Нийгэм мэдээ

А.Баярцэцэг: Б.Баатарыг цагдан хорьж, төслийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харах хүнд байна

"Монгол хаан" жүжгийн гүйцэтгэх продюсер, жүжигчин А.Баярцэцэг 30 хоног цагдан хоригдсон "Херо энтертайнмент"-ийн гүйцэтгэх захирал, найруулагч Б.Баатарын талаар дараах байр суурийг илэрхийллээ.

Ингэхдээ "Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй. Харин тэр их дуу чимээний цаана, нүдэнд өртөхгүй шахам чимээгүйхэн, хүний хэн байж ирсэн, юу бүтээсэн, юунд амьдралынхаа он жилүүдийг зориулсан тухай илүү том үнэн үлдэж байдаг.

Сүүлийн хэдэн өдөр Найруулагч Б.Баатарын тухай маш олон зүйл бичигдэж, яригдаж байна. Хүн бүр өөр өөрийн өнцгөөс харж, өөр өөрийн дүгнэлтийг хийж байна. Заримдаа хэдхэн гарчиг, хэдхэн сошиал пост бүхэл бүтэн хүний амьдралыг шийдчих мэт, хэдхэн өдрийн шуугиан олон жилийн хөдөлмөрийг цовдлох мэт болжээ. Би харин өнөөдөр, хамаг амьтан харааж зүхсэн ч, өөрийн мэдэх Баатар найруулагчийн тухай бичмээр санагдлаа. Учир нь би энэ хүнтэй дөрвөн жил мөр зэрэгцэн уран бүтээл туурвиж, ажиллаж ирсэн. Тиймээс би зөвхөн түүний хийсэн ажлыг бус, ямар бодолтой, ямар сэтгэлтэй, юунд догдолдог, юунд эмзэглэдэг, юуг мөрөөддөг, дотроо ямар ертөнц тээж явдгийг нь тодорхой хэмжээнд мэднэ. Дөрвөн жил гэдэг хүнийг танихад бага хугацаа биш ээ.

Энэ хугацаанд би Найруулагч Б.Баатарыг Монголынхоо тухай ярих бүрдээ нүд нь гэрэлтдэг хүн гэдгээр нь мэднэ. Хийж буй бүтээл бүрдээ эх орныхоо түүх, соёл, өнгө төрх, үнэт зүйлсийг яаж илүү сайхнаар шингээх вэ, Монголыг дэлхийн үзэгчдэд яаж илүү томоор, илүү үнэ цэнтэйгээр харуулах вэ гэж боддог хүн гэдгээр нь мэднэ. Би түүнийг амралтын өдөр гэж амарч байхыг энэ дөрвөн жилд бараг хараагүй. Даваа гараг ч бай, Ням гараг ч бай ажил дээрээ байна. Нэг бүтээлээ дуусгаж амжаагүй байхдаа дараагийнхаа ажлыг бодно. Нэг тайзнаас бууж амжаагүй байхдаа Монголын дараагийн түүхийг дэлхийн хаана, хэнд, ямар хэлээр хүргэх тухай ярьж явна.

Зарим хүн ажлаа хийдэг. Харин зарим хүн ажлаараа амьдардаг. Баатар бол хоёр дахь нь. “Монгол Хаан” ч түүний хувьд зүгээр нэг жүжиг байгаагүй. Тэр энэ бүтээлийг олон арван жил ах дүүгээс өөрцгүй дотно явсан их зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайнхаа гэгээн дурсгалд зориулж, Монголын түүх, монгол хүний сэтгэл, монгол уран бүтээлчдийн авьяасыг дэлхийн тайзанд хүргэхийн төлөө олон жилийг зориулсан. Энэ зам дардан байгаагүй. Сайн муугаар хэлүүлсэн үе ч байсан. Хийсэн ажлыг нь өөр өнцгөөр тайлбарласан, аваагүйг нь авсан мэт, идээгүйг нь идсэн мэт ойлгуулсан мэдээлэл олон нийтэд хүчээр түгэх үе ч цөөнгүй байсан. Худал зүйлийг мянга давтахаар үнэн мэт сонсогддог тэр л хатуу орчин дунд энэ бүтээл явж ирсэн.

Гэсэн ч өнөөдөр “Монгол Хаан” Лондон, Сингапур, Япон, Оросын аугаа тайзнуудад хүрч, дэлхийн 200,000 гаруй үзэгчид Монголын түүх, соёл, театрын урлагийг танилцуулан эх орноо сурталчилсан бүтээл болсон. Олон улсын театрын байгууллагуудаас олон улсын хөрөнгө оруулалт татаж чадсан Монголын цорын ганц театрын бүтээл болсон.

Үүний ард ганц хүний нэр биш, хэдэн зуун хүний хэдэн мянган өдрийн бэлтгэл, хэдэн арван мянган цагийн хөдөлмөр, олон арван олон улсын продюсер, уран бүтээлч, техникийн ажилтнуудын хүч хөдөлмөр, итгэл, эрсдэл, алдаа, амжилт, мөрөөдөл бий. Энэ зам бидний хувьд одоо ч дуусаагүй. Бид гуравдугаар сард Турк улсад тоглох хуваарьтай. Ирэх зун дэлхийн театрын хамгийн нэр хүндтэй тайзнуудын нэг болох Broadway биднийг хүлээж байна. Энэ бол аль хэдийн нэг хүний хувийн мөрөөдөл байхаа больсон. Олон хүний хөдөлмөр, олон улсын гэрээ, Монголын уран бүтээлчдийн нэр хүнд, Монголын нэрийг дэлхийн тайзанд авч яваа бүтэн багийн хувь заяа болсон төсөл.

