
Дэлхийд цор ганц Монголын Их говьд оршин амьдардаг, 50 хүрэхгүй бодгаль мазаалай баавгай болон тэрхүү үнэт зүйл амьтныг манай гарагийн үүслийн ул мөртэй хамтад хадгалан хамгаалж, судалж шинжилж буй байгаль хамгаалагчид, эрдэмтэн судлаачдын тухай хүүрнэдэг “Их Говийн манаач” баримтат кино олон улсын нэр хүндтэй кино наадамд эх орноо төлөөлөн оролцож, шагнал хүртсээр байна.
Найруулагч Э.Ган-Очир, продюсер Ж.Мядагбадам нарын анхны хамтын бүтээл болох энэхүү баримтат кинонд Монголын Их говийн салшгүй хэсэг-Алтайн өвөр говийн үзэсгэлэнт төрх, онгон дагшин байгаль, түүнийг оршоогч сахиус савдаг ч гэгддэг мазаалай баавгай тэргүүтэй Төв Азийн унаган төрөл зүйлүүдийг залуу биологчийн амьдралтай холбон өгүүлсэн билээ. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн сүүдэрт эх байгалиа онгон дагшин, оршин буй байдлаар нь ирээдүй хойчдоо өвлүүлэхээр тэмцэж буй иргэний нийгмийн дуу хоолойг ч тусгаснаараа онцлог юм.

Эх байгалиа хамгаалах үйлсэд дэлхий нийтийг уриалж буй уг баримтат кино 2026 оны нэгдүгээр сард Говийн Их Дархан Цаазат Газрын түүхт 50 жилийн ойд зориулан нээлтээ хийсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дараах амжилтуудыг үзүүлээд байна.
Тухайлбал, “Их Говийн манаач” бүтээл удахгүй болох Энэтхэг, Өмнөд Солонгосын кино наадмуудын "Official Selection" хэсэгт шалгарч, олон орны шилдэг бүтээлтэй өрсөлдөхөөр боллоо.

- Энэтхэг улсын Колкот хотод арваннэгдүгээр сарын 20-24-нд зохион байгуулагдах “Fest5” олон улсын кино наадмын албан ёсны үзвэрийн хэсэгт толилуулагдахаар шалгарав.
- Өмнөд Солонгос нийслэл Сөүл хотноо аравдугаар сарын 23-26-нд болох “Seoul Whistler” олон улсын кино наадамд өрсөлдөхөөр мөн шалгараад байна.

- Британид өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан “MegaFlix” олон улсын кино наадмын “Шинжлэх ухаан болон байгаль орчны шилдэг кино”-гоор шалгарсан билээ.
- АНУ-д наймдугаар сард зохион байгуулагдсан “Angeles Documentary” олон улсын баримтат киноны наадмын “Шилдэг зураглаач”-аар шалгарсан юм.
- Бангкокийн кино наадмаас “Кино шүүмжлэгчдийн нэрэмжит шилдэг баримтат кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эмэгтэй уран бүтээлч”, “Шилдэг гэрэл зураг”, “Шилдэг зураглаач”-аар шалгарав.

- Болгар улсын нийслэл Софи хотноо зохион байгуулагдсан “Golden FEMI” олон улсын кино наадмаас “Алтайн Өвөр Говийн Алтан Мазаалай” алтан цом хүртсэн түүхтэй.
- Өмнөд Солонгос улсын Бусан хотноо зохиогдсон “Монголын кино өдрүүд”-ийн нээлтийн киногоор шалгарлаа.
Дэлхий дахины анхаарлыг татаж буй мазаалай баавгай түүнийг сахин хамгаалагчдын түүхийг өгүүлэх монгол залуусын бүтээл энэ удаад Өмнөд Солонгос, Энэтхэгийн үзэгчдийн хүртээл болох нь ээ.

Р.БОЛОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.