Гэмт хэрэг

Гаалийн долоон байцаагчид тус бүр нэг жилийн хорих ял ногдуулжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг шалгажээ.

Тодруулбал, гаалийн хяналт шалгалт хийхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авсан гаалийн улсын долоон байцаагчид тус бүр нэг жилийн хорих ял ногдуулж, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна.

 АТГ-аас гаалийн улсын байцаагчид бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан байж болзошгүй хэргийг 2026 оны тавдугаар сард илрүүлэн шалгасан аж.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 24 эрүүгийн хэрэгт гаалийн улсын байцаагч 40, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 31 буюу нийт 71 хүнийг яллагдагчаар татжээ.

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдээс гаалийн улсын долоон байцаагчид хахууль авсан гэмт хэрэгт нэг жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь хассан байна. Мөн хахууль өгсөн гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зургаан хүнд тус бүр ₮2.7 саяар торгох ял, нэг хүнд ₮4 саяар торгох ял оноожээ. Харин хахууль авах, өгөх гэмт хэрэгт холбогдсон нэг гаалийн улсын байцаагч, нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус бүр нэг жил нэг хоногийн хорих ял ногдуулсан байна.

Одоогоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд эрүүгийн нэг хэрэг, Нийслэлийн прокурорын газарт 18 хүнд холбогдох эрүүгийн гурван хэргийг шүүхэд шилжүүлэхээр хянаж байгаа бол дөрвөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.

Г.САНСАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button