Ц.Ганзориг: Бага тэнгэрийн хаус, "Андууд тауэр", "Юнайтед молл" цөм Ерөнхийлөгчтэй хамааралгүй, хувь хүний хөрөнгүүд

Олон нийтийн дунд эргэлзээ, төөрөгдөл үүсгээд буй асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хэвлэлийн хорт хавдар хэлж болохуйц, микрофон барьж, шантааж хийдэг энэ үйлдэл удаан яваад байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар үүнтэй эвлэрэхгүй. Өчигдөр бүх баримтаа цагдаагийн байгууллагад барьж очоод мэдүүлсэн. Шантааж гэх зүйл сэтгүүлзүйн нэр хүндэд хэрхэн нөлөөлж байгааг, та бүхнийг ажил үүргээ биелүүлэхэд хэрхэн нөлөөлж байгааг харж байгаа. Нэг өдөр, нэг сарын дотор гарч ирээгүй мэдээлэл.
Гол мэдээлэл рүүгээ оръё. Ерөнхийлөгчийг нууц хөрөнгөтэй мэт мэдээллийг цахим орчин, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр төөрөгдөл үүсгэх байдлаар явуулсан. Энэ асуудал анх 2025 оны есөн сард гарч байсан. Хууль хяналтын байгууллагаас тогтоосон асуудал.
Эхний асуудал. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нууц хөрөнгүүд буюу Бага тэнгэрийн хаусууд гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл худал. Энэ бол хувь хүний хөрөнгө. Хэнийх гэдгийг би зарлахгүй, Ерөнхийлөгчтэй ямар ч хамаагүй хүний хөрөнгө. Та бүхэн эрэн сурвалжилж болно. Тухайн өмчлөгч зөвшөөрөх юм бол өөрийн хөрөнгөө зарлах байх.
Хоёр. У.Хүрэлсүхийн барьж буй "Андууд тауэр" гэх мэдээлэл мөн худал. Ерөнхийлөгчтэй огт хамааралгүй. 2025 оны есөн сард энэ бичлэг гарч ирэхэд хууль хяналтын байгууллагынхан шалгаж тогтоосон. Эзэн холбогдогч нь тогтоогддог. 3-4 хүн холбогдсон. Захиалга өгсөн, төлбөр шилжүүлсэн, гүйцэтгэлийг нь хийсэн хүнийг орон байраар хангасан харилцаа холбоо хөдлөшгүй баримтаар тогтоогдсон асуудал. Өнөөдөр дахиж гаргаж ирсэн нь ямар зорилготой вэ.
Гурав. Нямдаваа гэх бизнес эрхэлдэг залуугийн хэрэглэдэг тансаг зэрэглэлийн үнэтэй машинууд нь Ерөнхийлөгчийн машин, мөнгийг нь угаадаг гэх мэдээллийг цацсан. Иргэний гомдлоор мөрдөн шалгаж, тогтоосон. Зорилготой мэдээлэл түгээсэн хүн БНХАУ руу оргон зайлсан, тэнд орогнож байгаа. Г.Золзаяа гэх хүн. Х.Нямбаатарын хэвлэл байсан нь тогтоогдсон.
Дөрөв. Өнөөдөр л гэхэд "Юнайтед молл" гэх газрыг Ерөнхийлөгчийнх гэх мэдээлэл гарлаа. Энэ худал мэдээлэл. Өдөрт л нэг хувь хүн, ААН-ийн хөрөнгийг Ерөнхийлөгчийнх гэж зарлах боллоо. Энэ мэдээллүүд гадаад улсад ямар харагдах вэ. Энэ барилга Яармагт байдаг гэсэн. Та бүхэн сурвалжилж үзээрэй.
2020 онд Ерөнхийлөгч ХОМ-ээ АТГ-т мэдүүлсэн. Тэр цагаас хойш байр худалдаж авсан асуудал байгаа. Аялал жуулчлалын асар том ресорттой гэж мэдээлэгдээд байгаа. Гэтэл ХОМ дээр байгаачлан аялал жуулчлалын газартай. "Илт хаан" гэх компанийн 58 хувийг эзэмшдэг. 10 гаруй дүнзэн байшин, 10 гаруй гэртэй амралтын газар байдаг.
Сэтгүүлч А.Шинэбаярын тухайд гэвэл, архины ширээний ард А.Шинэбаяр сэтгүүлчтэй уулзсан тохиолдол байхгүй. Тэр сэтгүүлчтэй нэг удаа уулзаж, нэг удаа утсаар ярьж байсан. Энэ хавраас хойш А.Шинэбаяр гэх сэтгүүлч баримтгүй мэдээллээр Ерөнхийлөгч рүү удаа дараа халдсан. Баримт чинь худлаа байна гэж нөхөрсөгөөр сануулах гэж оролдсон. Шалдар булдар хэрүүлээр хэвлэлийн хурал хиймээргүй байна. Шантааж, сэтгүүлзүй хоёрын хэн нь үлдэх вэ.
Гадаад руу айлчлалд авч явахгүй бол та нарыг харлуулна, дайрч доромжилж үзүүлнэ, байхгүй болгоно, жинхэнэ ид шидээ үзүүлнэ гэдэг. Хамгийн багадаа зургаан хүн цалинжуулах, оффис түрээсэлж өгөх, машин унаа сольж өгөх, камер сольж өг гэж тулган шаардсан. Ийм хэмжээний мөнгө надад лав байхгүй.
Мөн хөдөлмөрийн баатар цол өг гэсэн. Үгүй бол үхдэл болгож харуулна гэж байна. Сэтгүүлчийн ажил, хардах эрхийг хэн хүнгүй гараа өргөөд дэмжинэ. Гэтэл хэвлэл мэдээллийн хорт хавдар болсон цөөхөн хэдэн хүмүүсээсээ болж нийгэмд нэр хүндээ алдаж болохгүй. Ардчиллын амин зүрх зогсож болохгүй биз дээ" гэв.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарга сайд болохоороо хулгай хийсэн хөрөнгөө нууж, ах дүү, амраг садандаа шилжүүлчихээ мэдэх байлгүй дээ. Мие хүртэл ордны хойно газар өгсөн ш дээ гээд орилоод байхад нэг их ариун царайлж гэнэ.Новш чинь.