Германы канцлер Украинд дэмжлэг үзүүлэхээр айлчилж байхад ОХУ Киевт цохилт өглөө
Германы канцлер Фридрих Мерц ням гарагт /2026.10.04/ Украинд гэнэтийн айлчлал хийв. Түүнийг Киевт айлчилж байх үед ОХУ цохилт өгснөөр тус хотод агаарын цохилтоос сэрэмжлүүлэх дохио тасралтгүй дуугарчээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болон Мерц нар дайнд амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлсэн байна. Айлчлалын үеэр Мерц мэдэгдэл хийхдээ, ОХУ-аас хийж буй холимог хорлон сүйтгэх ажиллагаанаас айсандаа Герман Украинд үзүүлэх тусламжаа зогсоохгүй гэжээ. Мөн тэрбээр Украинд 1.1 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Зелеский, Мерц нар хамтран хэвлэлийн бага хурал хийхдээ Москва Украины ард түмний сэтгэл санааг мохоохыг оролдож байна гэжээ. Мерц Герман улсыг Украины хамгийн хүчтэй дэмжигч хэвээр байгааг онцолж, Украины эрчим хүчний салбарын завсарт туслахын тулд 350 сая евро олгоно хэмээсэн юм. Тэрбээр “Бид үүнийг Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд хийж байгаа юм биш. Мөн өөрсдийн ашиг сонирхлын үүднээс, Европын аюулгүй байдлын асуудал учир хийж байна” гэжээ. Европын орнууд ОХУ-ыг холимог хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна гэх мэдэгдлийг Кремль үндэслэлгүй гэж мэдэгдэж байгаа юм.
Мерцийн хэлснээр Украинд 1.1 тэрбум ам.долларын тусламж өгөх болсноос гадна Украины засгийн газартай Германы компаниуд 7.4 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зуржээ. Жишээлбэл Украины засгийн газар Германы “Diehl Defense”компанийн IRIS-T агаарын довтолгооноос хамгаалах пуужин, “Hensoldt”-ийн радарын тоног төхөөрөмж, “Quantum Systems”-тэй тийрэлтэт хөдөлгүүртэй дроныг устгах дрон нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна.
Сүүлийн үед ОХУ тийрэлтэт хөдөлгүүртэй, энгийн дроноос хавьгүй хурдан нисдэг дроноор Киевт цохилт өгөх болсон. Зеленский “Quantum Systems” компанийн бүтээсэн “SPYS” нэртэй тийрэлтэт хөдөлгүүртэй дрон устгадаг пуужинг сайшаан хүлээн авчээ. Мөн Украин, Герман нар батлан хамгаалахын салбарт өргөн хүрээтэй тохиролцоонд гарын үсэг зурахад ойрхон байгаа гэдгийг Зеленский дурдсан юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.