Тиймээс яг ийм үед Найруулагч Б.Баатарыг цагдан хорьж, төслийн хамгийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харахад үнэхээр хүнд байна. Энэ бол зөвхөн нэг тоглолт хойшлох, нэг тоглолт цуцлагдах тухай асуудал биш юм. Хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж чадахгүй бол олон улсын гэрээ зөрчигдөнө. Санхүүгийн томоохон алдагдал үүснэ. Олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон итгэл, нэр хүндэд сэв сууна. Хамгийн харамсалтай нь Монголын уран бүтээлчид дэлхийн тайзны ноён оргилд хүрэх гэж олон жил бүтээсэн боломж дахин ирэх эсэх нь ч эргэлзээтэй болно. Гэтэл сошиал орчинд явж буй зарим мэдээллийг харахад би байтугай миний эргэн тойрны хайртай хүмүүс хүртэл нөхцөл байдлыг огт өөрөөр ойлгохуйц л өрнөөж байна.

“Идэж уусан юм байна. Баригдсан юм байна. Тэгээд л явчихлаа” гэж бодогдохоор. Гэтэл бодит процесс нь үүнээс хавьгүй өөр, хавьгүй олон асуулттай өрнөж байна. Би хуульч биш. Би шүүгч ч биш. Хэнийг ч гэм буруутай, гэм буруугүй гэж эцэслэн дүгнэх эрх надад байхгүй. Гэхдээ иргэн хүний хувьд асуулт тавих, эргэлзэх, хардах эрх надад бий.

Найруулагч Б.Баатарт өмнө нь хилээр гарах хязгаарлалт тавьж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Шүүх хуралдаанаар түүнийг цагдан хорих хангалттай үндэслэлгүй, хүнийг зөвхөн таамаглалд тулгуурлан хорьж болохгүй гэсэн шийдвэр гарсан. Гэтэл ердөө хоёрхон хоногийн дараа прокурор гомдол гаргаж, 20-хон минутын дараа дахин хурал товлогдож, хоёрхон цагийн дотор асар хурдан хурал нь эхэлж, өмнөх шүүгчээ өөр хүнээр солин, улмаар цагдан хорих шийдвэр гарч, түүнийг авч явсан нь үнэн билээ. Эндээс энгийн хүний хувьд хэд хэдэн асуулт өөрийн эрхгүй төрнө. Хэрэв хилээр гарах эрх нь аль хэдийн хязгаарлагдсан, мөрдөн шалгалтаас зугтах боломжгүй байсан бол заавал цагдан хорих ямар шаардлага байсан юм бэ?

Хэрэв хоёрхон хоногийн өмнө цагдан хорих хангалттай үндэслэлгүй гэж үзсэн бол тэр хоёр хоногийн дотор яг юу өөрчлөгдсөн юм бэ? Хэрэв хүний гэм бурууг баримтаар тогтоох ёстой бол яагаад олон нийтийн дунд түүнийг аль хэдийн ял авсан мэт ойлгуулах, цовдлох уур амьсгал бүрдээд байна вэ?

Тэр тусмаа олон нийтэд залилан, мөнгө угаалт гэх үгс давамгай сонсогдуулж байгаа атлаа Найруулагч Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэх ноцтой, өргөн хүрээтэй, тодорхойгүй зүйл ангиар хорьж байгаа нь хонгилдож байгаа мэт хардах сэтгэгдэл төрүүлж байна.Би мэдээж хууль тайлбарлах хүн биш. Хэний ч өмнөөс шүүхийн шийдвэр гаргахгүй. Гэхдээ нэг зүйлд итгэдэг.

Хүний гэм бурууг шүүх тогтоохоос өмнө олон нийт тогтоочихож болохгүй. Хэн нэгний нэрийг эхлээд нийгмийн өмнө хүчээр нураачихаад, дараа нь үнэнийг хайдаг байж болохгүй. Хүний амьдрал гэдэг ганц мэдээ биш. Хүний хөдөлмөр гэдэг ганц гарчиг биш. Хүний бүтээсэн зүйлс гэдэг нэг өдрийн сенсаацаар арчигдчихдаг зүйл биш.Миний мэдэх Баатар бол Монголынхоо төлөө сэтгэл гаргаж явсан хүн. Монголын уран бүтээлчдийг дэлхийн тайзанд хүргэхийн төлөө зүтгэсэн хүн. Амарч суухаас илүү бүтээж явахыг сонгосон хүн. “Монгол Хаан”-ыг зүгээр нэг жүжиг бус, Монголын тухай дэлхийд ярих нэгэн том дуу хоолой болгохын төлөө амьдралынхаа олон жилийг зориулсан хүн.Үнэн нь баримтаар л тогтоогдож, шүүх нь шударгаар шүүж, харин тэр хүртэл бид хүнийг хүн хэвээр нь үлдээе" хэмээсэн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zailaa

Зочин
Зочин

Яг штээ,

Зочин
Зочин

Лондонд баваа шаваатай бсанг чинь мэдэх юм бна шүү.

Зочиpн
Зочиpн

данхыг бол үнэхээр дэмждэггүйв учрал зандан хүүк ч адилдааа. яахав данхад дохио өгөөд ба хүүкээс

Зочин
Зочин

Энэ одоо юу гээд байгаа юм

Zochin
Zochin

Ehner n bish bain, uur huuhen baidag

Холбоотой мэдээ

Back to top button