түүнээсээ салах дасгал хийх нь бясалгал шүү дээ. Бүх зовлон “би”-гээс л эхэлдэг…Одоо ч випишяана бясалгал дэлхий дахинд маш их түгж байна даа. Твиттерийн босс Жэк Дорсэйгээс эхлээд маш их хүн хамрагддаг болжээ. Даруу занд суралцаж буй болохоор зарладаггүй нь бүр ч олон. Угаасаа бурхны лүндэнд байдаг юм билээ, хоёр мянга таван зуун жилийн дараа бурхны ном жинхэнэ утгаараа дэлгэрч эхлээд цаашид таван зуун жил түгнэ гэж…
Гэхдээ мулзан толгойтой шар хувцастай лам нар олширно гэсэн үг биш. Хар хүмүүсийн дунд чимээгүй түгсээр л байна. Далаад оны үед анх Энэтхэгт Бирмээс ирсэн гэхэд одоо дэлхий дахинд түгчихлээ. Анзаарч хараагүй хүнд бол юу ч өөрчлөгдөөгүй мэт. Анзаараад харвал их юм өөр болж байна шүү дээ. Энэ интернет ч гэсэн хоосон чанар утгаараа мөн шиг. Сайн цаг ирж байгаа шүү. Бид ч гэсэн өөрчлөгдөнө дөө, нэг их удахгүй. Бүх зүйл түр зуурынх шүү дээ. Яг угтаа бол хүн бүр л гав ганцаараа учир гэр бүл гэдэг бүх юм гэсэн үг л дээ.
-Мухар сүсгийн тухайд... Лам, бөө дээр очдоггүй хүн ховор шүү?
-Хүн бүрийн оюуны, сэтгэлийн хэмжээ өөр өөр шүү дээ. Яахав, мухар сүсэгт бас сайн тал ч бий л байх. Ядаж муу юм хийхээсээ айна. Гэхдээ угаасаа буддизм онол практик гэсэн хоёр талтай ч практик тал буюу бясалгал нь устаж арилаад саяхнаас эргэж сэргэж байгаатай бас холбоотой байх. Толгой чинь өвдвөл анальгин гэж хэд ч уншаад зүгээр болохгүй, уух л хэрэгтэй шиг гэх үү дээ.
Учир шалтгааныг одоо эрүүл саруул ухаантай хүн хайдаг болсон цаг шүү дээ. Түвдэд бурхан багш буюу Сидхард Гоутамын ном, бясалгал их хожим дэлгэрсэн байдаг. Тэгээд тэндээс манайд ирсэн гэх ч бүр өмнө Нагаржуна гэх мэт олон суутнууд төгссөн Энэтхэгийн Наландрийн их сургуулиас ирсэн гэх эх сурвалж бас байгаа шүү. Энэ гэхдээ маш урт яриа болчих учир товчлох нь дээр. Хэдэн тарни буюу түвд шүлэг сонсоод л бүх юм зүгээр болчихно гэдэг сургуулийн хүүхэд ч итгэхэд бэрх биз дээ.
Ганжуурыг манай бясалгалын багш Д.Ширэндэв бүр пали эхээс нь орчуулсан, одоо найман боть гарчихсан байгаа. Аваад уншиж байгаа нь тун ховор хэрнээ өөрөө огт ойлгохгүй түвд хэлээр хэдэн шад тарни мөнгө төлөөд хэлүүлэх хүн нь тоймгүй олон.
Энэ бас л цаг хугааны асуудал юм шиг. 1990 оноос сэргэсэн шашин яг номондоо ортол бас хугацаа хэрэгтэй шүү дээ. Шашин ч гэсэн ардчилал шиг л юм болж байна даа. Гурван улсын үлгэр эхлэхдээ “Дэлхий дахины байдал салаад удвал эрхгүй нийлмүй. Нийлээд удвал эрхгүй салмой…” гэдэг дээ.
-Хүн бүрийн сэтгэл, оюуны сав өөр гэлээ. Эгэл, энгийн хүмүүс ер нь юуг анхаарах ёстой юм бэ?
-Үгүй яахав дээ, хүн бүр л аз жаргалтай байхыг бодох нь ойлгомжтой. Аз жаргалд мэдлэг ухааны сав хамаагүй шүү дээ. Зарим нь бичиж бүтээж жаргадаг бол дийлэнх нь түүнийг уншиж, сонсож, үзэж, мэдэрч жаргах жишээтэй.
Үр хүүхэд шиг аз жаргалын үйлдвэр байна уу. Хүн бүрд үртэй байх хувь байдаг биз дээ. Өглөө ажилдаа яаран явдаг, орой гэртээ яаран харьдаг хүн хамгийн аз жаргалтай гэдэг дээ. Хамгийн энгийн зүйлийг их төвөгтэй болгож байгаад бас нэг зовлонгийн шалтгаан байх шиг. Нэг их нухацтай байх хэрэг байхгүй ч байж мэднэ. Хорвоо дэлхийн сайхан нь муугаасаа хамаагүй их шүү дээ. Өнгөрснөөсөө ч сайхныг л дурсаж байх хэрэгтэй. Хүн бүрийн амьдралын сайхан нь муугаасаа хамаагүй илүү. Хэрүүл болгон шахуу л өнгөрснөөс хамаатай байдаг даа. “Чи тэгэхэд тэгээ биз дээ” гээд л эхэлдэг шүү дээ. Ганц, хоёр өдрийн л явдал байхад түүнийгээ мартдаггүй зовлон болгоод л байх юм. Муу юм бодох, муу зүйл ярих нь түүнийгээ л захиалж байгаа хэрэг юм. Зүгээр л сайхан энгийн байхад болно шдээ хө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдэхгүй төвд шүлэгтээ биш ээ хөө тарни гэдэгтээ хамаг учир байгаа бус уу Хэл чух�##� биш сэтгэл чухаг.Бидэнтэй хамт нүдэнд харагдахгүй амьтад гэж бас бий Амьдр�##� харагдаж байгаагаасаа өөр гэдэг дээ Ерөнхийдөө ярилцлага та�##�агдлаа
Санкараг уншаад т�##�д нь орж байна
Гайх�##�тай биширмээр мундаг хүн юмаа Энэ хүний бичсэн болгоныг унших хүсэл төрлөө. Уйлмаар Гунигтай бүлгүүд дууслаа. Нас чацуу шахуу... Гэтэл энэ хүн....
Мундаг шvv!
Инженер науагнямын ирлийз засаг хас тэмдэгийн эргэлтээр эргээд байдаг ирлийзжүүлчихвэл амар гэдэг youtube- ээс үз бяс�##�г�##� болгон дотооддоо нэвтэрч өөрийн сул т�##�аа засах